Улстөр
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2015 08 сар 04
・ 1
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд энэ удаагийн ээлжит бус чуулганыг хууль бус гэж үзэж буйгаа мэдэгдсэн. Түүнчлэн зарим иргэний зүгээс ч УИХ-ын дарга Дэгийн тухай хууль зөрчин өргөн бариагүй асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан хэмээн үзэж, Үндсэн хуулийн Цэцэд хандахаар болсон. Мөн Ерөнхий сайд танхимын сайд нараа огцруулах асуудлыг өргөн бариагүй байхад УИХ-ын дарга дур мэдэн хэлэлцэх асуудалд багтаасан нь спикер гүйцэтгэх засаглалын тэргүүний бүрэн эрхэд нөлөөлөх гэсэн оролдлого байж магадгүй гэж тайлбарлах хүн ч бий. Ямартай ч энэ асуудлаар болон ээлжит бус чуулганыг ямар тохиолдолд ямар асуудлаар зарлан хуралдуулдаг талаар өмнө нь УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Лүндээжанцан гишүүний байр суурийг сонирхлоо.
-Танай бүлэг энэ удаагийн ээлжит бус чуулганыг хууль бус гэж дүгнэсэн. Яагаад ингэж дүгнэснийг та хууль зүйн талаас тайлбарлана уу. Түүнчлэн энэ удаад хэлэлцэх гэж буй асуудлууд заавал ээлжит бусаар хэлэлцэх асуудал мөн эсэхэд таны байр суурь ямар байгаа вэ?
-УИХ-ын ээлжит бус чуулган эхэлсэнтэй холбоотой манай бүлэг өчигдөр /уржигдар/ хуралдсан. Ээлжит бус чуулган ямар зорилгоор, яаж хуралдах ёстой юм бэ гэдэг Дэг хуульдаа бий. Тодруулбал, өргөн барьсан асуудлаас гадна тодорхой тулгамдсан асуудлаар хуралдах учиртай. Гэтэл энэ удаад хэлэлцэх гэж байгаа асуудал нь яг тулгамдсан эсэх нь эргэлзээтэй. Төрийн асуудал бол тодорхой дэг жаягтай, дүрэм журмынхаа дагуу буюу “тоглоомын дүрэм”-ээрээ явах учиртай. Гэтэл энэ удаагийн ээлжит бус чуулган нэлээд дур зоргын тал руугаа хэлбийчихэв үү дээ гэж би харж байгаа. Өөрөөр хэлбэл, асуудлыг өргөн бариагүй байхад шууд ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр зарлаж байгаа нь хэр зохистой бөгөөд хууль ёсны юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм.
Түүнчлэн ээлжит бус чуулган Онц чуулганы дараа л ордог. Өөрөөр хэлбэл, ээлжит бус чуулганаар улс орны, тулгамдсан, гарцаагүй чухал асуудлыг хэлэлцдэг. Жишээлбэл, Эрүүгийн хуулийг би чухал бус гэж хэлэхгүй. Гэхдээ улсын Дээд шүүхээс бичиг ирсэн. Хууль үйлчилж эхлэхээс өмнө маш их бэлтгэл хангах хэрэгтэй. Ийм учраас энэ хуулийг намрын чуулганы эхэнд батлаад дараа нь бэлтгэл хангах хугацаа өгөхөд боломжтой. Эрүүгийн хуульболхүнбүрт хамаатай. Монгол Улсын гурван сая иргэнийг хамгаалж байгаа хууль. Ерөөсөө хуульд холбогдолгүй иргэн, улс орон, өмч хөрөнгө, байгалийн баялаг гэж байдаггүй. Биднийг амьд мэнд явуулж байгаа хууль бол Эрүүгийн хууль шүү дээ. Тиймээс энэ хуульд туйлын болгоомжтой хандах ёстой юм. Энэ утгаараа нэгээс хоёр сарын хугацаанд хуулийн байгууллага, мэргэжлийн хүмүүсийнхээ санаа бодлыг сонсох хэрэгтэй. Миний хувьд энэ хуулийн ажлын хэсэгт багтаад явж байгаа. Энэ хуульд сайтар авч үзэх ноцтой асуудал арваад байна.
-Тухайлбал?
-Сууриасаа эхлээд нухацтай авч үзэх хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, тооцооны нэгж гэж орж ирсэн. Энэ бол шинэ юм гэж байгаа ч нэлээд маргаантай асуудал. Хоёрдугаарт, баян хоосны ялгааны асуудал байна. Өөрөөр хэлбэл, төлбөрөө төлсөн л бол хорих ялгүй мултрах нөхцөл үүсэхээр байгаа. Нэг ёсондоо шүүгчид ихээхэн хэмжээний эрх олгож байгаа нь сүүлдээ юу болж хувирдаг бол доо. Ер нь энэ мэтээр эргэлзэх сэтгэл цөөнгүй байгаа учраас энэ бүгдийг арилгах үүднээс тодорхой хугацаа хэрэгтэй гэж хараад байгаа юм. Энэ бүхнийг бид хэлж, яриад завсарлага аваад байхад ээлжит бус чуулган руу тулгаад оруулаад ирж байгааг би хувьдаа зохимжгүй л гэж үзэж байгаа. Түүнээс биш Эрүүгийн хуулийг өөрчлөх ёстой юу гэвэл тийм.
-Ч.Сайханбилэг сайд намын дарга нь Ерөнхий сайд байх нь зүйтэй гээд шаардлага хүртэл хүргүүлчихсэн. Гэтэл УИХ-ын дарга нь намын дарга байгаа нь хэр зохимжтой юм бэ гэдэг асуулт бас гарч ирээд байна л даа?
-Гадаадад спикер хүн зөвшилцлийн үндсэн дээр асуудлаа явуулдаг. Даргын дэргэдэх зөвлөл нь маш хүчтэй, зөвшилцлийн үндсэн дээр хэлэлцэх асуудлаа тохирдог. Дээр нь санал өгөх ч эрхгүй байх жишээтэй. Тийм учраас ээлжит бус чуулганаар жишээ нь Үндсэн хуулийн нэмэлт юмуу Сонгуулийн хуулийг хэлэлцэх нь тулгамдсан асуудал байж магадгүй. Түүнчлэн өвөлжилтийн байдалтай холбоотой гэх мэт үнэхээр тулчихсан асуудал байж болно. Өнөөдрийн хувьд эдийн засаг донсолгоотой байна. Дээр нь төрийн тогтолцоогоо зөв болгох асуудал байна. Энэ мэт асуудлаа яривал яасан юм бэ л гэж байгаа юм. Эрүүгийн хуулийг нэн чухал асуудал биш гэж хэлээгүй, гэлээ гэхдээ үүн дээр бодож тунгаах хугацаа хэрэгтэй байгаа юм. Тэртэй тэргүй Улсын Дээд шүүхээс 2016 оны долдугаар сарын 1-нээс хойш л хуулийн өөрчлөлтийг хүчин төгөлдөр болгох нь зүйтэй гэдэг санал ирүүлчихсэн учраас яаран сандран ээлжит бус чуулганаар хэлэлцэх шаардлагагүй гээд байгаа юм шүү дээ. Ер нь цаашдаа жишээ нь Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлт гэж шүүмжлээд байгаа зүйл заалт буюу УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүд дотроос нэр дэвшүүлж, нууцаар санал хурааж сонгоно гэдэг заалтаа сэргээх хэрэгтэй байна. Тэр бүү хэл, УИХ-ын дарга нь намаас түдгэлзэх юмуу санал өгдөггүй байх нийтийн жишиг рүү явж байж төр, нам хоёр байр сууриа эзлэхэд хэрэгтэй болох юм гэдэг нь харагдаж байна шүү дээ.
М.ӨНӨРЖАРГАЛ
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.