Арын сайхан хангай нутгийн залуус чуулав

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2015 08 сар 05

Залуу нас гэдэг хүний амьдралын хамгийн сайхан эрч хүчтэй, гэгээн тунгалаг ертөнц байдаг гэдгийг Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг Хунгийн тохой хэмээх газар болж өнгөрсөн “Залуус-Бид хамтдаа” 1000 залуусын чуулга уулзалтын үеэр олж харсан юм. Сум бүрээс төлөөлөн оролцож буй үе тэнгийн залуусын хүсэл мөрөөдөл, хиргүй тунгалаг яриа хоёр өдөр үргэлжилсэн билээ. Тус чуулганд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга, “1000 залуусын чуулга уулзалт”-ыг санаачлагч Ж.Мөнхбат, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхийлөгч, Уул, уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүн Б.Мөнхбат, Архангай аймгийн МАН-ын хорооны дарга Ц.Мөнхнасан, тус аймгийн НАМЗХ-ны дарга Б.Отгонбаяр нар оролцсон юм. Уг чуулганы зорилго нь залуусын өмнө тулгамдсан ямар асуудал байна, түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг залуустай ойр байж, харилцан ярилцах, залуусын хүсэл зориг, оюун бодлыг сонсоход оршдог болохыг чуулганы санаачлагч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нээлтийн үеэр онцолсон. Ингээд чуулганы үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр “Монголын хүн амын 60 гаруй хувь нь залуус байдаг. Монголыг залуучуудын эх орон ч гэж ярьдаг. Тиймээс залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, юу хүсч тэмүүлж байна вэ гэдгийг сонсох нь чухал. Гэхдээ зүгээр нэг амнаас ам дамжиж биш дунд нь орж сонсоно гэдэг өөр хэрэг. Мөн тулгамдсан асуудлын гарцыг хамтдаа эрж олоход чухал үүрэгтэй арга хэмжээтэй. МАН-ын дэргэдэх НАМЗХ бол энэ арга хэмжээг амжилттай сайхан зохион байгуулж байна. Одоогоос есөн жилийн өмнө Архангай аймагт анх зохион байгуулагдаж байсан арга хэмжээг энэ жил 21 аймагт зохион байгуулахаар боллоо. Есөн жилийн өмнө анх санаачлан зохион байгуулж байсан хүний хувьд энэ бол баяртай мэдээ” хэмээсэн.

Анх 2006 онд МАН-ын одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат МАСЗХ /одоогийн НАМЗХ/-г удирдаж байхдаа төрсөн нутгаасаа эхлүүлж байсан эл чуулган өнөөдөр орон даяар өрнөж, мянга мянган залуусын зүрх сэтгэлд хүрсэн сайхан арга хэмжээ болон өргөжиж байгаа ажээ. Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуусын зүрх сэтгэлийн үгийг сонсох, асуудлыг шийдвэрлэх эрхэм үүргийг хүлээсэн хүн нь НАМЗХ-ны Ерөнхийлөгч, Уул, уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн юм. Чуулганы үеэр түүнтэй уулзаж сэтгэгдлийг нь сонсоход “Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа малчин залуусын өмнө тулгарч байгаа асуудал өөр өөр байдаг. Энэ асуудлыг холоос сонсоод шийдэж чадахгүй л дээ. Тийм болохоор ойртож, дотор нь орж зовлон жаргалыг сонсож байж шийдвэрлэх нь зөв. Ерөнхийдөө бидний зохион байгуулж буй “Залуус-Бид хамтдаа” 1000 залуусын чуулга уулзалтын гол зорилго нь тэдэнтэй ойр байж, асуудлыг шийдэх гарцыг олоход л оршиж байгаа юм. МАН-ын Ерөнхий бичгийн дарга Ж.Мөнхбатын санаачлан эхлүүлсэн эл ажлыг энэ жил орон даяар буюу 21 аймагт зохион байгуулахаар болсон байгаа” гэсэн юм.

“Залуус-Бид хамтдаа” чуулга уулзалтын нэгэн шинэ арга хэмжээ нь нэг өдрийн дотор хамгийн олон лайк цуглуулах, хамгийн олон гишүүнтэй групп үүсгэх “Цахим НАМЗХ” фэйсбүүк хуудас, групп уралдаан байлаа. Сум бүрээс ирсэн залууст энэхүү арга хэмжээ үнэхээр шинэлэг байсан агаад тун ч идэвхтэй оролцож байв. Энэхүү уралдаанд оролцсон багуудаас 2600 гишүүн нэгтгэснээрээ Чулуут сумын баг тэргүүн байр, Өндөр-Улаан сумын баг дэд байр, Өгийнуур сумын баг гуравдугаар байрт тус тус шалгарсан юм. Монголд тэр дундаа хөдөө орон нутагт сансрын хиймэл дагуул ашиглан утасгүй интернэт цацаж, залуусын дунд анх удаа цахим уралдаан зохион байгуулснаараа уг тэмцээн тун онцлог болсон билээ.

Чуулга уулзалтын хүрээнд багуудын дунд зохион байгуулагдсан олс таталт, буухиа, воллейбол зэрэг спорт, урлагийн уралдаан тэмцээнүүд нь залуусын авьяас, авхаалж самбаа, эв нэгдэл, зохион байгуулах чадварыг сорьсон. Тэмцээн уралдааны нийлбэр дүнгээр Эрдэнэбулган сумын баг амжилттай оролцож тэргүүн байрт шалгарч цомын эзэд болсон юм. Үндэсний бөхийн барилдаанд аймаг, сум, цэргийн цолтой нийт 128 бөх зодоглосноос Батцэнгэл сумын харьяат аймгийн заан Ж.Дагва-Очир түрүүлж, тус сумын харьяат  сумын заан Э.Даваажаргал үзүүрлэсэн. Мөн ажил хөдөлмөр, амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлж буй залуус салбар яамдын болон НАМЗХ-ны шагналаар шагнагдсан юм. Энэ үеэр хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлсэн Аймгийн заан Ж.Дагва-Очирын сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Жил бүр зохион байгуулагддаг энэ арга хэмжээ үнэхээр сайхан болдог. Залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, залуусын өмнө ямар асуудал тулгамдаад байна, энэ асуудлыг шийдэхэд ямар гарц байж болох вэ зэргээр санал бодлоо солилцдог үр дүнтэй арга хэмжээ. Мөн аймгийн бүхий л сумын залуучууд арга хэмжээг хэзээ болох бол гэж тэсэн ядан хүлээдэг болсон. Энэ жилийн хувьд сумдын наадмаас ч илүү өргөн дэлгэр сайхан болж байгаад баяртай байна. “Ирэх жилийн чуулга уулзалт хүртэл яаж хүлээнэ ээ” гэж ярих хүнтэй олон таарлаа. Ямар ч байсан залуусын зүрх сэтгэлд хүрсэн сайхан арга хэмжээ болж байна” гэв.

Арын сайхан хангай нутгийн залуус хоёр өдрийн турш найзалж нөхөрлөж, өөрсдийн өмнө тулгамдсан асуудлыг ярьж хэлэлцэх, тэрхүү асуудлыг хэрхэн даван туулах гарцыг хайх зэргээр үр дүнтэй чуулган болсныг дор бүрнээ магтан сайшааж байсан. Мөнхүү урлаг, спортын төрлөөр өрсөлдөж, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлсэн сайхан арга хэмжээ болсонд талархах хүн цөөнгүй байлаа.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх