Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 06
・ 4
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт МАН-ын бүлгийн дүгнэлтийг уншиж танилцууллаа. Уг дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“...Монголын ард түмэн,
УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,
МАН эдийн засгийн хүндрэлийг даван туулах, улс төр, нийгмийн тогтвортой байдлыг бий болгохын тулд АН-ын гуйлт хүсэлтийг хүлээн авч Засгийн газарт орж ажилласан. Энэ нь хямралыг биш тогтворжилтыг, эвдрэлийг биш зөвшилцлийг, бэрхшээлийг биш боломжийг, намын биш улс орны эрх ашгийг эрхэмлэсэн сонголт байлаа. Ийм сонголт хийхэд, түүнийгээ түмэн олондоо тайлбарлан таниулах, намын гишүүддээ ойлгуулахад амар хялбар байгаагүй ээ. Биднийг ийм сонголт хийхийг гуйж, намын Бага хурлын гишүүдэд учирлаж хүссэн захидал илгээж, бүлгийн хуралд суун зовлонгоо тоочиж, Засагт хамтрах шийдвэрийг алгаа тосон талархан хүлээж авч байсан АН-ынхан замын дундаас зангаа хувиргалаа. 2012 оны сонгуулийн өмнө хамтран ажиллаж байхдаа ч гэрээгээ дангаараа цуцалж Засгаа орхин гарсан. Өнөөдөр бас гэрээгээ дангаараа цуцлан Засгийн газраас гарахыг шаардлаа. 1996 онд АН-ынхан сонгогчидтойгоо гэрээ байгуулаад амласандаа хүрээгүйг ард түмэн бидэнд ойрын өдрүүдэд дахин санууллаа. АН-тай байгуулсан гэрээ, гэрээ биш гэдгийг олон түмэн ам дамжуулан ярьж байна. "Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио" гэдэг ардынхаа сургаалийг эргэцүүлэн дүгнэлт хийе.
МАН-ыг хамтарсан Засгийн газарт ороход хууль, шударга ёс уланд гишгэгдсэн, худал мэдээллээр бүхнийг халхавчилсан, эдийн засаг бүхэлдээ хямралын байдалд орсон, төрд итгэх ард түмний итгэл алдарсан, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчдыг хянах, цагдах ажил гаарсан байсан. Улс орон цаашид ийм замаар явах боломжгүй нөхцөл үүссэн байлаа. Үүнийг эрх баригч АН-ынхан Та бүхэн сайтар ойлгож, хүлээн зөвшөөрч зөвхөн зөвшилцөл л энэ байдлаас гарах арга зам гэж тодорхойлж байсныг эргэн нэг сануулъя.
МАН өөрсдийгөө, намаа, сонгуулиа бодсон бол хамтарсан Засгийн газарт орохгүй байсан гэдгээ тодорхой илэрхийлсэн. Хариуцлагатай, туршлагатай, тулхтай улс төрийн хүчний хувьд хүнд хэцүү байдлаас хойш суух эрх бидэнд байгаагүй ээ.
2014 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр АН-ын дарга З.Энхболд та манай намын бүлэгт мэдээлэл хийхдээ "АН өнгөрсөн хоёр жил алдаа хийжээ. Н.Алтанхуягийн үйл ажиллагаа буруу байжээ гэдэг дүгнэлт хийгээд Энхболд гэдэг хүнийг гаргаж ирж байна. Хамтарч ажиллах тал руугаа явж магадгүй гэж л намайг сонгож байна шүү дээ. Би бол хамтраад явъя гэж байгаа юм. Үүнээс өөр зам харагдахгүй байна" хэмээн МАН-ыг засагт орохыг урьсан. Гэтэл АН-ын дарга З.Энхболд та 9 сарын өмнө ингэж хэлж байсныхаа яг эсрэг ажиллаж эхэллээ. "Хамтарч ажиллахаас өөр зам харагдахгүй байна" хэмээн учирлан гуйж байснаа мартаад "Хамтарч ажиллахаас татгалзаж байна" хэмээн сүржин мэдэгдэл хийх боллоо. Улс эх орныхоо эрх ашгийн төлөө хамтран ажиллах тухай таны ой санамж ийм богинохон байсанд харамсал илэрхийлье.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Өнөөдөр Та бид Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлөхөөр ээлжит бусаар хуралдаж байна. УИХ-ын ээлжит бус чуулганыг МАН-ыг Засгийн газраас гаргах АН-ын шийдвэр дээр үндэслэн зарласан нь төрийн дээр улс төрийн нам гарсны тод жишээ юм.
МАН Засгийн газарт ажилласан хэдэн сарын хугацаанд улс эх орны нийгэм, эдийн засагт олон эерэг үзүүлэлтүүд гарлаа. Эдийн засгийн эрчимтэй хямралын эрч сулран татарлаа. Улс төрийн тогтворгүй байдал намжсан. Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх эхлэл тавигдсан.
Эрх баригчдын амин хувийн эрх ашигтаа нийцүүлсэн төсвийн замбараагүй байдлыг цэгцлэн нягталж Монгол Улсаа нэгдсэн нэг төсөвтэй болголоо. Дарга нарын найз нөхөд, хамаатан садандаа зориулан гаргасан төрийн данхар бүтцийг хумиж, давхардсан орон тоог цомхотгууллаа. Нийслэлийг 2, бусад бүх шатны Засаг дарга, УИХ-аас томилогддог байгууллага, Засгийн газрын агентлаг тус бүр нэг орлогч даргатай, орон тооны зөвлөхгүй байхыг хуульчлан батлуулав. Засгийн газрын тусгай сангуудыг цэгцэлж, тэвчиж болох бүх зардлуудыг танууллаа.
“Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр"-ийг санаачлан батлууллаа. Өрийн менежментийг боловсронгуй болголоо. Төсөв, мөнгөний оновчтой хатуу бодлогын үр дүнд 2012 оноос хойш алдагдалтай гарч байсан төлбөрийн тэнцэл энэ оны тавдугаар сараас эхлэн анх удаа алдагдалгүй гарлаа. Орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болголоо. Анх удаагаа "Түрээсийн орон сууц" хөтөлбөрийг батлуулав. Тавантолгойн ордын хүнд даацын машинуудыг шороон замаар тээвэр хийдгийг зогсоосон. Евро стандартыг нутагшуулах зорилгоор "Үндэсний чанарын бодлого-Үндэсний чанарын хөтөлбөр"-ийг боловсруулах ажлыг эхлүүлэв.
Ард иргэдийн автомашиныг ачих, дугуйг нь хууль бусаар түгжих замаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг эхлүүлэв. Авто замын салбарын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Эрдэнэ-Овоот, Гашуунсухайт-Тавантолгойн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх орчныг бүрдүүлэв. 25 жилийн турш шийдэгдээгүй байсан асуудлыг шийдэж Зайсангийн иргэдийг хууль ёсны газартай болголоо. Хууль бус мод бэлтгэлийг зохицуулах эрх зүйн бодитой өөрчлөлт хийлээ. Төрийн ажил хийгээд мөнгөө авч чадахгүй байсан 280 гаруй аж ахуйн нэгжийн асуудлыг шийдвэрлэх гарцыг нээлээ. Төрийн жинхэнэ албан хаагчдад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг төрд ажилласан жилтэй нь дүйцүүлэн шударгаар олгох боломжийг бүрдүүллээ. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээр байгуулж 2015 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 90 тэрбум төгрөг зарцуулахаар батлууллаа.
Бидэнд урагш алхсан, гэрэл гэгээ нэмсэн олон ажлууд байгаагийн заримаас нь дурдахад ийм байна. Гэхдээ бид хийснээсээ илүү ихийг хийхээр хичээн зүтгэж ажилласан. Энэ бүхнийг богино хугацаанд хийж хэрэгжүүлэхэд МАН-аас томилогдсон сайдууд манлайлал үзүүлэн ажилласныг онцлон тэмдэглэж талархал илэрхийлье.
2012 оны сонгуулиас хойш нийгэм, улс төр, эдийн засгийн хүрээнд явуулсан хууль зөрчсөн үйлдлүүд, алдаатай бодлогынхоо бүхий л сөрөг үр дагаврын хариуцлагыг АН-ынхан дангаараа хүлээх болж байна.
Монгол Ардын нам баялаг бүтээгчдээ дэмжиж, татварын болон бусад дарамтыг бууруулан эдийн засагт итгэлцэл, идэвхжлийг нэмэгдүүлэх замаар хямралыг даван туулах бодлого баримталсаар ирсэн. Гэтэл эрх баригчид баялаг бүтээгчдээ дэмжих нь бүү хэл харин ч эсрэгээрээ шинээр татвар бий болгож, хууль хяналтын байгууллагаар хүч далайлган шалгаж, дарамталж байна. 11260 аж ахуйн нэгжийг хууль хяналт, татварын байгууллагаар шалгаж, дарамталсан тохиолдол түүхэндээ анх удаа гарсан. Улс орны эдийн засгийг хямралд хүргэсэн буруутнууд бол баялаг бүтээгчид биш, өнөөгийн эрх баригчид гэдгийг зориуд онцлон тэмдэглэе.
Улс орны эдийн засгийн амин чухал асуудал болсон Тавантолгойн төсөл гурван жилийн хугацаанд хоёр Ерөнхий сайдын гар дамжин өргөн баригдахгүй байхад, авлигачдыг өршөөх Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хагас жилийн дотор дөрвөн удаа өргөн баригдаж байна. Гэтэл малчдын тэтгэврийн насыг наашлуулах, ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, ахмадууддаа ач санах хууль зэрэг олон нийтийн хүсэн хүлээсэн хуулийн төслүүд УИХ-ын даргын өрөөнд тоосонд дарагдан удаж байна. Ийм шударга бус явдалтай Монгол Ардын нам хэрхэвч эвлэрч чадахгүй. Ардчилсан намын дотоод зөрчил тэмцэл савнаасаа хальж улс эх орны хувь заяанд нөлөөллөө үзүүлдэг боллоо. Үүний тод илрэл нь "Тавантолгой" төсөл юм. "Тавантолгой төсөл"-д ард түмний биш АН-ын бүлэглэлүүдийн эрх ашиг, сонирхлыг тусгах гэж хойшлуулсаар өнөөг хүрлээ. Энэ хооронд нь дэлхийн зах зээлд нүүрсний үнэ гэрлийн хурдаар унаж байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.