Хэнийг сайд болгохоо хэлэлцэж байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 10 ・ 1

 

УИХ энэ долоо хоногт Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Энэ хуулийн төслөөс илүүтэй Засгийн газрын гишүүнийг томилох асуудал гишүүдийн анхаарлын төвд байна. Учир нь, сайдуудыг УИХ дотроос томилохыг АН-ын бүлэг Ерөнхий сайдад үүрэг болгосон. Тэгэхээр АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс хэн нь салбар удирдах вэ гэдгээ ярилцаж, тохирох шаардлагатай байгаа. Тиймээс УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр 10.00 цагт хуралдахаар товлоод байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна. Тус бүлэг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн шийдвэрийг хүлээж буй аж.

 

Энэ талаар УИХ-ын зарим гишүүн ямар байр суурьтай байгааг хүргэе.

 

Д.Арвин: Манай намд гурван суудал ногдож байгаа

 

 

-Засгийн газарт орж ажиллах сайдууд хэн байх вэ гэх хүлээлт нийгэмд байна. Энэ талаар танай намын бүлэг хуралдсан уу?

 

-АН өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хуралдаанаараа сайдуудыг УИХ дотроос тавих уу, гаднаа оруулж ирэх үү гэдгээр санал хураасан. Бүлгийн гишүүдийн 90 гаруй хувийн саналаар УИХ дотроос оруулж ирэхээр болсон. УИХ, Засгийн газар хоорондоо нэгдэж ажиллаж чадахгүй байгаа. Тиймээс нэгдмэл нэг байх ёстой гэдэг үүднээс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэдэг дээр санал нийлээд байгаа. Цаашид Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, зарим төрийн өндөр албан тушаалтныг УИХ-аас томилох хувилбар байж болох юм. Парламентын засаглал хэт хариуцлагагүй байна. Намууд цэвэршиж өгөхгүй байна. Намууд буруу хүн дэвшүүлээд байгаа учраас бид хөгжиж чадахгүй байна. Төрийн удирдлагын тогтолцоо буруу явж ирсэн учраас хариуцлага нь нэг хүнд бус нийтэд оногдож байгаа. Тэгэхээр улсын хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал ч замхрах шинжтэй байх нь хэвийн үзэгдэл болж.

 

-АН цаашид “давхар дээл”-нээс татгалзахгүй нь гэж ойлгож болох уу?

 

-Давхар дээл гэж битгий ярь. Би энэ үгний эсрэг байдаг. Монгол Улс нэгдмэл нэг удирдлагатай байх ёстой. Тэгж байж нэг хүн хариуцлага хүлээдэг болж байж улс хөгжих юм байна. Манайх парламентын засаглалтай хэр нь улс орны хөрөнгө мөнгийг буруу зарцуулж байгаа. Үүнийг хариуцлагыг хэнд хүлээлгэх юм. Хэн ч хүлээхгүй шүү дээ.   

 

-Засгийн газар орж ажиллах дараагийн сайдуудад танай намын бүлэг ямар шаардлага тавьж байна вэ. Танд сайдын санал ирсэн гэсэн. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

 

-Намайг хөдөө амраад явж байтал сайд болно гэх яриа хэвлэлүүдээр гарсан байна лээ. Би хүнээр заалгаж сайд хийхгүй. Хийе гэвэл бас хийнэ. Гэхдээ миний хийх цаг нь одоо биш. Намын даргадаа би сайд хийх цаг нь болоогүй байна, болохгүй гэдгээ албан ёсоор хэлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн ийм мэдээлэл тараасныг хэлж мэдэхгүй байна. Манай намд сайдын гурван суудал оногдох юм билээ. Бүлгийн хуралдаанаараа энэ талаар ярьж байгаад санал хураагаад шийдэх байх.

 

-Сайдад нэр дэвшигчид хэзээ тодрох бол?

 

-Маргааш УИХ-ын чуулганы хуралдаанаар сайдуудын асуудлыг хэлэлцэх байх гэж харж байна. Энэ асуудлуудаа хурдан шийдэх хэрэгтэй. Монгол Улсын засаг төрийн асуудал цааш явах ёстой.

 

-Бие даагч гишүүдэд сайдын суудал оногдож байгаа гэсэн. Энэ тухайд?

 

-Бие даагч гишүүдэд нэг суудал өгөхөөр болсон. Манай бие даагч гишүүд чадвартай. Ц.Даваасүрэн гишүүн гэхэд ямар ч салбарыг аваад явчих чадвартай.

 

Ч.Улаан: Өнгөрсөн жил ярьж байснаасаа энэ удаа буцаж байна

 

 

-Засгийн газрын дараагийн сайд нарын томилгоо хүлээлт үүсгэж байна. “Шударга ёс” эвслийн бүлэгт хэдэн суудал ирж байна вэ?

 

-Энэ талаар огт яриагүй байна. Хүсэн хүлээж яарч байгаа хүнд бол хоног хугацаа явахгүй байгаа мэт санагдаж болох. Хамгийн гол нь ажлаа ямар зохион байгуулалтаар явуулах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй болохоос хүн томилох нь гол ажил биш.

 

-Шадар сайдын суудал танай эвслийн бүлэгт очих байх?

 

-Хэнд ямар суудал очих вэ гэдгийг тодорхой яриагүй байна. Тиймээс та бүхэн тааж ярьж болохгүй. Энэ талаар мэдэмхийрч ярьвал нийгэмд буруу мэдээлэл тараасан болно. Тиймээс ярих гэж яараад хэрэггүй.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 08 сар 11/

    Дандаа халхавчилж заваарах юмаа энэ өлбөгөрүүд. Тэр хэдэн ямарч чадваргүй сайд гэх луйварчидын томилгоо яах вэ? цаана нь халхалж байгаад эдийн засгийн өршөөлийн хууль гэх асар том гэмт хэргийн бүлэглэлийн хулгайн хэргийг цайруулж, эд мөрийн баримтыг нь устгах гээд байна. Та нар удаан ийм байхгүй ээ,

    Хариулах