Н.Энхбаяр “бэрс” гарахаар айсуй

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 12 ・ 1

                                          Гэрэл зургийг www.mpa.mn

Тавантолгой, Оюутолгойн ордыг ашиглах түүхэн гавьяаг хуваалцахгүй гэсэндээ ч юм уу /тийм л байгаасай/, аль эсвэл өөр шалтгаанаар МАН-ыг “хөнжлөөсөө” өшиглөж гаргасан Ардчилсан нам  ИЗН, бие даагчидтай хамтраад шинэ засаг байгуулчихна чинээ санаад том эндүүрсэн билээ. Энэхүү эндүүрэл нь тэдэнд тун ч үнэтэй тусч байх шиг байна. Учир нь тэд засагт хамтарсных нь төлбөр болгож МАХН-ын дарга Н.Энхбаярт улс төрийн үйл ажиллагаа явуулах боломжийг нээж өгөхөөс аргагүй байдалд орчихлоо. Үүнийгээ ч хийлээ. Гэхдээ яаж өөрсдөө хоосон хоцрох вэ, өөрсдийн дураар ярьж байгаад цөөнгүй албан тушаалтнуудыг өршөөлийн хуульд хамруулах болж байна. 


Өршөөлийн хууль батлагд­санаар, нийтдээ 2500 гаруй хоригдол суллагдаж, 250 орчим албан тушаалын гэмт хэрэгт­нүүд өршөөгдөхөөр болж байна. 2500 хоригдлын тоонд эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн 170 гаруй хоригдол багтаж байгаа бол албан тушаалын хэрэгт­нүүдийн дунд “Нүүрс” хөтөл­бөрийн Л.Гансүх Цэвэр агаар сангийнхан, ТЕГ-ынхан байгаа сурагтай. Хуульд оруулж өгсөн онц хүнд, хүнд хэрэгтэй зарим нэг хүнийг хамруулна гэсэн заалтын цаана нэр бүхий хүмүүс байсан, тэднийг нэр цохон оруулж ирж, хаалттай хуралдаанаар хэлэлцсэн гэсэн мэдээллийг Ц.Оюунгэрэл нарын гишүүд өчигдөр хийсэн мэдээлэлдээ дурьдсан билээ. Тэдгээр нэрсээс хамгийн тод “кадр” нь мэдээж хэрэг , ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байсан юм. 

МАХН-ын хувьд Засагт хамтрахаасаа илүү намын гол тархи, стратегич болох Н.Энхбаярыг улстөрд гаргаж ирэх нь чухал байсан. “Манай намын хувьд, Өршөөлийн тухай хуульд онцгой ач холбогдол өгч байгаа. Сайд нарын асуудал чухал биш” хэмээсэн З.Баянсэлэнгэ гишүүний үг үүнийг баталж өгсөн юм.   

Үнэхээр Өршөөлийн хууль дөнгөж батлагдмагц л “МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр эх орондоо ирнэ”, “Н.Энхбаяр Шадар сайд болно” гэсэн мэдээлэл цуварч эхэллээ. 

Тэрбээр үнэхээр Монгод буцан ирж, улс төрийн ажил эхлүүлбэл маш сонирхолтой үйл явдал болох нь тодорхой. Гэхдээ яг  ямар алхам хийх талаар таамаг дэвшүүлэх гээд үзье. 

Нэгдүгээрт, МАХН-ыг хүчир­хэгжүүлнэ. Улс төрд өндөр албан тушаал хашиж байсан хүн ард түмний дунд нэр хүндтэй байдаг бичигдээгүй хууль бий. Тиймээс түүний эхний алхам нь Засгийн газарт аль болох олон хүнээ оруулахад оршино. Сайд нарын асуудал албан бусаар аль хэдийнэ эхэлж, МАХН “Хоосон байгаа зургаан суудлаас дөрвийг нь манайх авна” хэмээн зүтгэж байгаа сурагтай. Хэрвээ энэ үнэн бол Н.Энхбаяр төлөвлөгөөгөө хэргжүүлээд эхэлжээ. Төрийн сайд, УИХ-ын гишүүд, экс ерөнхийлөгчөөс бүрдсэн хүчирхэг баг сонгуульд өрсөлдөх эхлэл ийнхүү тавигдах юм.

Хоёрдугаарт, тэрбээр намдаа их цэвэрлэгээ хийнэ. МАХН-ын талаар “Удирдлагын аппаратадбагтсан хэсэг бүлэг хүмүүс, жирийн гишүүд гэсэн хоёр хэсэгт хуваагдчихаад эвлэрч чадахгүй болсон, өөрөөр хэлбэл ялзарч байгаа улстөрийн хүчин” гэсэн яриа гарах болсон нь нууц биш. Энэ ч үнэний хувьтай юм билээ. “Бурхангүй газрын бумба галзуурна” гэгчээр, даргыгаа эзгүйд эрх дураараа авирлах болсон дарга нараа жирийн гишүүд нь зүхэж, “Дарга ирээсэй” хэмээн мөрөөдөж суудаг талаар нэг бус эх сурвалж өгүүлж байна. Н.Энхбаяр ирснээр нам доторх энэ хагарал үгүй болно. Тэрээр ямар ч хагарлыг үгүй болгох нөлөөтэй удирдагч юм. Үүнийхээ дараа ганц, нэгээр тогтохгүй “эсэргүүн”-ийг дэргэдээсээ зайлуулах биз. Үр дүнд нь МАХН нэгэн зүгт чиглэсэн, бат удирдлагатай улстөрийн хүчин болж хувирна. Яах вэ, зарим хүн “Нэг хүний дарангуйлалд байгаа хөөрхий амьтад” гэсэн хоч өгч магадгүй ч энэ бол чадварлаг удирдагчийн бодлогод нөлөөлж чадахгүй.

Ингээд 2016 оны сонгууль хаяанд ирлээ гэж бодъё. Энд хүртэл тэрбээр жинхэнэ зорилгоо хэнд ч мэдэгдүүлэхгүй. Чухам юу хүсч байгааг нь хэн ч мэдэхгүй. Энэ талаар зөвхөн таамаг л явдаг. Тэдгээр таамаглалын нэг нь Н.Энхбаяр өшөө хонзонгоо тайлах хүслээр жигүүрлэн МАН-ыг нэгтгэж авах тухай. Хэрвээ энэ үнэн гэвэл Н.Энхбаяр эхлээд эвсэж, дараа нь хамт засаг барилцаад улмаар нэгдэх гэсэн арга замаар явах нь ойлгомжтой юм. 2012 оны өмнө хоёр нам бараг л эвсэхээ шахаж байж билээ. Сонгуульд авсан суудлыг тооцоод үзвэл, энэ нэгдэл нь хоёр намын аль алинд ашигтай гэдэг нь харагдсан.Сөрөг хүчин болсон давуу тал байгаа болохоор 2016 оны сонгуульд энэ хоёр эвсвэл баараггүй ялна. МАН үүнийг мэдэж байгаа. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: