Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 10 сар 20
"Шинэ үе" продакшны захирал, МУГЖ Н.Ариунболдтой цаг үеийн байдлаар ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргье. "Шинэ үе" продакшн тоглолтоо МҮЭСТӨ-нд үргэлжлүүлэн тоглож байгаа юм байна. Тоглолтынхоо талаар?
-Танай сайтын уншигчдад юуны түрүүнд энэ өдрийн мэндийг хүргье. "Шинэ үе" продакшн "Жинхэнэ Жентельмен” гэртээ байдаг намар цагийн шоу тоглолтоо үзэгчдийн хүртээл болгоод уран бүтээлээ үзэгчиддээ хүргэж байна.
-Сүүлийн үед нийгэмд шуугиан тариад байгаа нэгэн асуудал бий. Танай хамтлагийн хоёр гишүүн маргалдаж үүний улмаас биенийгээ халуун усаар түлсэн хэрэг гарсан?
-Бид нарт маш харамсалтай зүйл болсон. Манай продакшн 36-уулаа. Гэрээт уран бүтээлчтэйгээ нийлээд 40-өөд уран бүтээлчид байдаг. Ер нь би гэж ярихаасаа илүүтэй бид нар гэж ярья л даа. Бид нар хамтдаа олон жилийг үдэж өнгөрүүлсэн. Монголчууд тархи хагаравч тогоон дотроо гэж ярьдаг. Гэхдээ манай хамтлаг нэг үеийн сайхан авьяаслаг залуусаас бүрдсэн хамт олон.
Манай хамтлагийн нэгэн эд эс бидний хайртай дүү нар маань, ирээдүйтэй жүжигчид маань өчүүхэн уур бухимдлаас болж бие биенийгээ айхтар гэмтээж, эрүүл мэнд, сэтгэл санаа болон амьдралаараа бие биенийгээ хохироосон. Бидний зүгээс Д.Оюунтуул, Ц.Алдармаа хоёрыг сайн мэднэ.
Энэ хоёр маань дандаа цуг хамт явж байдаг. Хуурай эгч дүү хоёр шиг байсан гэж хэлэхэд буруутах зүйл байхгүй. Яагаад гэхээр орсон ч гарсан ч энэ хоёр байнга хамт явдаг. Ямар сайндаа л дүр, нэг үзүүлбэрт тоглохдоо хүртэл эгч, дүү, найз нөхөд болж тоглодог. Манай хоёрыг ямар гоё эгч дүүсийн холбоотой байсныг манай хамт болон аав ээж, ах дүүс нь төдийгүй хошин урлагийнхан хүртэл мэднэ дээ. Харин ийм сайхан холбоотой хүмүүс сүүлдээ ийм байдал үүссэнд харамсаж байна.
Уулын мод урттай, богинотой гэдэг үг бий. Хаа газарт хоорондын үзэл бодлоос болсон зөрчилдөөн гарах үе бий. Гэхдээ бие хүн өөрийгөө удирдах, уур уцаараа дарах ухаан дутаж дээ л гэж хоёр дүүдээ хэлмээр санагдаад байгаа юм. Д.Оюунтуул, Ц.Алдармаа хоёрыгоо хэлж, зэмлэж, эргэж тойрч ярилцаж эвлэрүүлсэн.
Хоёр дүүгийнхээ төлөө "Шинэ үе" продакшн өнөөдрийг хүртэл энэ хоёрыгоо эвлэрээсэй гэсэн үүднээс чадах чинээгээрээ бүхий л зүйлийг хийж яваа. Цаашдаа ч бид нар олон зүйлийг хийнэ.
-Хэрэг гарах үед таныг дэргэд нь байсан гэлцдэг?
-Бид хэд дэргэд нь бол байгаагүй. Маргааш нь холын замд гарах байсан болохоор унтаж амарцгаасан. Тухайн үед манай хоёр нэг дотно найзынхаа хамт нэг өрөөнд хамт байсан юм байна лээ. Энэ талаар Туул eagle.mn сайтад өгсөн ярилцлагадаа илүү тодорхой ярьсан.
Хоёр дүүгийнхээ хэргийг ингэж хурцдаж өндрөө авч шүүхийн шатанд ирнэ гэж бодоогүй. Энэ шатанд иртлээ даамжирсан. Болсон хэргийн талаар бид өөрсдөө хараагүй, мэдээгүй юм чинь хүний өмнөөс дуугарч, өмнөөс нь ярьж болохгүй юм. Яагаад гэхлээр өнөөдөр тэр хүний хажууд байгаагүй, нүдээрээ хараагүй байж аливаа зүйлийг зохиож ярина гэж байхгүй. Энэ чинь хүний амьдрал, эрүүл мэнд, нэр төртэй холбоотой асуудал шүү дээ.
Энэ маргаанд хоёр хүний хувийн асуудлын байсан. Үүн дээрээ л дүү нар маань хоёр биеэнтэйгээ ойлголцоогүй байна.
Одоо дүү нар маань бие биенийгээ уучилж, эвлэрсэн. Эцэст нь шүүхийн шийдвэр гарангуут ах дүү, хамаатан садан, найз нөхөд, уран бүтээлчид бид их цочирдсон л доо. Манай хоёр учраа ололцсон юм чинь гайгүй өнгөрөх байх гэж харж байсан. Гэтэл шүүх хурлын үеэр үнэхээр их цочирдлоо.
Үлдсэн шүүх хурал дээр манай хоёр их ухаан зарж, бие биенийгээ уучилж, эвлэрснээрээ шүүхийн шийдвэрийг нааштай гаргана гэдэгт хамт олон бид нар итгэл гарган хүлээж суугаа. Ижий, аав нь хүртэл ялгаагүй л хүлээж л байгаа байх. Хоёр хүний хувийн маргаан болохоор бид нар тэдний өмнөөс ярих, дүгнэх эрх байхгүй.
Үнэнийг мэдэж байгаа энэ хоёр маань чин шударгаар юу болсон бэ? гэдгийг ярих өдөр ирэх байх аа.
-Хэрэг гараад удаагүй байхад Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг хамтлагаасаа хөөгдсөн гэх мэдээлэл цацагдсан?
-Тийм зүйл байхгүй. Хүмүүс иймэрхүү зүйл дээр их зохиож бичиж, янз бүрийн таамаг дэвшүүлж ярих юм. Тэр хоёрыгоо аль болох л зуучилж, эвлэрүүлэх талаас нь ярьж яваа хүмүүс юу гэж дүү нарыгаа хамтлагаасаа хөөхөв дээ. Энэ хоёр маань "Шинэ үе" продакшнаараа овоглоод л бүх сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Шинэ үе"-ийн нэр хүндтэй цуг л явж байгаа.
-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ хоёрын маргаан үргэлжилсэн гэж байсан. Ийм маргаантай байсан юм бол тоглолт, бэлтгэлийн үеэр та бүхний өмнө маргалдах асуудал гаргаж байв уу?
-Би захиралын хувьд энэ хоёрыг миний нүдэн дээр маргаж, муудалцаж байхыг 10-аад жилийн түүхэнд хараагүй. Энэ хоёрыг бүүр гайхаад байгаа юм. Уран бүтээлийнхээ төлөө, эгч дүү хоёр шиг цуг дэлгүүр хоршоо гүйж, цуг хувцас хунараа авч явсныг нь би мэдэх болохоос хэрэлдэж байхыг нь амьдралдаа мэдэхгүй.
-Д.Оюунтуул Ц.Алдармаагийн найз залуугаас болж муудалцсан гэх сураг гараад байна. Энэ талаар?
-.Хувь хүмүүсийн талаар мэдээгүй байж хариулт өгмөөргүй байна. Энэ талаар Д.Оюунтуул ярилцлагадаа дэлгэрэнгүй ярьсан байна лээ.
-Та хэдийг хэвлэлд байр сууриа илэрхийлэхийг хүмүүс их хүлээж байсан. Яагаад тухайн үед нь мэдээлэл хийгээгүй юм?
Хүмүүс намайг болон бидний байр суурийг нэлээн хүлээсэн байх. Хоёр жүжигчнийхээ хувийн асуудалтай холбоотой учраас мөн шүүхийн шийдвэр гараагүй байхад өмнөөс нь ямар нэгэн зүйл ярих, дуугарах эрх байгаагүй ээ.
Ярилцсан: Х.Даваа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.