АН учраа олов уу, хурлын дарга хужрыг нь тунгаав уу

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 25

Парламент Өршөөлийн хуулийг ч, сайд нарын асуудлыг ч хойш тавьж, ирэх аравдугаар сарын ээлжит чуулганыг хүлээх болсон. Энэ нь уржигдар гаргасан Ерөнхий сайдын шийдвэртэй холбоотой байв. Учир нь, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Зургаан сайдыг томилох асуудлаар улс төрийн намуудтай зөвшилцөх ажил үргэлжилж байгаа тул Ерөнхий сайд нарын нэрсийг аравдугаар сард буюу УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэхээр өргөн барих нь зүйтэй” гэж үзсэн юм. Үүнээс гадна, ээлжит бус чуулганаар зарласан Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан учраас хоригийг дахин ээлжит бус чуулган зарлаж, хэлэлцэхээр болж байсан билээ. Ерөнхий сайдын гэнэтийн дээрх шийдвэртэй холбогдуулан Өршөөлийн хууль ч ирэх намрын чуулган хүртэл хүлээгдээд байв. Гэвч, УИХ-ын дарга З.Энхболд МАН-ын зургаан сайдын оронд томилох сайд нарын нэрсийг оруулж ирэхийг Ерөнхий сайдад “албадлаа”.



Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Хууль хэрэгжүүлэн ажиллах тухай” албан тоот хүргүүлсэн юм. Энэ нь Ч.Сайханбилэгийн намрын ээлжит чуулганаар бус түүнээс өмнө сайд нарыг томилох ёстой гэсэн УИХ-ын даргын байр суурь гэж болох талтай. Үүнээс гадна, Засгийн газрын тухай хуульд ч сайд нарыг нөхөн томилох асуудлыг заасан байдаг. Тодруулбал, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т, “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно.

Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд УИХ 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасан байдаг юм. Хэрвээ дээрх хуулийг үндэслэл болгон УИХ-ын дарга Ерөнхий сайдыг кабинетаа бүрдүүл гэж шахаж шаардсан бол хуулийн энэхүү заалтын дагуу 2015 оны наймдугаар сарын 6-ны өдөр албан тушаалаас чөлөөлөгдсөн Засгийн газрын зургаан гишүүний оронд томилох сайд нарыг 2015 оны есдүгээр сарын 6-ны дотор УИХ нөхөн томилох ёстой болж таарч байна гэсэн үг.

Нэгэнт УИХ-ын дарга хуу­лийн дагуу ажиллахыг шаар­даж байгаа нь нөгөө талаар сайд нарын асууд­лыг шийдчихсэн байх болол­цоотой. Нөхөн томилох асууд­лаар “МАХН-МҮАН”-ын “Шу­дарга ёс” эвслийн бүлэг нэр­сийг тодруулж амжаагүй гэж байгаа бол АН-ын бүлгийн санал болгосон нэрсийг Ч.Сайханбилэг Ерөнхий сайд дэмжихгүй гэж байсан юм.

Тиймээс дахин зөвшил­цөхөөр аравдугаар сар хүр­тэл хойшлуулсан билээ. Үүний сацуу АН-д фракц дун­дын зөрчил байгаа нь Зам тээв­рийн болоод Сангийн яам­дад горилж байгаа гишүү­дийн нэрсээс харагддаг. Тухайл­бал, УИХ дахь бүлэг, ашиг сонирхол, үзэл бодлын зөр­чил­дөөнийг хамгийн их дөвийлгөдөг зам тээврийн салбар. Энэ салбарын сайдад Алтан­гадасын Г.Батхүү, МоАХ-ын Л.Эрдэнэчимэг на­рын нэр яригдаж байгаа. Г.Бат­хүү­гийн хувьд Эрдэнэс Тавантолгойн төслийг авах сонирхолтой Хятадын “Шинхуа”-тай хамтарч байгаа “Энержи”-д хувьцаа эзэмш­дэг. Харин эсрэг талд нь Тавантолгойн ажлын хэсгийг ахалж, “Шинхуа Энержи” монголчуудын эрх ашгийг зөрчиж байгаа гэх дүгнэлттэй Л.Эрдэнэчимэг гишүүн бий. Энэ мэт зөрчилдөөний улмаас сайд нарын нэрсийг өнөөдрийг хүртэл өргөн барих боломжгүй байсан юм. Харин УИХ-ын дарга хэлэлцэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн нь АН дотроо учраа олсон аль эсвэл АН-ын даргын хувиар З.Энхболд хужрыг нь тунгаасан гэж дүгнэж болохоор байна.   
Гэхдээ одоогоор төрийн ордон эзгүй шахуу эл хуль байна. Сайд нарын асууд­лаа шийдэж амжаагүй АН-ын­хан “Монгол хүн-2020” хөт­өлбөрийн үр дүнг танил­цуу­лахаар Монгол Улсыг таван бүст хуваан өчигдөр Хэнтий аймгийг зорьсон бол Ерөнхий сайдыг ээлжит чуулган хүртэл сайд нарыг нэрсийг өргөн барихгүй гэсэнтэй холбогдуулан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хэвлэлийн хурлуудаа хойшлуулан байр сууриа илэрхийлсэнгүй. Гэхдээ МАХН-ын гишүүд намын дарга Н.Энхбаярыг ирснээс хойш эвсэл гэхээс илүү намын байр суурь илэрхийлэх нь ихсэх болсон билээ. Мөн ИЗНН-ынхан Засгийн газарт хамтарч чадахгүй нь тодорхой болсноор нийгэмд чиглэсэн үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэллээ. Тухайлбал, Өршөө­лийн хуульд тавьсан Ерөнхий­лөгчийн хоригийг хүлээж авахаа мэдэгдсэн намынхан өчигдөр Чингисийн талбайд дэм­жигчдийн гарын үсэг цуглуулж, албан тушаалтанд өршөөл үзүүлэхгүй гэдгээ бататгав.



Өршөөлийн хууль ч “хэлмэгдсэн” үү 



Хэрвээ, УИХ-ын даргын албан тоотын дагуу Ч.Сайхан­билэг сайд нарын нэрийг ирэх сарын 6-ны дотор өргөн баривал ээлжит бус чуул­ган зарлаж, Өршөөлийн хуульд тавьсан хоригийг ч хэлэл­цэх ёстой болж таарна. Ерөн­хийлөгчийн тавьсан хо­ри­гийн талаар ч хуульд то­дор­хой хугацаа заасан бай­даг. Тухайлбал, УИХ-ын чуул­ганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.1-д “Хууль, УИХ-ын бусад шийдвэрт Ерөн­хийлөгч хориг тавьсан бол УИХ түүнийг чуулганы хурал­дааны үеэр 14 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит бо­лон ээлжит бус чуулган эхэлс­нээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тог­тоол батална” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, хориг тавьсан учраас заавал ээлжит бус чуулган зарлах эрх зүйн орчингүй гэсэн үг. Тиймээс сайд нарын асуудлыг хэлэлцэх үеэр л Өршөөлийн хуулийн хориг яригдах боломжтой болох нь.

Нөгөөтэйгүүр, Ерөнхий­лөгч Өршөөлийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавьсан нь энэ хуулийг бүхэлд нь гацаах үндэслэл болж байгаа. Энэ нь 4 дүгээр зүйлд өршөөлд хамрагдах бүх хуулийн заалт багтаж байгаатай холбоотой юм. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх