Тосон Заамарын өрөвдөлтэй дүр зураг

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2014 10 сар 21

Манай улсад уул уурхайн салбарын үйл ажиллагаа идэвхижих болсоноос үүдэн байгаль орчин сүйдэж эвдрэх байдал газар авч байна. Уул уурхайн компаниуд хариуцлагатай байж, нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийхгүй байгаагаас байгаль орчин сүйдэж, малчин ардын аж ахуй дордож байгаа талаарх мэдээллийг бид Төв аймгийн Заамар сумаас бэлтгэлээ. 

 

Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Зэрэгцээ хэмээх алтны уурхай Монголросцветмет компанийн охин компани 2005-2011 оны хооронд алт олборлолтын үйл ажиллагаа явуулжээ. Гэвч тус компани алтыг нь аваад авдрыг нь хаяхтай адил олборлолт явуулж, эвдлэн сүйтгэсэн газар нутгаа нөхөн сэргээхгүйгээр хаяад явсан байна. Тус компани нөхөн сэргээлт хийсэн гэх мэдээллийг өгдөг ч бодит байдал дээрээ буюу Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр эвдэрч сүйтгэгдсэн нь энэ юм.



Нутгийн иргэд Монголросцветмет компанийн хариуцлагагүй үйл ажиллагааны үр нөлөөнөөс болж амьдрах орчин нь доройтож, мал сүрэг нь хоргодож байгаад бухимдалтай байна.

Төв аймгийн Заамар сумын Хайлааст III багийн иргэдийн ярианд анхаарлаа хандуулна уу


Алт дагасан ашиг сонирхолоос үүдэн Төв аймгийн Заамар сумын нутаг эвдэрч сүйдсэн байхад Монголросцветмет компанийн зүгээс тус газарт нөхөн сэргээлт хийсэн гэж мэдээлдэг байна. Алт хөтөлбөр хэрэгжих болсноос хойш Төв аймгийн 10 мянган га талбай хөндөгдөж эвдэрсэн байгаа юм. Эвдэрч сүйдсэн газрын ердөө 30 хувьд нь нөхөн сэргээлт хийгдсэн. Тиймээс Төв аймгийн Заамар сумын иргэд газар нутгийг нь сэндийчлээд орхиод явсан Монголросцветмет компаниас хариуцлага нэхэж газар нутгаа нөхөн сэргээхийг шаардаж байна. Гэвч аймгийн удирдлагууд энэ асуудал дээр хөдөлдөггүй болохыг нутгийн иргэд хэллээ. Үүгээр ч зогсохгүй Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газар, Байгаль орчны алба энэ эвдэрч сүйдсэн газрыг нөхөн сэргээлт хийснээр хүлээж авсан байдаг байна.

Ашигт малтмалын газраас гаргасан судалгаагаар энэ оны наймдугаар сарын байдлаар манай улсад  ашигт малтмалын  2782 лиценз байна. Үүний 1351 нь ашиглалтын, 1431 хайгуулын лиценз юм.  Энэ нь манай улсын нийт газар нутгийн 7.6 хувьд нь ашигт малтмалын лиценз олгоод байгаа юм. Энэ онд улсын хэмжээнд нийт 976 га талбай ашигт малтмалын олборлолтод өртөнө. Үүний 685 га талбайд нь нөхөн сэргээлт хийнэ хийх юм байна. Өнгөрсөн онд нөхөн сэргээлтэд 2.6 тэрбум гаруй төгрөг зарцуулсан бол энэ жил 5.9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд буй юм. Хэрвээ Монголросцветмет компанийн охин компани шиг ингэж нөхөн сэргээлтийг халтуурдаж хийдэг болсон бол нөхөн сэргээлт гэж үгийг мартаж, лицензүүдийг бүгдийг цуцлах талаар бодох хэрэгтэй биз.
Үүнээс гадна манай улсад уул уурхайн олборлолтод өртөж нөхөн сэргээлгүй хаягдсан 4.7 мянган га талбай бий. Уг талбайг улсын төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээх, лиценз эзэмшиж  олборлолт хийсэн аж ахуйн нэгж, эзнийг нь тогтоож арга хэмжээ авна гэж Уул уурхайн яам мэдэгдэж байгаа юм.  Үнэн хэрэгтээ түмний татварын мөнгөөр цалинжиж байгаа төрийн албан хаагчид ажлаа хийгээгүйн улмаас  иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө сэтгэл санаагаараа хохирч байгаа юм.

Төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниуд байгаль орчинг эвдэж сүйтгэчихээд нийгмийн хариуцлагаа үүрэхгүй байгаа энэхүү байдалд БОНХЯ,  УУЯ,  Ашигт малтмалын газраас анхаарал хандуулах цаг болсныг анхааруулж байна.

А.Баярмаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх