Хоригийг дэмжвэл хууль өөрчлөгдөх үү

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 06

-Өршөөлийн хуулиудад өмнө нь нэмэлт, өөрчлөлт оруулж байгаагүй-

 

Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавиад байгаа. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хориг тавихаа мэдэгдээд буй. Тус хуулийн 9.1.3-т заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийн хууль бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх зэрэг гэмт  хэргүүдийг нэмж тусгах ёстой гэж үзэж байгаа.

 

Өршөөлийн хууль энэ хэвээр хэрэгжээд явбал 730 хүн суллагдах тооцоог холбогдох албаныхан хийжээ. Мөн 970 хоригдол ялаасаа хоёр жил хасуулж, суллагдах аж. Нийт 1700 хүн суллагдаж, 770 орчим хоригдлоос хоёр жил хасахаар байгааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү хэлсэн.

 

Хоригийг УИХ хүлээж авбал дээрх хүмүүсээс 161 нь суллагдахгүй. Өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж буй болон сэжиглэгдэн шалгагдаж буй хүмүүс хамаарахгүй. Тиймээс энэ хуулийг батлалцахад гар бие оролцсон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн уг хуулийг энэ хэвээр нь хэрэгжүүлэх сонирхолтой байгаа юм.

 

Энэ талаар Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авалгүй хэрэгжвэл үнэхээр хортой үр дагавартай. Тухайлбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа 40 гаруй эрүүгийн хэрэг, прокурор, шүүхийн шатанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хянагдаж байгаа, түдгэлзүүлсэн хэргүүдийн цаана 32 гаруй тэрбум төгрөгийн хохирлын асуудал үндсэндээ замхрах болоод байна” гэсэн.  

 

Хуульд зааснаар УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь хоригийг хүлээн авсан нөхцөлд Өршөөлийн хуульд тавьсан хэсэгчилсэн хориг хэрэгжих боломжтой болох юм. Тодруулбал, 76 гишүүнээс 26 нь хоригийг хүлээн авах кноп дарснаар Ерөнхийлөгчийн хориг хэрэгжинэ.

 

Нийгэмд хүлээлт үүсгээд байсан хуульд МАН-ынхан хоригийг дэмжинэ гэдгээ илэрхийлчихлээ. Энэ талаар тус намын дарга М.Энхболд “Албан тушаал, авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөх заалтыг дэмжихгүй гэж үзсэн. Түүнээс Өршөөлийн хуулийг бүхэлд нь эсэргүүцсэн зүйл огт байхгүй. Өнөөдрийн Өршөөлийн хууль УИХ-аар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан нөхцөлд хууль үндсэндээ үйлчлэхгүй болох бэрхшээл бий. Тиймээс УИХ Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсны дараа энэ хуулийг дахин хэлэлцэх ёстой. Энэ үед авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хэргийг өршөөлд хамруулахгүй байх, бусад хэргүүдийг өршөөлд хамруулах байдлаар цааш үргэлжлүүлж ажиллана” гэсэн.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх