Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 08
|
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн. Гэсэн хэдий ч УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дээрх асуудалд завсарлага авснаар хоригийг хэлэлцэх хугацаа ирэх долоо хоног хүртэл хойшилсон юм.
Ингэснээр завсарлага дууссаны дараа дахин ээлжит бус чуулган зарлахаар болсон билээ. АН, МАН-ын хувьд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл эвслийн бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих боломжгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Хэрвээ хоригийг хүлээж авбал хууль бүхэлдээ хэрэгжих боломжгүй болно гэж үзэж буй билээ. Тиймээс ч “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, “Авлигатай тэмцэх газрын гаргасан судалгаа, мэдээлэл болон өршөөлийн хуулиар улсад 350 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх 100 гаруй иргэн, албан тушаалтны нэрийг зарлах, олон нийтэд ил болгосны дараа хоригийг хэлэлцэх нь зүйтэй” гэж үзэн дээрх асуудлаар завсарлага авсан юм.
Ингэснээр Өршөөл үзүүлэх хууль долоо хоногоор гацлаа. Хэлэлцүүлгийн үеэр З.Баянсэлэнгэ гишүүн “Ерөнхийлөгчийн хориг ард түмнийг талцуулж байна. Ерөнхийлөгч хүн эв эеийг эрхэмлэдэг байтал иргэдээ ингэж талцуулж болохгүй. Улсад 350 тэрбум төгрөг завшсан хэрэгт 112 хүнийг шалгаж байгаа гэж АТГ-аас мэдэгдлээ. Эдгээр хүмүүсээ зарла. Ерөнхийлөгчийн хоригийн зүйл заалт нь санал биш гэж Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр хэллээ. Санал биш юм бол бид энд хэлэлцэх шаардлага байна уу” хэмээсэн юм.
Харин Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Өнөрбаяр “Хөнгөн, хүнд, онц ноцтой гэмт хэрэг, авлигын хэрэг энэ бүгдийг нэг уутанд хийж, өршөөл үзүүлэхээр заасан нь бэрхшээлтэй байгаа. Тийм учраас Ерөнхийлөгч хориг тавихдаа зүйл заалт бүрээр нэг бүрчлэн тасалж тавьсан. Бичиг үсэг тайлагдсан хүнд ойлгомжтой” хэмээсэн нь гишүүний уур бухимдлыг төрүүлж, Ерөнхийлөгчийн зөвлөхийг байнгын хорооны танхимаас хөөхөд хүртэл хүргэсэн юм. Тодруулбал, З.Баянсэлэнгэ гишүүн “Гишүүдийг доромжилдог хэн юм чи. Том зантай амьтан. Зайл. Бичиг үсэгт тайлагдаагүй хүн хэн байгаа юм. Ийм нөхдийг яах гэж танхимд байлгаад байгаа юм, гаргаач” хэмээн ихэд бухимдсан.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.