М.Зоригт: Н.Алтанхуягийг огцруулахын төлөө кноп дарна

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 21 ・ 6

УИХ-ын гишүүн М.Зоригт АН, МАХН-ын хооронд байгуулсан гэрээ, 2015 оны Төсвийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ.

-АН МАХН-тай байгуулсан гэрээг нэлээд шүүмжилж, эсэргүүцэж байна. УИХ дахь АН-ын бүлгийн хувьд гэрээний тодорхой заалтыг өөрчлөх шаардлагатай гэснээс бус дэмжиж байгаа зүйл ярьж байна. Хувь гишүүний хувьд гэрээний талаар ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд цочирдож хүлээж авсан. Яагаад гэвэл, АН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүд, ҮЗХ-ын гишүүд бүгдээрээ мэдэж, санал бодлоо солилцсоны дараа энэ зүйл болох байсан. Энэ гэрээг байгуулах үйл явц гэнэтийн зүйл байсан гэдгийг хэлмээр байна. АН-ын бүлгийн ээлжит хуралдаанд энэхүү гэрээнд дургүйцлээ илэрхийлсэн 35 гишүүний тал хувь нь суугаагүй. Түүгээрээ өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн. Хэдийгээр байсан гишүүдийн олонхи нь гэрээг дэмжсэн харагдавч нийт гишүүнтэй харьцуулахад цөөнх болчихоод байгаа юм. Бүлгийн хуралдаанд оролцсон 19 гишүүнээс 16 нь энэ асуудалд эергээр хандаж болох ч эргэлзээтэй. Тийм учраас АН-ын бүлэг энэ асуудалд дэмжсэн бус дэмжээгүй байр суурьтай байгаа гэж хэлмээр байна.

-МАН-ын бүлгээс Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг дахин хөндсөн. Тэгэхээр засгаа авч үлдэхийн тулд МАХН-тай урт хугацааны гэрээ хийхээс өөр сонголт байгаагүй юм болов уу?

-Манай намын даргын сонголт шүү дээ. “Та нартай, наргүй, намтай намгүй. Би ингээд явж чадна” гэдгээ намынхаа гишүүд, мань мэтэд хэлж байгаа ухаантай юм байна гэж ойлгосон. АН-ын бүлэг дотроо санал нэгдэж чадахгүй, Н.Алтанхуягийн суудалдаа үлдэх гэсэн хүсэл сонирхол, баталгаатай байдал алдагдсан учраас “Та нар ингээд байвал, би бас чадна шүү” гэдгээ харуулсан. Гаднаас тусламж эрэлхийллээ. Гэхдээ гаднаас туслам эрэлхийлэхдээ Монгол Улсын түүхэнд байгаагүй, авлигалгүй нийгмийн төлөө явж ирсэн энэ бүх юмыг балласан зүйл хийнэ гэдэг нь дэндүү ёс суртахуунгүй, хэтэрхий суудалдаа баригдсан шийдэл боллоо гэж харж байна.

-Энэ долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах талаар өргөн барьсан тогтоолын төслийг хэлэлцэнэ. Та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Намынхаа нөхөдтэйгээ зөвлөлдөж байна. Би сүүлийн үед энэ Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж байгаа. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэх үед оролцохгүй, улс төрийн суулт хийсэн. 2015 оны төсөвт их шүүмжлэлтэй хандаж, энэ байдлаар нь огт баталж болохгүй гэж үзэж байгаа. Гэхдээ үүний шийдэл нь Засгийн газрыг солих гэдэг асуудал миний толгойд анх ороогүй явсан. Тийм ч учраас Ерөнхий сайдыг огцруулахаар 28 гишүүн гарын үсэг зураад явж байхад “Энэ бол манай намын асуудал. Олонхи нь засгаа солих, солихгүйгээ шийддэг байх ёстой” гэдэг зарчмыг баримталж гарын үсэг зураагүй. Дээрээс нь гарын үсэг зурсан зарим нэг нөхдөд хатуу байр сууриа илэрхийлсэн. Харин өнгөрсөн амралтын өдөр гарын үсэг зурсан гэрээ миний байр сууринд их нөлөөлсөн. Намынхаа гишүүдэд мэдэгдэхгүй, цаагуураа хуйвалдаан шинжтэй ийм зүйл хийж байгаа Ерөнхий сайд, намын дарга энэ албан тушаалд байх нь ёс суртахуунгүй гэж үзэж байгаа учир одоо би эргэлт буцалтгүй эсрэг дарахаар шийдсэн. Эсрэг дарна гэдэг нь Н.Алтанхуягийг огцруулахын төлөө байх болно.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: