Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч баасан гаригт дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийг зорив. Монгол Ардын Намаас санаачлан хэрэгжүүлж байгаа “Бид хамтдаа” аянг тус аймагт албан ёсоор нээж буй нь энэ юм. Аяны нээлтэд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд асан Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ж.Эрдэнэбат оролцсон юм. Зорьсон газар маань аймгийн төвөөс 10 гаруй км- т байрлах “Аргамаг” амралтын газар аж.
Тус аяны зорилго нь МАН-ын бодлого, үйл ажиллагааг иргэдэд танилцуулахын хамт аймгийн 15 сумын намын үүрийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд байсан юм. Мөн аянаар иргэдэд тулгамдаж буй олон асуудлыг “Албан тасалгааны цонхоор бус амьдрал дотор нь оролцож, айл бүрийн үүдийг тогшиж, сонсох боломжтой” гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн. Энэ үеэр аймгийн 15 сум, багийн намын үүрт Монгол Ардын намын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарын ард түмэндээ хандаж бичсэн захидлыг гардуулсан. Дундговь аймгийн хүн амын тоо 45 мянгад хүрсэн. Бүр нягталбал энэ аймагт нийт 14 мянган гэр бүл аж төрдөг гэнэ. Ямартай ч өрх бүрт хүрч хаалгыг нь тогшиж, эзэдтэй нь гар барин мэндэлж, асуудал, зэмлэл, алдаа, оноогоо цугт нь дүгнүүлэхээр тус нам ийнхүү аянд морджээ. Үүнийг намын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар намын хороо, үүрийн дарга нартаа захидлаар илэрхийлсэн нь энэ аж. Харин аймгийн иргэд аянд ихээхэн ач холбогдол өгч уухайн дуугаар түрлэг нэмэн хүлээж авсан юм. Дундговь аймагт болж өнгөрсөн “Бид хамтдаа” аянг МАН-ын УЗ-ийн гишүүн, Дундговь аймгийн МАН-ын хорооны дарга Б.Амарсанаа, дэд дарга Ж.Мөнхчулуун нар амжилттай зохион байгуулсан билээ.
Ж.Мөнхбат: Намууд хөрсөн дээрээ буух хэрэгтэй
Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай “Бид хамтдаа” аяны хүрээнд ярилцлаа.
-Дундговь аймагт “Бид хамтдаа” аянг албан ёсоор нээлээ. Аяны талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
-Өнгөрсөн зургадугаар сараас “Бид хамтдаа” аянг аймаг бүрт очиж албан ёсоор нээж ажиллаж байгаа. Энэ удаа Дундговь аймагт аянаа нээлээ. Аян тус аймгийн 15 суманд үргэлжилнэ. Бид хоолой, зангиа хоёроо засаж, хойморт суух биш ард иргэдийн дунд орж, асуудлыг нь сонсох гэж энэ ажлыг эхлүүлсэн. Одоогоор 10-аад аймагт аян өрнөж байгаа.
-Аяны гол зорилго юу вэ?
-Суурин газар байсан хямрал малчны хотонд очсон. Тухайлбал, түүхий эд үнэгүйдлээ. Нийгмийн халамж, үйлчилгээтэй холбоотой асуудал ч их. Олон зүйлд иргэд бухимдаж байна. Үүнээс улбаалаад нийгэмд бухимдал үүссэн. Ийм цаг үед улс төрийн намууд хөрсөн дээрээ буух хэрэгтэй. Тиймээс бид худал тоо баримт, гоё үгнээс илүүтэй иргэдийн амьдрал дотор орж асуудлыг нь бодитой олж харъя гэсэн. Үүнд аяны гол зорилго оршиж байгаа. Эрх баригчид бүх зүйл сайхан байна гэж хэлдэг. Бодитой, үнэн биш тоо баримтууд дурддаг боллоо. Гэсэн ч иргэдийн худалдан авах чадвар, захын дэлгүүрт ороод авч буй талхны үнэ үүнийг олон тайлбаргүйгээр ойлгуулж байна шүү дээ.
-Аян үргэлжлэх хугацаанд гарч байгаа болон хүлээгдэж буй үр дүнгийн талаар сонирхвол?
-Аянаас хүлээж буй үр дүн их. Тухайлбал, найман сарын дараа сонгууль болно. Энд намууд өөрийн намын бодлого, ажлын чиглэл мөрийн хөтөлбөртэй оролцдог. Тэгвэл энэ хөтөлбөрийг тус аянаас гарч буй асуудал, санаануудад тулгуурлаж гаргах юм. Өөрөөр хэлбэл, энд яригдсан асуудал, шинэ санаа, шийдэж болох гарц бүрийг намын мөрийн хөтөлбөрт багтааж, тусгана гэсэн үг. Харин гарч буй үр дүнгийн талаар иргэдээс бидэнд хаягласан захидал харуулдаг. Энэ нь биднийг цаашид хэрхэн ажиллах чигийг тодорхойлох хэмжээнд нөлөөлдөг.
-Очихоор төлөвлөж буй дараагийн аймаг, сумдын тухайд?
-Одоо Сэлэнгэ аймаг болон баруун таван аймагт аянг нээхээр төлөвлөж байгаа. Ер нь шинэ оноос өмнө бүх аймагт хүрч ажиллана. Учир нь оны эцэст дүгнэлт хийх юм.
Т.Батсайхан: Бидэнд ялагдах эрх байхгүй
Намын удирдлагынхаа захидлыг гардаж, үүрэг хүлээсэн Сайнцагаан сумын III үүрийн дарга Т.Батсайхантай цөөн хором ярилцлаа.
-Ямар утгатай захидал хүлээж авав?
-Намын удирдлагын захидалд хороо, үүрийн дарга нар айл болгонд, хүн бүрт хүрч ажиллахыг үүрэг болгосон байна. Ингэснээр намын үүр, хороодын ажил уялдаж, хамтарч ажиллах нөхцөл бүрдэнэ. Хоорондын уялдаа холбоо ч сайжирч, идэвхжих сайн талтай.
-Аяны онцлог, ач холбогдлыг хэрхэн ойлгож байна вэ. Энэ талаар дэлгэрүүлж яривал?
-Улс орны эдийн засаг хямарсан. Үүнийг дагаад ард иргэдийн амьдрал хүндэрсэн. Гадаадын зээлээр амьдрах боллоо. Тэгтэл ирэх жилээс авсан зээлээ буцааж төлж эхэлнэ. Мөн цаашид төр засгийн ийм нөхцөл, байдал удаан үргэлжилбэл хэрхэхийг хэлж мэдэхгүй. Ийм хүнд үед МАН энэ аянг өрнүүлж байгаа нь иргэдийн сэтгэл санааг өргөсөн, сайхан хэрэг болж байна. Урьд, урьдын жилүүдэд ч гэсэн хэцүү байдлаас зөвхөн МАН гаргаж байсан түүхтэй. Энэ удаад ч гэсэн “Бид хамтдаа” аянаар нэгэн сэтгэлээр зүтгэж, улс орноо хүнд байдлаас гаргаж чадна. Өөрөөр хэлбэл, аянаар дамжуулж, ард иргэдээ сонсоно. Ингэснээр ирэх сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө босно. Үүнд аяны онцлог бий.
-Иргэд аянг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Манай аймгийн иргэд аянд хэр их ач холбогдол өгч байгааг энд цугласан хүмүүсээс ойлгож болно. Ирэх жилийн сонгуульд манай нам ялагдах эрх байхгүй. Ард иргэд биднийг харж байна. Итгэж ч байна. Дэмжиж байна. Тиймээс бид ялагдвал монголын ард түмэн ялагдана гэсэн үг.
Залуу малчид нийгмийн даатгалд хамрагдахыг хүсэв
Мөн энэ үеэр Монгол Ардын Намын дэргэдэх НАМЗХ-ны 1000 гишүүний чуулга уулзалт боллоо. Чуулга уулзалтад тус аймгийн 15 сумын хороо, 66 үүр болон аймаг сумын намын хорооны дэргэдэх ахмадын холбоо, нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны гишүүд, дэмжигчдийн төлөөлөл оролцсон. Мөн Монгол Ардын Намын эмэгтэй гишүүд, дэмжигчид чухал ач холбогдол өгч оролцож байгааг энд онцолж болно. Чуулгад оролцсон залуус айраг уун дэмбээдэж, олс татан өрсөлдөж, урлаг соёлоор өөр хоорондоо наадав. Цаашлаад манай улсын эдийн засаг хямарсан, худалдан авах чадвар муудсан, нүүрсний үнэ унасан, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн үнэгүйдсэн гээд олон асуудалтай бид нүүр тулж буй. Тэгвэл ийм цаг үед улс орны хөгжилд залуучууд хэрхэн оролцож болох талаар НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч Г.Өнөрбаяр “Улс орон хямарснаар хамгийн их хохирдог нь залуучууд юм. Тиймээс бид энэ үеийг хэрхэн давж, хаана хандахыг нэг бүрчлэн дор бүрнээ тунгаах цаг үе ирсэн байна. Энэ утгаараа энэ уулзалт үр дүнгээ өгч байна. Тухайлбал, Дундговь аймгийн залуу малчдын төлөөлөл зөв зүйтэй санал дэвшүүллээ. Залуу малчид нийгмийн даатгалд хамрагдахыг хүсч байна. Энэ мэт асуудлыг ярьж байна. Ажил хэрэг болох гарцыг ч бид хамтдаа эрэлхийлнэ” гэв.
Одоо байгаа Засаг дарга “Хууль бус” гэсэн шийдвэр гарчээ
Харин орон нутагт эдийн засгийн болон элсний нүүдэл, бэлчээрийн хомсдол хийгээд ундны усны хомсдол үүсэх зуурт улс төр, эдийн засаг нь тогтвортой бус аж. Энэ талаар аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, МАН-ын тэргүүлэгч, Говь-Угтаал сумын МАН-ын дарга Б.Доржсүмбэр “Манай аймагт эдийн засгийн хямрал гэхээсээ илүүтэй удирдлагын мэдлэг дутуугаас давхар хямрал үүсдэг. Аймгийн өнгөрсөн жилийн төсвийг ашиг сонирхлын үүднээс олонхиороо түрий барьж, хүчээр баталсан. Аудитын зөвлөмжийг хүлээж аваагүй 1.6 тэрбум төгрөгийн хууль зөрчсөн төсөл орж ирсэн. Уг нь улс даяар хямарч байгаа өнөө цагт илүү сайн ажиллах, хэрэгтэй зүйлдээ хөрөнгө зарцуулах нь хэнд ч ойлгомжтой тодорхой зүйл” гэв. Нөгөө талаар тус аймагт уул уурхайн ашиглалтын лиценз олгогдож буй. Сүүлийн жилүүдэд зуд турхан болоогүй учраас таван хошуу малын тоо ч өссөн. Гэвч энэ бүгд өнөөх ундны ус болон бэлчээрийн хомсдол үүсэхэд сөрөг нөлөө үзүүлж буй.
Аймгийн удирдлага буюу Засаг даргын асуудал ч өнөөдөр Улсын Дээд шүүх дээр хүлээгдэж байгаа. Энэ тухай Дундговь аймгийн Засаг дарга асан С.Сүхбаатар “Намайг огцруулах иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаагүй. Асуудлыг хэлэлцээгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хурлаас одоо байгаа засаг даргыг “Хууль бус Засаг дарга юм” гэсэн шийдвэр гарсан. Одоо энэ асуудал Дээд шүүх дээр хүлээгдэж байна. Энэ сард амжиж нэг тийш болох байх” гэлээ.
Ийн мянга мянган залуусын уухайн дуу хадсан Дундговь аймагт гурван өдөр болж өнгөрсөн “Бид хамтдаа” аян галын наадмаар өндөрлөсөн. Дундговь аймгийн залуус ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж, цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэлцэн сум сумын зүг хүлгийн жолоо залсан юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.