"Элэг нэгтэн" кино мэргэжлийнхний шүүлтээр орж, "тэдний сэтгэлийн утсыг хөндлөө"

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 15

"Доз Плас" интертайментийн шинэ дэлгэцийн бүтээл болох "Элэг нэгтэн" киног мэргэжлийнхэн шүүлээ. Киноны найруулагчаар Ш.Доржсүрэн, продюсераар А.Мөнгөнзул, зохиолчоор Ш.Доржсүрэн, Ж.Дүүрэн төгс, Ц.Байгалмаа нар ажилласан юм.

Гол дүрүүдэд А.Мөнгөнзул,М.Тэргэл, Напаткорн Митр Ет, Витаяя Пансринграм, Ковит Ваттанакул, Сайча Вонгвирот нар оролцон тогложээ.

 

Энэ сарын 14-нд St'udio-д тус киноны хаалттай үзлэг болж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Уг арга хэмжээнд Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа, Кино шүүмжлэгч, сэтгүүлч СГЗ Г.Золжаргал, Монголын кино урлагийн Академийн тэргүүн Б.Цогтбаяр, Монголын кино урлагийн зөвлөлийн гишүүн жүжигчин О.Гэрэлсүх, кино театруудын манежер нар хүрэлцэн ирсэн юм.

Мөн "Элэг нэгтэн" киноны гол дүрийн жүжигчин А.Мөнгөнзул, Киноны ерөнхий найруулагч Ш.Доржсүрэн нар кино шүүмжлэгч болоод судлаачдын үгийг хайрамгүй сонсож Монголынхоо кино урлагт болохгүйгээс болж буйг хүртэл хэлэлцэв.

 

-Киноны сэдэв мэргэжлийнхний сэтгэлийн утсыг хөндлөө-

Б.Цогтбаяр Миний зүгээс хэлэх хоёр л юм байна. Нэгдүгээрт, Ш.Доржсүрэн, А.Мөнгөнзул хоёр ажлаа хийж явна. Энэ хоёр дандаа шинэ зүйл сэдэж байдаг. Найруулагч Ш.Доржсүрэнг их үнэлдэг. Яагаад гэхээр гаднын найруулагчтай яаж үгээ ойлголцдог юм бол. Энэ л надад оньсого шиг байгаа юм. Монгол оператор-тойгоо ажиллаад байгаа хэрнэ ойлголцохгүй байх үе бий. "Элэг нэгтэн" кино сайхан уран бүтээл болж. Ийм хүмүүсийг л төр засаг дэмжээд, дуншаад байгаа хуулиндаа өөрийнхөө хөрөнгөөр хийсэн бүтээлд тодорхой хэмжээний урамшуулал олгодог байхыг тусгахад гэмгүй. Уран бүтээлч хүн амьдарч байгаа орчноосоо ядахдаа 5-10 жилийн өмнөхийг хардаг байх үүрэгтэй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар анхааруулга өгсөн юм болов уу. 

Г.Золжаргал Сүүлийн үед хийгдэж байгаа кинонуудын талаар уран бүтээлчидтэй ярилцаж байхад кино дуу, зураг авалтын талаар санаа оноогоо илүүтэй хуваалцдаг. Би сэтгүүлч мэргэжилтэй учраас одоо харин уран бүтээлчид хийж байгаа бүтээлийнхээ сэдэв, зохиолын тухай ярих цаг нь болжээ гэж "Элэг нэгтэн" киноноос харлаа. Энэ талаар сэтгүүлчид, зохиолч, судлаач бүүр цаашлаад хуульчид нарыг хамруулж ярихаар сэдэв байна. Яагаад гэвэл энд амьдрал яригдаж байгаа болохоор. Би өнөөдөр гурван асуудал хэлье.

Нэгдүгээрт, Кино уран бүтээлийн хөгжлийн тухай. Сайн кино гэж юу вэ? Манай уран бүтээлчдийн киногоо сайжруулах нэг арга зам нь гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллах. Үүнийг найруулагч Ш.Доржсүрэн, А.Мөнгөнзул хоёр маань тууштай бас эрсдэлтэй алхмыг хийж кино болгоноо бүтээдэг.

Хоёрдугаарт, Төр шийдэж чадахгүй яриад л байгаа асуудлыг энэ хоёр уран бүтээлч гэхээсээ илүүтэй нийгмийн зориг зүрхээрээ нийтлэгч байдлаар оролцож чаджээ.

Гуравт, Монголын кино урлагийг гадаадын кино урлагийнханд танилцуулах ажлыг энэ хоёр л хийгээд явна. Энэ хоёр маш чухал асуудал. Өнөөдөр үзсэн "Элэг нэгтэн" киноны тухайд нэг хэсэг нь талбай дээр гарч төр лүүгээ салаавч өгсөн, нөгөө хэсэг нь өндөг нь шидсэн, зарим нь  буу дуугаргаж тэмцлээ илэрхийлсэн. Ер нь муу төрийн зовлонг ард иргэд л үүрч зовоод байгаа юм. Муу төрийн өмнөөс уран бүтээлчид маань дуугарч. Тэдний дуугарах ёстой сэдвийг энэ хоёр уран бүтээлч сөх-өрөлтгүй авч явааг өнөөдөр дахиад би харлаа бас баярлаж байна. Нийгмийн асуудлын хувьд манай төр сонгохдоо ярьсаар байгаад суудлаасаа буугаад явчихдаг хүмүүсийн өмнөөс төр өөрөө мэдсэн ч мэдээгүй юм шиг юу ч хийхгүй байгаа ийм арчаагүй байдлын өмнөөс сэтгэл нь зовоод хөнджээ. Сүүл сүүлдээ үндэстэн дамнасан гэмт хэрэг гэж айхтар болсон. Тэр нь ядуу буурай орнуудыг нөмөрдөг.  Ядуу буурай орнууд дотроо ядуу хүмүүсийг нөмөрдөг. Ийм сэтгэл эмзэглүүлсэн зүйлийг орхигдуулахгүй яваад байгаа нь сайхан санагдлаа.

Энэ бол иргэний зориг. Маш чухал асуудал юм аа гэж үзэж байна. Ялангуяа Зүүн Өмнөд Азийн ихэнх улс орон дамнасан гэмт хэргийн гол зохион байгуулагч нь Тайланд орон. Энд ядарсан Монголчууд амьдралын төлөө өртөж болзошгүй, өртөөд байгааг харуулжээ. Энэ зохиомол гэхээсээ илүүтэй болсон явдал байх гэж бодож байна. Энэ киноны нийгмийн ач холбогдол нь үүнд байгаа юм гэдгийг цохон тэмдэглэж хэлье.

 

-Төвөгтэй, эрсдэлтэй зураг авалтуудыг Таиландад авчээ-

Ц.Ариунаа Би Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирлын ажлын хажуугаар кино продюсер хийдэг. Би продюсер хүнийхээ хувиар хэдэн зүйл хэлье. "Элэг нэгтэн" кино их төвөгтэй зураг авалт ихтэй болж. Хэдэн байршилд авсан байсан бэ, олон хүн орсон зураг авалттай нэлээд төвөгтэй улсын онцгой хамгаалалтад байдаг болов уу гэмээр объектууд байна. Тухайлбал, Таиландын шорон,  сүм ,зах, гааль дээр гээд маш олон хүнд зураг авалтыг хийжээ.Илүү олон газрын зохион байгуулалтад оржээ. Сүүлийн үед Монголын уран бүтээлчид олон улсын багийг тэр болгон кредиттэй бичээд байдаггүй. Тэгэхэд энэ киноны кредитийн бараг 80 хувь нь гаднын хүмүүсийн нэр байна.  

Тэр хүмүүс бүгдээрээ үнэгүй ажиллаагүй байлгүй дээ. Тэгэхээр Монголын кино урлагийн салбарынхан Тайланд улсын эдийн засагт тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулаад  цаашлаад Монголын киног сурталчилж явж байна гэсэн өнцгөөс харахад маш их дэвшилттэй кино болсон байна гэж үзэж байна. Зөвхөн тархан суурьшсан Монголчуудын тухай биш тархан суурьшсан Монголчуудаар дамжуулаад бид нар хүн учраас бидний асуудал нэг. Тэнд байгаа хүмүүсийн Монгол хувилбар нь ч энд байдаг. Монголд байгаа хүмүүсийн хувилбар ч тэнд бий. Тэгэхээр асуудал нь дэлхий хавтгай болж, даяаршиж байгаа энэ цаг үеийг харуулж чадсан гэж бодож байна. Утга санааны хувьд ч зайлшгүй шаардлагатай  зүйлийг өгүүлжээ. 

О.Гэрэлсүх "Элэг нэгтэн" киноны хаалттай үзлэгийг хийж байгаа нь тун сайшаалтай. Уран бүтээлчид шууд бүтээлээ үзэгчдэд нийлүүлчихдэг. Хуучин бол кино үзлэгийг хийдэг байлаа. Эхний үзлэгийг мэргэжлийн хүмүүст мөн кино театрын төлөөллүүдийг оролцуулан үзүүлж байгаа нь талархууштай. Киног үзэхэд, сэдвийн хувьд Монголын ард түмэн, кино үзэгчдэд сургаал болохоор сэдвийг сонгожээ. Хүний наймааны золиос болж хүний хувь заяаны ээдрээг харуулсан бүтээл болжээ. Найруулагч Ш.Доржсүрэн, А.Мөнгөнзул хоёр гадаадад кино хийх ажилд их гаршиж байна. Тухайлбал, "Кино шиг амьдрал", "Хөх толбот хүмүүс"  Дүүлэн нис киноныхоо зураг авалтыг хийсэн.

"Элэг нэгтэн" кино нь гадаадад зураг авалтаа хийсэн дөрөв дахь уран бүтээл. Ингэж гаднын оронд киногоо хийж байгаа  кино компани алга. Монголын жүжигчид яаж гадаад гарах уу, гаднынханд яаж Монголд кино хийлгэх үү гэж ярьж байгаа болохоос биш Монголын киночид өнөөдөр гадаад очоод гаднын уран бүтээлчидтэй хамтарч кино хийж байгаа нь ганцхан "ДОЗ Плас" интертаймэнтийнхэн л байна даа. Өөрөөр хэлбэл Монголын  кино урлагийг  сурталчилж таниулж байгаа хэрэг юм энэ бол үнэхээр сайшаалтай хэрэг.

-Хамгийн түрүүнд сайн юм хийхийг л эрмэлздэг-

Ш.Доржсүрэн Кино олон үе шатаар дамжиж гардаг. Энэ болгон бол дэлхийн бүх л хүмүүс хийдэг зүйл. Үүнийг нэг их гайхуул-алаад байх  зүйл байхгүй. Ганц гол зорилго нь хэн юу хийх, юу үзэх, хэн юуг хүлээж авах ёстой вэ гэдэг л асуудал. Энэ зохиолыг бичихийн тулд олон хүмүүстэй уулзсан бас хамтарсан. Кино хийнэ гэдэг нь хамгийн гол зүйл биш ганцхан юу өгүүлж  байна вэ гэдгээрээ гол. Гар утсаараа бичсэн байсан ч гэсэн үнэн зүрхний үг л байх ёстой. Энийг л хүмүүст хүргэхийг хүссэн юм. Тэрнээс биш мундаг камераар бичсэн, мундаг жүжигчид тоглосон гэж хэлэхийг хүсэхгүй байна. Энэ бол хийдэг л зүйл. Гол  зүйл нь Монголчууд бид нар бие биедээ итгэхгүй байна. Бидэнд сүүлийн боломжийг л олгочхоод байгаа юм болов уудаа. Энэ сүүлийн боломж нь юу гээч Бие биенийгээ хайрладаг байгаасаа гэж л хүссэн юм.  Бид тархинд биш зүрхэнд нь очоосой л гэж хүсэж хийсэн. 

Зуун минутын кино хийхийн тулд бараг бүтэн хоёр жилийн хөдөлмөр орлоо. Сэтгэл зүрхний гүнээс гарсан юм шүү. Жишээ нь Дооёо нь найруулаад Зулаа нь тоглоод гэдэгтээ биш. Утга агуулга нь их өөр. Гаднын хүмүүсийг тоглуулахаар өндөр өртөгтэй нуугаад яахав. Олимпд оролцож байгаа юм шиг бид их олон саадыг давааг туулсан.

А.Мөнгөнзул Өөрийнхөө хүндэлдэг Монголын  кино урлагийн түүхийг надаас илүү  мэддэг хүмүүстэй цуг суугаад кино урлагийн сэдвийн талаар ярина гэдэг миний хувьд балчирдана. Харин энэ киноны продюсер-ийн хувьд хэдэн зүйл хэлэхэд "Элэг нэгтэн" киноны маань хаалттай үзлэг боллоо. Уран бүтээлч хүн бүрт өөрийн гэсэн эмзэглэл тээж явдаг. Энэ эмзэглэж байгаа зүйлээ уран бүтээлээрээ илэрхийлэх ёстой байдаг. Тэгж байж урлаг өөрөө амьдралаас төрнө. Хүн өөрийнхөө бодсон зорилгыг ямарваа нэгэн байдлаар эрсдэлтэй үед зарим нь урам хугарах, сэтгэлээр унах зэрэг өчнөөн олон асуудал тулгарах үе бий. Мэдээж энэ киног хийхэд дөрвөн жил гаднын улс оронд кино зургаа авахад хүнд хэцүү зүйлтэй бишгүй нүүр тулж байлаа. Тэглээ гээд зорилгоосоо ухарсангүй. Бидний туйлын зорилго бол хүнд хэрэгтэй юм хийх юмсан гэж боддог. Тэрнээс биш хэн нэгэн энэ киногоор алдарших юм уу эсвэл мөнгө олох гэдэг ойлголт бол нэн тэргүүний асуудал бол биш.

Хамгийн түрүүнд сайн юм хийхийг л эрмэлздэг. "Хөх толбот хүмүүс" киног үзээд хүмүүс  эх орон минь хамгаас үнэтэй юм гэдгийг ойлгоосой. "Амьдрах тасалбар" киноны төгсгөлд жүжигчин С.Болд-Эрдэнийн хэлдэг монологийг  сонсоод хүн зөв амьдрах нь хамгийн чухал юм байна гэдгийг мэдрээсэй . “Дүүлэн Нис” киног үзээд  Монгол хүний үнэ цэн  алдагдаж байгааг мэдрээсэй түүний нэгэн адил "Элэг нэгтэн" киног үзээд төгсгөлд нь "бид л  бие биеэ хайрлах  элэг нэгтнийхээ төлөө  байх ёстой юм байна" гэдгийг сэтгэлдээ мэдрээсэй л гэж энэ киног хийсэн юм. Урлагаар дамжуулж ард түмэндээ хүргэхээр зорьсон нь энэ. Өнөөдөр манайд стандарт гэдэг зүйл мартагдсан байна. 

Бид нар яагаад заавал гадаадад киногоо хийгээд байна гэхээр бид өөрсдөө нэн даруй суралцах хэрэгтэй. Ингэж сурч, мэдсэн зүйлсээ бусадтайгаа хуваалцах ёстой. Золоо ах түрүүн хэлсэн Соёлын яамныхан кино урлагтаа анхаарахгүй байхад Доз-ынхон нийгмийн бодлогыг бариад явж байгаа гэсэн нь бид нарт их сайхан санагдлаа.  Жишээ нь бид киногоо бүтээхдээ доод тал нь арван хүн дагуулж явдаг. Энэ утгаараа  киночид маань  юм үзэж нүд тайлдаг  мөн их  туршлага хуримтлуулж байгаа. Азийн томоохон нэр хүндтэй жүжигчидтэй хамтарч ажиллана гэдэг бид нар их туршлага. Монголынхоо киног тодорхой хэмжээнд таниулах гэсэн эрмэлзэл байсан юм аа. 

-Азийн кино урлагаас суралцах зүйл их байна-

А.Мөнгөнзул Таиландын кино урлагийн системээс ажиглагдсан зүйлүүдээс хуваалцъя. Кино урлагийн бодлого нь үнэхээр мундаг жүжигчдээ дээд зэрэгт  зохион байгуулалттай аваачсан байна гэдэг нь харагдлаа.Биднийг хамтран ажиллахаар кино зохиолоо  Соёл спорт аялал жуулчлал  яамны харъя Кино Төвд  зохиолоо шалгуулж 10 хүн нь англи хэл, нөгөө 10 хүн Тайланд хэл дээр шалгаж байгаа юм. За тэгээд болохгүй байгаа зүйлээ хэлж ярилцаад засна. Үүний дараагаар зураг авах объектуудаа танилцуулна. Ингэсний дараа өөрийнхөө улсын уран бүтээлчид болоод улсыг нь муу хэлж байна уу гэдгийг нэг бүрчлэн шалгаж, хянадаг маш том цензур тавьдаг . Түүний дараа олон шат дамжлагын дараа кино хийх зөвшөөрөл албан бичгээр олгогдсон. Киноныхоо уран бүтээлчдийн ажиллах цагийг хүртэл зааж тогтоосон байдаг. Тэгэхэд бид нар бор зүрхээрээ Монголынхоо кино урлагийг олонд таниулчих юмсан гэж хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн явж байгаа. Гэтэл энд зайлшгүй төр засгийн бодлого  дэмжлэг нь орсон байна. Манай энэ  бодлого дэмжлэг ус агаар шиг хэрэгтэй байна.

Бид Холливуд  Европ гэхээсээ илүүтэй  ядаж л наанадаж  Ази Өмнөд Азийн киноны төвшингээс суралцах хэрэгтэй байна.

 Ц.Ариун Зулаагийн ярьж байгаа стандартын талаар хэдэн үг хэлье. Техникийн хэлээр стандарт гэдэг чинь юу юм бэ. Кино баг тэдэн хүнээс бүрдэнэ. Нэршил заасан камер байна, тэгж авна гэсэн нэг ёсондоо хязгаарлах юм. Тэгэхээр киног стандартчилах хэрэггүй. Яагаад гэхээр олон улсын кино наадамд хамгийн бага төсвөөр хийсэн кино, гар утсаараа хийсэн гээд олон бүтээл өрсөлдөж байдаг. Тиймээс Доржсүрэн найруулагчийн хэлснээр кино хамгийн гол нь ямар санааг хэлж байгаа нь чухал болохоос бид нар өнөөдөр стандартчилж өгөөч ээ гээд байвал техникийн хүн гарч ирээд кино хийхэд бүүр төвөгтэй болж ирнэ. Ямар нэгэн хууль дэмжлэгийн ард дандаа хүнд суртал явж байдаг. Тиймээс дэмжих нь чухал гэдгийг харуулсан хууль гарах байх гэж найдаж суугаа. Хоёрдугаарт Ш.Доржсүрэн найруулагч  Уг нь бие биеэ хайрлах хамгийн амархан юм байхгүй юу гэсэн. Бид нар хайрлахын тухай л ярих хэрэгтэй. Яагаад гэвэл хайрлах хамгийн хэцүү учраас тэр дэлхийн том сэдэв байсаар байгаа юм.Хайрлах чинь хүн төрөлхтний хамгийн хүнд хэцүү . Тийм учраас л мөнхийн сэдэв. Үүнийг хийхэд хэцүү тиймээс бид нар чиний сэтгэлээсээ хийсэн зүйлийг ойлгож байна. Дооёо чи цуцахгүй  эргэж буцахгүй юм аа хийгээд л бай. Хоёр жил тутамд кино хийж байна гэдэг нь маш том аз. Мундаг байна.

 

Г.Золжаргал Бид нар телевизийн нэвтрүүлэг бэлдээд 1990-ээд оны дундуур 2000 он хүртэл нийгмийн асуудал хүнд байгааг харуулах гэж доошоо орж маш олон нэвтрүүлэг хийсэн л дээ. Доошоо гэдэг нь нийгмийн хүнд давхаргуудын талаар хийсэн гэсэн үг. Энэ нэвтрүүлгээ цагийн хүрдний дараа юм уу оройны 9-10 цагийн үед гараасай гэж их боддог байлаа. Ингэдэг нь яаж байгаа юм гэхээр аль болох олон хүн үзээсэй гэж сэтгэл зовж байсан юм.

Болдог бол энэ шинэ гарч байгаа энэ бүтээлийг 9,10,11 дүгээр ангийнханд үнэгүй үзүүлээсэй гэж бодлоо.Асуудал байгаа учраас л. Кино театрт үүрийн жингээр гараад үдшийн бүрийгээр орж ирээд амьдралын төлөө зүтгэж яваа олон хүмүүс кино театрт очих завгүй ажиллаж, амьдарч яваа. Нийгмийн чанартай киног олон хүмүүст үзүүлж тэр дундаа амьдралд хөл тавьж байгаа залууст  болдог бол зохион байгуулалтай үзүүлээсэй гэж сэтгүүлчийн хувьд бодож суулаа.

 

Х.Даваа

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх