Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 20
З.Бат
УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр гэдэг эрхэм байх. Молекул Батбаяр гэх нь бий. Мань эртэй холбоотой мөнгө төгрөг, тендерийн асуудал байсгээд л хэвлэлээр гарч ирнэ. Тэгсгээд л сураг алдарна.
Хэдэн жилийн өмнө БХЯ-наас албан хаагчдын орон сууц барина гэж 10 тэрбум төгрөгийг нь авчихаад одоог хүртэл барилгаа босгож ашиглалтад өгөөгүй байдаг. Уг нь гүйцэтгэлээр, тодорхой хувиар тасалж өгөх учиртай. Гэтэл Батж.Батбаяр 100 хувь авчихсан. Сүүлдээ өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ нэр дээр байдаг олон компанийн дунд шидээд асуудлыг бүдгэрүүлэхээр оролдож буй “сураг”-ийг хэвлэлүүд бичиж байна. Мөн Бүрэнхааны фосфоритын орд тойрсон маргаан байна. Тэр ордыг түүний хүү Б.Батхишигийн “Талст маргад” ХХК эзэмшдэг байв. 2013 онд Дээд шүүх энэ ордыг ашиглах нь байгаль экологид ноцтой хохирол учруулж, Хөвсгөл далайн экосистемийг эвдэнэ гэсэн шалтгаанаар лицензүүдийг нь цуцлах шийдвэр гаргаж байв. Гэтэл энэ жил уг асуудлыг Дээд шүүх 2013 оны бүрэлдэхүүнээрээ дахин хуралдаад лицензүүдийг сэргээсэн байна. Энэ мэтийн маапаантай асуудлууд хөвөрч л байдаг ажээ.
Хамгийн сүүлд, энэ сарын 18 буюу өнгөрөгч баасан гаригт иргэн Ч.Долгормаа АТГ-т ханджээ. Тэрээр Батж. Батбаярын хохирогч юм байна.
“Кашмир консепт” ХХК-ийг байгуулсан нь
УИХ-ын гишүүн Батж.Батбаяр, иргэн Ч.Долгормаа нар хамтран 2007 онд “Кашмир консепт” ХХК-ийг байгуулав. Энэ компани нь ноолууран утас ээрэх, эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэртэй байхаар төсөв хөрөнгөө зохиож ажилдаа оржээ. Ингээд тал талаасаа хөрөнгө, мөнгөө гаргаж, 2009 онд Италиас үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж ирэв. Мөн томоохон ажлын байр түрээсэлж, тоног төхөөрөмжөө суурилуулсан байна.
Иргэн Ч.Долгормаа тухайн үед өөр ажил эрхэлж байсан тул “Кашмир консепт” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг Батж.Батбаярын талынхан хариуцахаар болсон байна. Түүний хүү хүү, өдгөө “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байгаа Б.Батбилэг “Кашмир консепт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах болжээ. Б.Батбилэг “…эргэлтийн хөрөнгө шаардлагатай байна. Мөнгө нэмье” гэснээр үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг банкны барьцаанд тавиад эргэлтийн зээлээ авчихав. Ажил нь ч овоо урагштай байж. Монголын ноолуурын тэргүүлэх компаниуд болох “Гоёо”, “Blue sky”, “Алтай кашмир” компанидын утсыг бэлтгэх ажлыг гүйцэтгэх болжээ.
5.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд төслийг нь дэмжив
“Кашмир консепт” ХХК хоёр жил орчим ажиллав. Энэ хооронд Б.Батбилэг төрд ажиллахаар болсон тул компанийн гүцэтгэх захиралаар дүү Б.Баттулга нь ажиллах болов. Дараа нь Б.Батхишиг нь энэ албан тушаалд ажиллалаа.Энэ мэтээр Батж.Батбаярын хүүхдүүд хамтарсан компанийг удирдаж байжээ.
2011 онд УИХ-ын “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх тухай” 30 дугаар тогтоол гарч, үүнийг хэрэгжүүлэх зорилгоорЗасгийн газрын бондын хөрөнгөөр үйлдвэрлэгчдийг дэмжихээр болж, үүн дотор Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгохоор болов. Энэ сонгон шалгаруулалтад оролцохоор ноолуурын компаниуд нэгдэж “Монгол ноолуур нэгдэл” байгуулжээ. Энэ нэгдэлд“Кашмир консепт” ХХК ч хувь эзэмшин оролцсон байна. Нэгдэлд багтсан компаниуд төслөө Засгийн газарт өгч, улмаар тэр үеийн ХХААХҮ-ийн сайд 2011 оны долдугаар сарын 10-нд А/128 тоот тушаал гаргаж, төслийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Зохицуулах зөвлөлийг байгуулжээ. Энэ зөвлөлийн эхний хуралдаанаар “Кашмир консепт” ХХК-д 5.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл олгохоор болов. 2011 оны наймдугаар сарын 19-нд тус Зохицуулах зөвлөлийн дарга, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга “Кашмир консепт” ХХК-ийн төсөл 5.0 тэрбум төгрөгөөр дэмжигдсэнийг албан тоотоор мэдэгдсэн байна. Уг тоотод “…Танай компанийн төсөл 5.0 тэрбум төгрөгөөр дэмжигдсэнийг мэдэгдэж, ажлын байр нэмэгдүүлэх энэ оны аянд амжилттай ажиллаж байгаад баяр хүргэж байна. Тус яам арилжааны банкуудтай байгуулсан гэрээний дагуу танай компани саналыг харгалзан байнгын сайн түншийн харилцаатай байдаг “Хас” банкинд төслийн тодорхойлолтыг хүргүүлсэн тул 10 хоногийн дотор багтаж холдогдох банктайгаа харилцана уу” гэжээ. Дээрх төсөлд нийцэж, шаардлагыг нь хангасан компани цөөхөн бөгөөд “Кашмир консепт” ХХК ноолууран утас ээрдэг Монголын цөөхөн сайн компанийн нэг гэдгээрээ шалгарсан аж.
Зээлдсэн мөнгө сураггүй болсон нь
“Кашмир консепт” ХХК-ийн хувьд ийн үйл ажиллагаа нь өргөжин тэлэх ийм хэмжээний хөрөнгө шийдэгдэв. Ингээд компанийн гүйцэтгэх удирдлагууд “Хас” банкинд хандаж, хөнгөлөлттэй зээлээ авчрах үүргийг хүлээсэн нь мэдээж. Гэвч зээл орж ирдэггүй ээ. Хувьцаа эзэмшигч, иргэн Ч.Долгормаа хааяа “…Юу болж байна” гэж асууна. Нөгөөдүүл нь “..Бүтддэггүй ээ, хөөцөлдөж байна” гээд л яваад байж.Гэтэл уг мөнгө өөр компани руу орж, шал өөр зүйлд зарцуулагдсаныг иргэн Ч.Долгормаа олж мэдэв.
Тодруулбал, тэрхүү 5.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тухайн үед УИХ-ын гишүүн байсан Батж.Батбаярын гэр бүлийнэзэмшлийн “Спейшл интернэшнл” ХХК руу шилжүүлсэн авсан байжээ. Тэгээд ч зогсохгүй, өөрийнхөө өр зээлийг дарахад зориулсан байж. Энэ тухай Батж.Батбаяр нарт хэлэхэдбизнесийн хамтрагч болох иргэн Ч.Долгормааг дарамталсан аж.
Ноолууран утас ээрэх үйлдвэр хаалгаа барив
Тиймээс иргэн Ч.Долгормаа 2014 оны зургадугаар сард анх АТГ-т ханджээ. Тэрээр “…Батж.Батбаяр УИХ-ын гишүүний албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хүү Б.Батхишиг, Б.Баттулга нартай Компанийн хууль болон дүрмээр олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, “Кашмир консепт” ХХК-ийн бусад хувь эзэмшигчийн санал, зөвшөөрөлгүй, мэдэгдэлгүй, тодорхой зориулалтын төсвийн хөрөнгөөс 5.0 тэрбум төгрөгийг завшиж, хууль бусаар хөрөнгөжсөн байна. …Мөн Батж.Батбаярын энэхүү хууль бус үйл ажиллагаанаас болж манай “Кашмир консепт” ХХК болон хувьцаа эзэмшигч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж үйл ажиллагаа маань дампуурахад хүрч, эдийн болон эдийн бус хохирол амсч байна” гэж АТГ-т хандсан өргөдөлдөө бичжээ.
Үнэхээр ч өнөөдөр “Кашмир консепт” ХХК-ийн хувь заяа тун бүрхэг болсон байна. Батж.Батбаяр нар компанийн гүйцэтгэх удирдлагыг барьж байхдаа үйлдвэрийн байрны түрээсийг огт төлж байгаагүй. Бас тоног төхөөрөмжөө барьцаалан авсан зээл нь бараг тэр чигээрээ үлдсэн байна. Тиймээс байраа түрээслүүлж байсан байгууллага үйлдвэрийг нь лацдаж, өдгөө сул зогсоод хоёр жил болж буй ажээ.
“Спейшл интернэшнл”-д 5.0 тэрбум хэрхэн очив?
УИХ, Засгийн газраас дэмжиж олгосон хөнгөлөлттэй зээл ноолууран утас ээрдэг “Кашмир консепт” ХХК-д очих ёстой байв. Гэтэл замаас нь авчихсан “Спейшл интернэшнл” ХХК ноолууран утас ээрдэггүй. Ийм үйл ажиллагаа огт явуулдаггүй. Хавар болохоор ноолуур худалдаж авдаг. Дараа нь тэрийгээ өмнөд хөрш рүү ч юм уу экспортолдог компани юм байна. Ер нь бол Батж.Батбаяр болон түүний хүүхдүүдийн нэр дээр байдаг олон компанийн нэг. БХЯ-наас ажлаа хийлгүй 10 тэрбумыг авсан асуудалд нэр холбогдсон компани. Замын дундаас нэр нь өөрчлөгдөөд алга болчихдог, сүүлд “Хөмотэ” болсон ч гэдэг бил үү.
Ингээд “Спейшл интернэшнл”рүү шилжүүлсэн мөнгөө Батж.Батбаяр яамнаас хуваарилсан “Хас” банкнаас бус “Голомт” банкнаас авчихжээ. Энэ хооронд иргэн Ч.Долгормаа зүгээр суусангүй. Энэ талаар “Спейшл интернэшнл” ХХК-аас асуусан байна. “…Яагаад ийм юм болчихов” гэвэл “Танд хамаагүй. Бид энэ зээлийг авсан юм” гэдэг аж. Бас “Голомт” банкнаас асуувал “…Спейшл интернэшнл”-ээс асуу гэдэг. Гэхдээ иргэн Ч.Долгормаа “Спейшл интернэшнл” ХХК нь “Кашмир консепт” ХХК-ийн нэр төслийг ашиглан, Голомт банкнаас 5.0 тэрбум төгрөг гаргуулан авсан нь цаанаа авлигын, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байна гэдгийг АТГ-т хандсан өргөдлүүддээ онцолжээ.
АТГ нотолжээ, гэхдээ…
Иргэн Ч.Долгормаа 2014 оны зургадугаар сараас хойш АТГ-т нийт 12 удаа гомдол бичсэн байна. Энэ хооронд өргөдөл хүлээн авсан АТГ уг төслийн мөнгө хаачсаныг асууж сураглажээ. Гэхдээ эрхэм гишүүн байсан Батж.Батбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж чадаагүй байна. 2014 оны арваннэгдүгээр сарын 6-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалд албан тоот илгээсэн байна. Түүндээ “… Тус хэлтсээс “Спейшл интернэшнл” ХХК-ийн захирал Б.Батхишиг нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Мөрдөн байцаалтаар “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИх-ын 2011 оны зургадугаар сарын 3-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээс дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах журам”-ыг баталж, тус журмын дагуу “Спейшл интернэшнл” ХХК болон “Кашмир консепт” ХХК нь зээл авахаар төсөл бичин шалгарч, “Спейшл интернэшнл” ХХК нь “Голомт” банктай 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр ЗГ8115005270 дугаартай дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээ байгуулж 4.1 тэрбум төгрөгийг, мөн дахин 2012 оны арванхоёрдугаар сарын 29-нд ЗГ81105005670 дугаартай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулж 900 мянган төгрөгийн зээлийг тус тус ноолуур боловсруулах зориулалтаар жилийн долоон хувийн хүүтэй авсан боловч тус компани нь авсан зээлээ өөр бусад аж ахуйн нэгжүүдийн зээл, зээлийн хүүг төлөхөд зарцуулж, зориулалт бусаар ашигласан нь тогтоогдсон. “Спейшл интернэшнл” ХХК-ийн дээрх үйлдэл нь Засгийн газрын 2011 оны долдугаар сарын 6-ны өдрийн 211 дүгээр тогтоолоор батлагдсан “Ноолууран утас болон эцсийн бүтээгдсэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээс дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах журам”-ын 1.2, 6.1, 6.2. “Спейшл интернэшнл” ХХК-аас Голомт банктай 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр байгуулсан ЗГ8115005270 дугаартай, 2012 оны арванхоёрдугаар сарын 29-нд байгуулсан ЗГ81105005670 дугаартай дамжуулан зээлдэх гэрээний 3.1.4, 5.1-д заасныг тус тус зөрчсөн байна” гэжээ. Гэхдээ АТГ-ын хувьд уг асуудлыг нарийн сайн шалгаж эхлээгүй тухай иргэн Ч.Долгормаа хэлж байгаа юм. Одоогоор БХЯ-нд орон сууц барьж өгнө гээд 10 тэрбум төгрөг авчихсан асуудалтай нь “наачихсан” байгаа. Угтаа энэ хоёр асуудал тэс өөр. Мөн АТГ-ын албан тоотод бичсэнээс харвал анх энэхүү төсөлд оролцсон байдал зэргээс эхлээд олон зүйл дээр нарийн шалгалт хийж амжаагүй аж.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.