“Эрүүгийнхэн”-д хайр зарлагсад

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 24 ・ 3

1442971981_eruu

Шинээр томилогдсон сайд нар “эрүүгийнхэн”-д хайр зарлаад эхэллээ. Яасан бэ гэсэн. Зам тээврийн сайд М.Зоригт “Дайны эрсдлийн сан” нэрээр санаанд ч багтамгүй их хөрөнгө гувчуулж, угаасан хэргээр шүүхээс ял сонссон МИАТ-ийн захирлуудын нэг Ц.Орхонг “учиргүй их” магтав.

 

1442971701_1442461061_zorigt

Ерөөсөө “их мөнгө угааж ял сонссон л болохоос биш салбартаа мэргэшсэн хүн. Түүнд итгэл хүлээлгэнэ” гэх утгатай жиргэж, олон нийтийн дургүйцлийг хүргээд авсан юм. Бүр М.Зоригт сайдыг “толгой нь хамуурсан амьтан” гэж хүртэл цоллоод авсан. Үүний дараа Ц.Орхон, Ч.Хоролсүрэн нарыг төрийн албаны өндөр албан тушаалд томилох нь гэсэн мэдээлэл цацагдах болсон билээ. Харин УИХ-ын дарга З.Энхболд “М.Зоригт сайдаа Ц.Орхон болон бусад шийтгүүлсэн нөхдөд нисэхийн салбарын хаалга хаагдсан” хэмээн хариу барьж шуугианы галыг цурман оруулав.

Гэвч цурманд орсон гал дахин авалзаж эхэллээ. Тодруулбал, Зам тээврийн сайдаас гадна Шадар сайд Ц.Оюунбаатар “эрүүгийнхэн”-д хайр зарлаж, халамжилж эхэлсэн байна. М.Зоригт сайдаас ялгаатай нь Ц.Оюунбаатар эрүүгийн гэмтэнг өөрийн зөвлөхөөр дэргэдээ ажиллуулах болж. Тэр нь хэн бэ гэвэл, улсад 15 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүхээс 3 жил 6 сарын хорих ял сонссон Онцгой байдлын Ерөнхий газрын дарга асан П.Даш юм.

1442971636_dash

П.Даш нь 600 сая төгрөгийг нөхөн төлж, ялаа эдлээд 2014 оны 12 дугаар сард суллагдсан юм. Гэвч суллагдаад жил ч болоогүй төрийн албанд эргэн ирлээ. Түүнийг Онцгой байдлын Ерөнхий газрын дарга болж ч магадгүй гэсэн мэдээлэл цацагдаж байна. Учир нь П.Даш мөн л салбартаа мэргэшсэн. Тиймээс л улсын төсвийн хөрөнгөөс 15 тэрбум төгрөгийг шамшигдуулж чадсан “авьяастан.”

Эндээс ер нь төсвийн хөрөнгийг шамшигдуулдаг “авьяастнууд”-ыг бүгдийг нь буцаагаад төрийн албанд нь томилчихвол яасан юм бэ гэх өнцөг харагдаж байна. Яагаав нөгөө ял сонссон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн дарга асан А.Шоовдор, Татварын Ерөнхий газрын албаны дарга Ч.Гансүх, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, Ерөнхий сайдын ахлах зөвлөх өчигдөрхөн ял сонссон Л.Гансүх, одоо саатуулагдан шалгагдаж байгаа экс хүргэн Г.Дэнзэн гээд салбартаа мэргэшсэн олон хүн бий биз дээ. Тэднийг бүгдийг нь төрийн албанд эргүүлэн татчихмаар юм. Эрүүгийн хууль энэ тэрийг хогийн саванд хийе.

Тэгээд л улсын хөрөнгийг завшигчдийг төрийн өндөр дээд албанд томилоод л “чононд хонь хадгалуулах”-тай адил үйл явдлууд өрнөөд л сууж байя, яршиг.

А.Аюуш

Ugluu-logo2015


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: