Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах нь зөв, буруу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 24 ・ 1
Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах нь зөв, буруу
Эсрэг тэсрэг байр суурь
Л.Оюун: Хадгаламжийн хүүгээс татвар авах нь шударга хууль
Хадгаламжийн хүүний орлогоос татвар авах нь байдаг л зүйл. Манай оронд ийм хууль 90-ээд онд гарсан. Тодорхой хугацаагаар тус хуулийг хоёр ч удаа хойшлуулж ирсэн.
/МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш, доктор, профессор/

-Иргэдийн хадгаламжаас болон хадгаламжийн хүүгээс татвар авах  хоёр хоорондоо маш их ялгаатай. Иргэдийн хадгаламжийн мөнгөнөөс татвар авч болохгүй. Хадгаламж бол хувийн өмчийн нэг хэлбэр. Харин хадгаламжийн хүүгээс татвар авах нь хүн амын орлогын албан татварын нэг хэлбэр. Грек улс гаднаас авсан зээлээ төлж чадахгүй болсон үедээ банкинд байсан иргэдийнхээ хадгаламжаас 10 хувь шиг санаж байна авч байсан. Энэ бол татвар бас биш. Зүгээр ингэж ойлгож болно. Ийм л үед улс орондоо туслаж байна гэдэг утгаар авч болох талтай. 

Гэхдээ иргэд саналаараа ийм үйлдэл хийж болно. Тиймээс хэзээ ч “хүч хэрэглэн” авч болохгүй. Хадгаламжийн хүүгээс мөнгө авч эхэлснээр банкны салбарт ямар нэгэн гажуудал гарч, дампуурах хүртэл эрсдэл үүсч магадгүй гэж зарим хүмүүс яриад байгаа.  Гажуудал болохгүй. Хадгаламжийн хүүний орлогоос татвар авах нь байдаг л зүйл. Манай оронд ийм хууль 90-ээд онд гарсан. Тодорхой хугацаагаар тус хуулийг хоёр ч удаа хойшлуулж ирсэн. Нөхцөл нь бүрдээгүй гэдгээр тайлбарлаж байсан. Нөхцөл гэдэг нь хадгаламжийн хүүний орлогоос татвар авбал хадгаламж буурна гэж үзсэн тал бий. 

Гэхдээ хууль тогтоох УИХ-ын гишүүд хууль баталдаг. Банкинд тэдний хадгаламж их хэмжээтэй байдаг учраас хадгаламжийн хүүний орлогоос тэд их хэмжээний татвар төлчих гээд байсан учир энэ хуулийн хэрэгжилтийг хойшлуулж байсан гэж би боддог. Банкинд байгаа хадгаламжийн төвлөрөл нь цөөхөн хадгалуулагчдад төвлөрдөг гэдгээр нэг юм хэлээд байдаг. Олон оронд, өөрөөр хэлбэл, зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой орнуудад хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авдаг ийм хууль байдаг. Ийм хуулиар бага хэмжээний хадгаламжтай хүмүүс хүүгээр бага орлого олно.

Түүнээс багахан татвар төлнө. Их хадгаламжтай бол хүүний татвар ихийг төлнө. Шударга хууль. Их хэмжээний орлого олж байгаа бол тэр орлого олох боломжийг бүрдүүлсний төлөө их татвар төлөх нь шударга шүү дээ.
Б.Лхагвасүрэн: Хадгаламжийн орлогоос татвар авснаар банкнаас мөнгө зугтах, зээл дутах эрсдэлтэй
Ер нь эдийн засагчийн байр сууринаас харахад, татварын байгууллага ажлаа хийж чадахгүй харагдаж байна. Татварын байцаагчид очиж татвараа авах ёстой байтал аж ахуй нэгж нь аваад, татварын байгууллага нь хүлээгээд суудаг боллоо.
/Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, эдийн засагч/ 

 -Хадгаламжийн хүүгээс татвар авах нь шинэ зүйл. 2010 онд Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэж, батлахад хадгаламжийн хүүгээс орлогын татвар авах асуудал яригдсан. Хадгаламжийн хүүгээс татвар авч, түүнийгээ орлого гэж үзнэ. Тиймээс хүн амын орлогын 10 хувийн татвар хасагдах ёстой гэж үзсэн. Гэхдээ 2008 оны хямралтай холбоотойгоор хадгаламжийн хүүгээс татвар авах хуулийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулсан юм. Энэ хугацаа нь өнгөрсөн онд дууссан. 

Өнгөрсөн жил Төсвийн тухай хуулиар хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахгүй, харин 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хүүгийн орлогоос татвар авч байсан. Харин  2016 оны нэгдүгээр сарын 1-нээс бүх иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахаар хууль хэрэгжих гэж байна. Эдийн засаг  хүндрэлтэй, хадгаламжийн хэмжээ бодитоор өсч чадахгүй байгаа энэ үед хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах нь бас нэг дарамт л болно. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хямралтай үед дарамт нэмэгдэж, иргэд банкнаас мөнгөө татаж, банкны зээлийн эх үүсвэр буурна. Эдийн засагт зээл гарахгүй байвал аж ахуй нэгжүүд томорч, тэлж чадахгүй. Ийм сөрөг талууд бий. Гэхдээ Татварын хууль, Хүн амын орлогын албан татварыг төвлөрүүлэх ёстой учраас хэрэгжүүлэхээс өөр яахав. Талх хийгээд орлого олж байна уу, мал хариулж олсон орлого байна уу, эсвэл хуримтлуулсан мөнгөний хүүгээс орлого олж байна уу гэдгийг үл харгалзан тэгш татвар авах ёстой гэдэг зарчим үйлчилж байгаа юм.

Сайн тал нь бүгд ижил татвар төлнө гэсэн үг. Гэхдээ хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах нь цаг хугацааны хувьд зөв шийдвэр мөн эсэх нь эргэлзээтэй.  Иргэдийн хадгаламжийн орлогоос татвар авна гэхээр банкнаас мөнгө зугтах аюул давхар гарч ирэх эрсдэлтэй.   Дээрээс нь хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах үйл ажиллагаа ямар байдлаар хэрэгжих нь ойлгомжгүй байгаа. Ер нь эдийн засагчийн байр сууринаас харахад, татварын байгууллага ажлаа хийж чадахгүй харагдаж байна. Татварын байцаагчид очиж татвараа авах ёстой байтал аж ахуй нэгж нь аваад, татварын байгууллага нь хүлээгээд суудаг боллоо. Хоёр байгууллага хамтарч ажиллахад, нэг нь нөгөөгөөсөө татварыг нь суутгаж авсангүй гэдгээр хэрэг үүсгэж, шүүхэд дуудагдаж байна. Өөрөөр хэлбэл, аж ахуй нэгжийн нягтлангууд татварын байцаагч болж хувирч байна шүү дээ. 

Тэгэхээр хадгаламжийн орлогын хүүгээс татвар авах процесс нь банкуудыг “та нар хүүг нь төлсөн юм чинь орлогоо ав” гэж тулгах магадлал өндөр. Энэ тохиолдолд хадгаламж эзэмшигч, банкуудын хооронд маргаан үүснэ. Татварын ерөнхий газар хүүгийн орлогоос татвар хураан аваа гэвэл эргээд татвар, банк хоёрын хооронд нэлээд том маргаан үүснэ. Аль аль талдаа тодорхой маргаантай асуудал үүсэхээр харагдаж байгаа.
 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 09 сар 24/

    Ямар юмны зөв байдаг юм бас л луйврын татвар зохиож гаргаад бас тэр хотын татвар гэж юм байна суурь татвар байна баахан худлаа татвар авсаар байгаад ард иргэд чинь сөхөрч элгээрээ хэвтлээ ш дээ боль ёо энэ олон худлаа татвар авахаа

    Хариулах