Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 28
Байрны гадаа нарлаж суух хоёр настны дунд ийм нэгэн яриа өрнөв. Үр ачаа тоглуулангаа нарлаж суусан хоёр буурайг Дулмаа, Ханд хэмээн нэрлэчихье.
Дулмаа: УИХ баахан хүн амьтан өршөөх хууль баталж гэнэ ээ. Тэр нь хэзээ хэрэгжих юм бол. Амьтан хүний яриагаар бол хүмүүс нь гараагүй гэх шив. Зайлуул өнөөх Долгорын охин хэцүү нэртээс суллагдана гээд цаадах чинь нойргүй л хонож байгаа гэнэ. Даралт ихтэй хөгшин харвачих вий дээ.
Ханд: Мэдэхгүй ээ, гишүүд нь зөрчилтэй байгаа гэнэ. Ерөнхийлөгчийн үгнээс зөрсөн юм уу даа. Тэгээд гацчихсан юм байх.
Дулмаа: Ээ хөөрхий. Өнөөх Оюутолгой, Тавантолгой нь хөдлөх сураг байна уу. Хөдөлчихвөл тэтгэвэр нэмэгдэх сураг дуулдана.
Ханд: Мэдэхгүй ээ. Намууд ойлголцолд хүрээгүй гээд хүлээгдэж байгаа гэнэ лээ.
Дулмаа: Өө зайлуул. Тэгвэл өнөөх яамны дэд сайд нарын асуудал юу болсон юм бол. Төр засаг маань тогтворгүй нэг л биш байна шүү. Хүү маань төрийн албанд ажилладаг сайд солигдсон би яах бол гээд л үглээд суух юм.
Ханд: Хэлээд юу гэх вэ. Сайдуудыг хүлээлгэж байгаад сая нэг баталсан. Одоо дэд сайд нар хүлээгдэж байгаа гэнэ билээ. Их л ярих зүйлтэй хүмүүс бололтой.
Дулмаа: За бас тийм л байх. Манай хүргэн, охин хоёр хөгшин бид хоёрт байр авч өгөх юм гэнэ. Олон хүүхэдтэй болсон. Одоо та хоёр минь биднийгээ харж суугаад яах вэ гэх юм. 10 хувь хүлээж байгаа гэнэ ээ. Тэр талаар сонсов уу, Ханд минь?
Ханд: Банкуудтайгаа ойлголцохгүй гацсан дуулдана билээ. Манай хүү охин хоёр гэж бас л хүлээсэн хүмүүс. Түрээсэлж амьдарч байхаар 10 хувь олоод байранд орчих санаатай. Тэгсэн шийдвэр нь гараагүй л гэх юм байна шүү дээ.
Дулмаа: Үгүй ер нь энэ төрд хүлээлгэхгүй юм гэж байна уу. Хүлээсээр байгаад бидний нас хүрэхгүй нь. Шийдвэр гарна л гэх юм. Удалгүй хүлээгдэж байна л гэх юм.
Ханд: Харин тийм ээ. Өнгөрсөн өвөл бурхан болсон хөгшний маань тэтгэврийг намайг авч болно гэдэг хууль батлах сурагтай байсан. Бас л хүлээгдсэн юм гэнэ.
...Энэ мэтээр яриа цааш хөврөв. Зурагт, радио, сонин хэвлэл гээд бүгдийг л ахмадууд хамгийн түрүүнд олж уншдаг. Гэвч тэд маань нэг иймэрхүү мэдээлэлтэй. Зөвшилцөж байгаа гэх мэт битүү утгатай, найдвар төрүүлсэн мэдээллийг авч, өөр хоорондоо учрыг нь тодруулахаар ярилцаж суугаа нь тэр. Ийм байдал хаа сайгүй л бий болчихжээ.
Улстөрчдөөс шийдвэр хэзээ гарахыг тодруулахад зөвшилцөж байгаа, хүлээлтэд орсон хэмээн гавьяа байгуулчихсан аятай маадгар хариулт өгөөд л явж оддог болж. Дулмаа, Ханд хоёрын үр хүүхдүүд шиг олон мянган залуус байрны урьдчилгаа 10 хувь болчихвол аав ээждээ, өөрсдөө хоёр өрөө байртай болох гэж хүлээсээр л. Төр шийдвэрээ гаргасан хэмээн шоудах атлаа хэзээ ажил хэрэг болохыг хэлж өгсөнгүй. Машинаа зараад урьдчилгаагаа бэлдчихсэн залуу эгчээрээ банкны захирал руу асуулт дайж, хэзээ шийдэгдэхийг асуулган зөвшилцөл хэзээ эхэлж, байранд хэзээ орохоо хүлээж сууна. Төр хүлээж бай, ярилцаж байна гэсэн учраас тэд хүлээсээр л. Дулмаа эмээгийн хүү шиг олон зуун залуус төрийн албанд хүлээлтийн байдалтай ажил хийдэг болсон.
Төр засаг солигдох бүрт тэдэнд айдас бий болдог. Сайд солигдчихлоо. Сайд даргыг солино. Дарга намайг халах болов уу гэх айдас өнөөдрийн хамгийн том асуудал болчихоод байна. Байрны зээл, банкны өрөө хэрхэх вэ гэдгээс илүүтэй, энэ ажилдаа үлдэх болов уу. Ажилтай үлдэхийн тулд хэнд тал засч, хэний намд элсэх вэ гэдэг сэтгэлийн зовлонтой л тэд ажил хийсэн дүр эсгэн амьдарч байна. Уг нь ажлын байр нь баталгаатай, амьдралын арай өөр зорилготой байх учиртай биш үү, тэд. Нэг удаагийн алдаанаас болж хэцүү нэртэд суусан үр хүүхэд, ах дүү, амраг саднаа хүлээсэн олон зуун Өнөө маргаашгүй насаа хүлээсэн ч үрийг нь төр өршөөхийг хүлээн хэвтэрт шаналж байгаа хэдэн буурай улстөрчдийн хөгийн шантаажнаас болж шаналж суугаа бол. Амьдралынхаа үнэтэй хором бүрийг торны цаана өнгөрүүлж суугаа залууст, ээжүүдэд нэг өдөр ч гэсэн үнэ цэнэтэй.
Тэд гарах хоногоо тоолон хүлээсээр л. Амрагаа гараад ирэхийг хүлээсэн эхнэр, аавыгаа хүрээд ирэхийг харуулдсан үрс ёстой л хүрэн зүрхээ эгшүүлэн хүлээж суугаа. Харин энэ бүхнийг хүлээлгэж суугаа улстөрчид, төр засаг мэдэх болов уу. “Оюутолгой явна аа. Явуулах уу, иргэд ээ. Явчихвал тийм тийм асуудлыг тэгж шийднэ. Тавантолгойн гэрээг өнөө маргаашгүй зурчихна. Ажлын хэсэг асуудлыг шийдчихсэн. Өнөө маргаашгүй явуулчихна” гэсэн үлгэрийг сүүлийн дөрвөн жил улстөрчид ярилаа. Хоёр том ордоороо тэжээлгэх гэнэн мөрөөдлөөр ард түмэн сүүлийн 10 жил тэжээгдлээ. Итгэл алдахгүй хүлээсээр л байна, тэд.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.