Аймшигт аллагын 17 дахь Намар

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 02

 

8b6947a75a079b01original

Өнөөдөр 1990 оны Монголын Ардчилсан хувьсгалын удирдагч Сан­­жаасүрэнгийн Зориг агсаныг аймшигтай, эмгэнэлт үхэл авч одсон 17 дахь намрын өдөр. 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд нийслэлийн нэгдүгээр амаржих газарт Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтний нэгэн МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын алба хашиж явсан Санжаасүрэн, манай анхны их эмч нарын нэг Доржпалам нарын хоёр дахь хүү нь болон хорвоод мэндэлсэн тэр ёстой л үүлэн чөлөөний наран шиг үзэгдээд өнгөрөхдөө ховорхон гайхамшигтай амьдарч, элэг эмтрэм даанч харамсалтайгаар нартаас буцах хувь заяатай нэгэн байж, хөөрхий. Социализм, Коммунизмыг байгуулж, гэрэлт ирээдүйд хүрэхэд тун ойрхон байна гэсээр 70 жил нэг намын үзэл суртлын боол болж, дэлхийгээс тусгаарлагдсан Монголчуудыг чухамхүү 1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал “Хонхны дуу”-гаар сэргээхэд С.Зориг агсан тэргүүн эгнээнд нь явж ард түмнээ удирдсан билээ. Түүнд төрөлхийн нэгэн гайхамшигтай чанар, чадвар байсан нь ямар ч үед олон түмнийг араасаа дагуулах хувь хүний давтагдашгүй ухаалаг энгийн зан, аядуу зөөлөн хэрнээ хэрэгтэй цагт хамгийн зөв гарц олдог удирдан манлайлагчийн байгалиас заяасан сэтгэлгээний хурд нь байлаа.

Тэр 36-хан наслахдаа бусдын л адил алдаж онож, амьдралын их эргүүлэгт нухлуулж, бас сөрөн тэмцсээр ялаад гарч явсан эгэл жирийн сайхан эр хүн байлаа. Тэр яах аргагүй ардчилсан хувьсгалын удирдагч байсан ч олон зүйл дээр алдаж эндэж, будилж төөрөлдөж явсан түүх нь үлджээ. 1990 оны зургаaдугаар сард Монголд анх удаа явагдсан чөлөөт сонгуулиар Улсын Бага Хуралд сонгогдож, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд АН-аас нэр дэвшсэн боловч хөдөөнөөс сонгогдсон Ардын Их Хурлын депутатуудад таалагдах үг хэлж, тэдний өмнө өөрийгөө рекламдаж чадаагүй даруу зангийнхаа уршгаар тэр албанд нь Р.Гончигдорж сонгогдож байсан түүхтэй. Ер нь тэр ямар ч баггүй, илүү дутуу заль мэх сураагүй төрөлх зангаараа амьдарсаар маш их боломж, илүү эрх мэдэл, эд баялагт хүрэх замаа өөрийн гараар үгүй хийсэн байдаг. Амьд ахуйдаа хашиж явсан хамгийн дуртай сонгуульт ажил нь Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийн алба л байсан гэдэг. Өрөөтэй шатар барьсаар Саарал ордны хонгилоор өрөөнөөс өрөө дамжиж явахдаа “С.Зоригт шатар тоглохоос өөр ажил алга” хэмээн өнөөдрийн төрийн түшээ нэгний хэл амны байнгын бай болдог байв. “Амьдын зол, үхсэний хохь” оо гэж. С.Зоригийг ажил хийдэггүй, залхуу, хэнэггүйгээр нь дуудаж байсан тэр эрхэм түүний аймшигт хар үхлээс хойшхи өнгөрсөн 17 жилд чухам ямар ажил хийж, хожим дурсагдах гавьяа байгуулсан бол.

“Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг”гэж хэлэх дуртай энэ эгэлхэн эр 36-хан насаа шатар нүүж, “Стюардесса” тамхиа баагиулсаар хааяа нэг сэтгэл, яриа нийлдэг нөхөдтэйгээ билляьрд цохиж 100 грамм виски татсан шиг өнгөрүүлэхдээ Монголын нялх Ардчиллыг бэхжүүлэх, Монгол хүний үнэлэмжийг өсгөхөд хувь хүнийхээ түүхэн үүргийг гүйцэтгэсэн юм. 1998 оны зургаадугаар сард эрх баригч АН олонхоороо түрий барьж Сэргээн Босголт банкийг хувийн Голомт банктай нэгтгэсэн нь сөрөг хүчний шүүмжлэлтэй тулгарч Ц.Элбэгдоржийн Засгийн Газар унасан түүхтэй. Тэр үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн болгоныг янз бүрийн шалтгаанаар буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд Ерөнхий сайдаа томилж чадаагүй. Ц.Элбэгдоржийн засгийн газар үүрэг гүйцэтгэгч нэртэйгээр дөрвөн сар ажиллаж байсан тэр л үед буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө С.Зориг бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн билээ. Чухамдаа хоёр гуравхан хоног амьд байсан бол Монгол Улсын дараагийн Ерөнхий сайд болж Ц.Элбэгдоржоос төрийн тамга хүлээн авах өндөр их хувь заяа яалт ч үгүй түүнийг хүлээж байлаа. Тэр үеийн эрх баригч эвслийнхэн буюу Ардчилсан хүчнээс нэрийг нь Ерөнхий сайдад өргөн мэдүүлж, Ерөнхийлөгч Н.Багабандитай зөвшилцөх гэж байсан түүхэн эгзэгтэй мөчид амь насыг нь туйлын хорсолтойгоор хөнөөсөн нь гарцаагүй улс төрийн аллага байснаас зайлахгүй. Монголын Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг Ерөнхий сайд, цаашлаад Монгол Улсын Ерөнхийлөгч болох хамгийн боломжтой, ард түмэндээ танигдаж хүндлэгдсэн улстөрч байсан. Түүнийг алдсанааараа Монголын ард түмэн нөхөж баршгүй гарз хохирол хүлээж тэр аймшигт төлөөсийг өнөөдрийн энэ их авилга хээл хахууль, улсаа худалдсан урвагчдын гай балгаар үүрч, түүний орон зай ханхайсаар л байна.

Дэлхийд гайхагдсан асар их эрдэнэс баялагтай Оюутолгойн ордыг хэдхэн урвагч хэдэн үеэрээ идэж барахгүй хээл хахуулиар тавьж туугаад гадныхан эзэн суучихлаа. Залгуулаад Монголчуудыг зуунаар тэжээх асар их нөөцтэй Тавантолгойн нүүрсний ордыг өнөөдөр ч зөвхөн урьдчилаад зээлж аваад идчихсэн өр төлөх байдлаар урагш нь зөөсөөр л байгаа.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх