Хүчин төгөлдөр бус гэрээ хэн нь хэн бэ гэдгийг харууллаа

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 22

Аравдугаар сарын 18 буюу өн­гө­рөгч бямба гарагт МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын дарга Н.Алтанхуяг нар хамтарч ажил­лах гэрээнд гарын үсэг зурсан нь улс төрийн хүрээнд анхаарал татсан асуудал болчихоод байна.

Хоёр намын дарга 2012 оноос эхлэн хэрэгжиж байсан гэрээгээ баталгаажуулж, учир дутагдалтай байгаа зүйл заалтаа эргэж нягтлан гарын үсэг зурсан нь АН-ын фракциудын таашаалд нийцсэнгүй. Арга ч үгүй. Жил гаруйн өмнөөс л дотооддоо зөрчилдөж, “Алтан гадас” фракцийг яаж ийгээд л унагачих санаатай элдвийн хор найруулж, элэг бөөрөө нийлүүлсэн фракциудын хувьд намын даргын ганцаарчилсан шийдвэр өгөөш болчихсон хэрэг.

Тэд Н.Алтанхуяг гэх хувь хүнээс өө сэв эрж, хэзээ хазайх бол, хаана алдаж гишгэх бол хэмээн анаж байсан нь тодорхой. Тиймдээ ч Гүйцэтгэх засаглалын тэргүүн хамтарч ажиллах гэрээгээ шинэчилж, түүндээ 2020 он хүртэл хамтын ажиллагаагаа хадгалах талаар тусгасан нь фракциудын дарга гэх, цаашлаад Засгийн газарт албан тушаал горилсон хэсэг бүлэгт өгөөш болчихсон юм.

Нэгэн цагт мөр зэрэгцэн ардчиллын төлөө зүтгэж явсан журмын нөхөд нь энэ хэдхэн өдөр хэн бэ гэдгээ харуулчихав. Гэрээний учир начрыг дотооддоо нарийн сайн ойлгоогүй атлаа хэвлэлээр сенсаацилж, энд тэндхийн фракцийн гишүүд рүүгээ утас цохиж баахан мэдэгдэл гаргаж сүржигнэв. Уул шугамандаа бол АН нам шиг, лидерүүд нь улстөрчид шиг асуудалд хандаж чадсангүй. Эгээ л 18-тай бацаан шиг аашилж, баахан улстөр ярьж, урваач шарваачаа дуудалцаж, түмний шившиг болох шахлаа. Энэ хэрээрээ ч намынхаа нэр хүндэд сөргөөр нөлөөллөө. Салхи хаашаа эргэж, хэн сайхан амласан наалдаж явдаг зарим нэг гишүүд нь улаан цагаандаа гарч урван тэрсэллээ.

Нэг ёсондоо Н.Алтанхуяг сайд энэ гэрээнд гарын үсэг зурснаараа намынхаа гишүүдийн хэн нь хэн бэ гэдгийг дахин нэг шалгачих шиг болов. Хэвлэлээр мэдэгдэл “шидэлцэж”, луйварчин, авлигачнаараа дуудалцаж сүржигнээд байхаар ч асуудал биш байж. Гэрээнд гарын үсэг зурсан ч энэ гэрээ хүчин төгөлдөр биш гэдгийг хоёр намын дарга өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Цаашлаад энэхүү гэрээний зүйл заалт болгонд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг гаргачихжээ. Үүнээс дүгнэхэд л, АН дотоод ардчилал хэмээн сүржигнэхээс нэг нэгнээ хүндэтгэх, юу болоод яагаад гэрээний асуудал хөндөгдөв гэдгийг дотооддоо ярьж чадаагүй гэсэн үг бус уу.

Хэвлэлийнхнийг цуглуулж мэдэгдэл хийхээсээ өмнө Н.Алтанхуяг сайд руу утас цохиод, аль эсвэл өрөөнд нь давхиж ороод учир начрыг тодруулсан бол АН, МАХН хоёулаа ингэж шүүмжлэлийн бай, хэвлэлийнхний ярианы сэдэв болохгүй байжээ. АН-ын дарга Н.Алтанхуяг өчигдөр хийсэн мэдэгдэлдээ энэхүү гэрээнд ямар ч нууж хаасан, нууц заалт байхгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээлэл, цахим сайтуудаар тараад байгаа нууц гэх гэрээний хавсралт байхгүй, МАХН-ын аль нэг гишүүнийг ялаас чөлөөлөх талаар нэг ч зүйл заалт байхгүй гэсэн юм. Тэрбээр, “Сүүлийн хоёр гурван хоног АН, МАХН-ын хамтын ажиллагааны гэрээний талаар нэлээн их яригдаж байна. Ялангуяа манай АН-ын гишүүдийн дунд энэ гэрээтэй, гэрээний зүйл заалттай холбоотой ойлголтууд зөрөөтэй байна.

Зарим нь гэрээний зарим заалтыг өөрөөр ойлгож тайлбарлаж байна. Тиймээс АН-ын дотоод эв нэгдлийг хангах, дотоод ойлголцлыг бэхжүүлэх чиглэлээр бид энэ гэрээгээ нэг мөр ойлгодог болъё гэж шийдсэн. Ингээд МАХН-ын даргатай яриад гурван зүйлийг та бүхэнд мэдэгдэх гэж байна. Нэгдүгээрт, энэ гэрээ намуудын эрх бүхий байгууллагуудаар орж хэлэлцэгдэж байж хүчин төгөлдөр болох учиртай. Хоёрдугаарт, бид гэрээний зүйл заалтуудаар нэгдмэл ойлголттой байхгүй байгаа учраас гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, засч сайжруулах асуудлаар хоёр намаас ажлын хэсэг гарган хамтарч ажиллахаар тохирлоо. Гуравдугаарт, энэ ажлын хэсэг хамтарч ажиллаад гэрээний талаар, зүйл заалтын талаар нэг мөр ойлголттой болсны дараа намуудын холбогдох удирдах байгууллагуудаар оруулж батлуулъя гэж тохирлоо.
 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх