Урлаг
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2015 10 сар 06
・ 3
Нийтийн дууны залуу уран бүтээлч, дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар өчигдөр Их дэлгүүрийн урд байрлах HI-FI CD shop-ийн өмнө “Жаргалтай гэр бүл манайх” уран бүтээлийн бие даасан 2 дох цомгийнхоо нээлтийг хийлээ. Энэ үеэр хүрэлцэн ирсэн эхний 50 хүнд плакат, шинэ цомгоо гардуулахар төлөвлөж байсан ч 100 гаруй хүн ирсэн тэдэнд бүгдэд нь плакат, шинэ цомгоо бэлэглэлээ. Түүнчлэн дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарын найз нөхөд болох СТА дуучин Я.Гэрэлчулуун, залуу дуучин Д.Найдандорж, Э.Чинбаяр нар хүрэлцэн ирж “Жаргалтай гэр бүл манайх” шинэ цомгийн нээлтэнд ая дуугаа өргөлөө.
“Жаргалтай гэр бүл манайх” нэртэйгээр уран бүтээлийн цомгоо гаргаж байгаа залуу уран бүтээлч гэр бүлийн хосуудын хувьд Монголынхоо ганц хоёр ч болтугай гэр бүлд аз жаргал бэлэглэх зорилгоор 2 өрхөд өвлийн бүрээс давхарга, шалтай 5 ханатай өргөө цагаан гэр бэлэглэсэн нь олны талархалыг хүлээж байлаа.
Энэхүү хоёр гэрийг гэрийн эздэд гардуулан тоононд нь хадаг уяж өгөх үеэрээ Дуучин Б.Болд хэлэхдээ: “Бид хоёр хөрөнгө чинээтэй, баян таргандаа энэ гэрийг бусдад өгч байгаа хэрэг бишээ, нэг талаас нийгмийн хариуцлага ухамсарлаж, нөгөө талаас Монголын маань хоёр айл ч гэсэн орох оронтой болж, гэр бүлээрээ жаргалтай амьдрах тэр боломжийг нь олгохыг зорьж байгаагаараа онцлог юм. Монголд амьдрал гундуу, гэр оронгүй олон айл өрх байгаа ч тэднээс Самар зардаг Зулаа охины гэр бүлийг болон 8 сартай охиноо элгэндээ тэврэн айлаар хоноглож явдаг ганц бие Сүглэгмаа бүсгүйг сонгосон нь цаана учиртай.
Манай гэрийн ойролцоо самар зардаг эгч дүү хоёр охиныг хараад бага наснаасаа ээж аавдаа тусалдаг сайн хүүхдүүд байна гэж бодож явтал удалгүй сошиалаар Самар зардаг Зулаа охины талаарх мэдээлэл олон нийтэд хүрэх болсон. Гэтэл үнэндээ орох оронгүйн улмаас хүйтэн нойтон машины гражид амьдарч, аав нь самарт яван ээж нь орцны жижүүр хийдэг болохоор Зулаа охин аргагүйн эрхээр самар зардаг байсан юм билээ. Энэ талаар сонсоод бид Зулаа охины гэр бүлд туслахаар шийдсэн. Гэхдээ би өөрөө очиж аьдрал ахуйтай нь газар дээр нь танилцсан гэдгээ хэлэх нь зүйтэй байх, харин Сүглэгмаагийн хувьд бага залуу наснаасаа яаж дааж давсан юм бол гэмээр их зовлон үзсэн бүсгүй байгаа юм. Бид түүнтэй танилцаад жил гаруй хугацаа өнгөрч байгаа, Сүглэгмаагийн бяцхан охинд бид өөрийн хүүхэд шиг хандан наад зах нь памперс, каш авч өгч туслахыг хичээдэг. Одоо энэ хоёрыгоо орох оронтой болгож байгаад баяртай байна” гэлээ.
“Жаргалтай гэр бүл манайх” шинэ цомгийн нээлт дуусгаад дээрх 2 өргөө гэрийг холбогдох өрхүүдийн гэр барих хашаанд хүргэж өглөө. Зулаа охины гэрийг тэдний амьдрах Баянхошуунд айлын хашаанд барьж өгсөн бол Сүглэгмаа бүсгүйн гэрийг Баянзүрх дүүрэгт гэрийн буурийг засаж янзлаад барина гэсэн тул хашаанд нь хүргэж буулгаж өгсөн байна.
Аялгуу сайхан дуугаа ард олны сэтгэлд хүргэхийн зэрэгцээ олон түмнийхээ “дунд орж” ядарч зүдэрсэн нэгэнд нь туслах их нинжин сэтгэл гаргаж яваа хоёр уран бүтээлчидээ уншигчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлэн уран бүтээлд нь өндөр амжилт хүсэн ерөөе. Уран бүтээлч хосууд маань Монголынхоо хөдөө нутаг болох Архангай аймгийн Чулуут суманд шинэ цомгийнхоо өдөрлөгийг хийхээр өнөөдөр хөдөө тийш хүлгийн жолоо залсан ажээ.
Ц.Мөнх
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.