Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 06
・ 1
УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулахаар тогтоолын төсөл өргөн мэдүүлээд байгаа. Тэрбээр “С.Баярцогт УИХ-ын дэд даргаар ажиллаж байхдаа оффшор дансны хэрэгт холбогдож, хариуцлагаа хүлээн дэд даргаас огцорсон. Гэсэн ч удалгүй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайдаар томилогдон ажиллаж байгаа. Иймд нэгэнт хариуцлагаа хүлээсэн бол энэ чуулганы хугацаанд үргэлжлүүлэн хариуцлагаа хүлээж, Засгийн газрын сайдаас огцрох ёстой” гэж үзэж байна. Мөн ЗГХЭГ-ын даргын хувьд үүрэгт ажилдаа тэнцэхгүй” хэмээсэн.
Түүнчлэн Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын үйл ажиллагааг УИХ-тай холбож, гүүр болж ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт тайлбар авахаар хүргүүлсэн олон арван албан бичиг, хүсэлтэд хангалттай хариулаагүй гэнэ. Ийм гурван үндэслэлээр сайд С.Баярцогтыг огцруулах шаардлагатай гэж О.Баасанхүү гишүүн үзэж байна.
С.Баярцогт: О.Баасанхүү худал ярьж байна
Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогт хариуцлага хүлээх шаардлагагүй гэдгээ хэллээ. Учир нь, “Цэцийн 11 дүгээр дүгнэлт О.Баасанхүү гишүүний ярьж байгаа шиг зүйл биш. Арван сарын өмнөөс энэ асуудлыг иргэн П.Баттулга, М.Мөнхжаргал, Б.Төрболд, Б.Эрхэмбаяр нар хөндөж тавьсан. Өөрөөр хэлбэл, 2014 оны арванхоёрдугаар сарын 8-нд Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 7.1.12 дахь заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн талаар мэдээлэл гаргасан. Ингээд бүх процедурынхаа дагуу явсаар Цэцийн дунд суудлын хуралдаанаар уг дүгнэлтийг гаргасан. Үүнийг С.Баярцогт захиалж хийлгэсэн юм шиг ярих хэрэггүй” гэсэн юм.
Мөн өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дээр О.Баасанхүү гишүүн хэлэхдээ Засгийн газар Үндсэн хуулийн цэцийг 300 сая төгрөгөөр авлигадлаа гэж мэдэгдсэн. Энэ тухайд С.Баярцогт гишүүн “Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёсчлон тэмдэглэх хүрээнд хөрөнгө гаргахаар болсон. Түүнээс биш Цэцэд мөнгө төсөвлөсөн зүйл байхгүй. Ойг тэмдэглэх асуудал дөрвөн сарын өмнөөс яригдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Зарцуулах хөрөнгийн нийт дүн 933.960 сая төгрөг. Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг 2017 онд тэмдэглэнэ. Бэлтгэл ажлыг хоёр жил дамнуулан хийнэ. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас нэг ч төгрөг шилжүүлээгүй байгаа” гэлээ.
-Та О.Баасанхүү гишүүний огцруулах бичиг өргөн барихдаа үндэслэсэн шалтгаануудад ямар тайлбар хэлэх вэ?
-Ёс зүйн хувьд нийт иргэдээсээ уучлалт гуйж, УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөн. Хоёрдугаарт, үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан хүмүүсийн тухай асуудалд ЗГХЭГ холбогдолгүй. Гуравдугаарт, Засгийн газар, УИХ-ыг муу холбон ажиллаж байна гэсэн. Харин ч харилцааг сайн барьж ажиллаж байгаа. С.Баярцогт гэдэг хүнд хэргээр хамаатуулж, захиалсан мэтээр гүжирдэж байна. Тэгээд ч огцруулах асуудлыг есдүгээр сарын 6-нд бус 8-нд УИХ-д О.Баасанхүү гишүүн өргөн мэдүүлсэн. Есдүгээр сарын 6-нд амралтын өдөр буюу ням гараг байсан. Ийм байтал УИХ-ын өндөр нэр хүндийг ашиглан худал ярьж байна. Баримт гаргаж ирж тавихгүй байна шүү дээ хэмээн С.Баярцогт сайд хэллээ.
О.Баасанхүү: Үнэнд гүйцэгдэнэ гэж үүнийг хэлдэг юм
-С.Баярцогт гишүүнийг огцруулах асуудалтай зэрэгцээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарлаа. Та “Цэц авлигад автжээ” гэх утгатай зүйл хэлж байв. Харин үүнийг С.Баярцогт сайд үгүйсгэж байсан?
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт есдүгээр сарын 9-нд гарсан. Би С.Баярцогтыг огцруулах асуудлыг есдүгээр сарын 8-нд өргөн мэдүүлсэн. Өргөн барина гэдгээ би МАН-ын зургаан сайдыг огцруулах үеэр мэдэгдсэн байсан. Хамгийн гол нь, яагаад удав гэхээр зургаан сайдыг томилоход саад болох ёсгүй гэж үзсэн юм. “Шударга ёс” эвсэл Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой байлгах зорилготой. Тиймээс тодорхой хэмжээний цаг алдсан зүйл байгаа.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.