Улстөр
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2015 10 сар 13
・ 2
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. Ингэхдээ АН-ынхан хоёр сарын хугацаанд орон даяар "Улс шиг хөгжиж, хүн шиг амьдрая" уриатай мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг тайлагнахаар болсноо дуулгалаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд АН-ынхан Монголоо улс шиг хөгжүүлж, хүн шиг амьдруулах урианаасаа урвуу хамааралтай ажилласан гэдгийг толгойтой хүн бүхэн андахгүй мэднэ дээ. Дорвитой зүйл хийгээгүй мөртлөө мөрийн хөтөлбөрөө тайлагна гэж АН-ын хэдэн дарга нар сансрын зүйл ярьж байж эдийн засгийн хямралд өртөж нуруугаа авхуулсан иргэдийнхээ бухимдлыг хүргэх вий дээ. Аягүй л бол улстөрчдөд уурлаж, бухимдсан иргэд уулзалтын үеэр өндөг шидэхэд ч бэлэн байгааг эрхэм генсект анхааруулахад гэмгүй.
Ер нь АН-ынханд ажлаа тайлагнах шаардлага байгаа ч юмуу даа. Тэртэй, тэргүй иргэдийн амьдрал шалдаа буутлаа дордож байгааг Нарантуул зах дээр очоод л хялбархан мэдчихэж болохоор байна. Өнгөрсөн хугацаанд та бүхний авч хэрэгжүүлсэн алдаатай бодлогын гор түмний амьдралд илхэн харагдаж байна. АН-ын удирдлагууд өнгөрсөн хоёр сарын хугацаанд "Монгол хүн 2020" бүсийн чуулга уулзалтаа хийсэн. Л.Эрхэмбаяр дарга хэлэхдээ "Иргэд АН-ынханд ам сайтай байгаа" нь чуулганы үеэр харагдсан гэж хэллээ. Энэ үнэн үү гэж давтан асуумаар санагдав. Бүсийн чуулга уулзалтаар АН-ын хийсэн таван сайн ажлыг нэрлэжээ. Тодруулбал, 1."Чингис бонд"-ын санхүүжилтээр хийсэн бүтээн байгуулалт, 2.Үнэ тогтворжуулах хөтөлбөр, 3."Зөв монгол хүн" сургалтын хөтөлбөр, 4.1990-1995 онд тасарсан хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлүүлсэн, 5. Орон нутгийн хөгжлийн санг бий болгосон. Ичмээр юм. АН-ынхны хийсэн таван муу ажил гэж нэрлэвэл бараг зохилтой мэт санагдав. "Чингис бонд" -ын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, гарын салаагаар урсгасан гэдгийг улстөрч болгон ярьж байгаа. Гудамж төслөөс өөр нүдэнд харагдах юу хийсэн нь ойлгомжгүй. Бондын хүүгийн төлбөр сая, сая ам.доллар зарцуулж байгаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд цөөн хэдэн тооны улстөрчдийг танидаг мэддэг лоббиддог компаниуд завшаад өнгөрсөн. Үлдсэн нь бол саармаг л ажил. Хамгийн их мөнгөтэй Засгийн газрыг толгойлж байсан АН-ынхан ийм л зүйл яриад сууж байна. Одоо энэ үлгэрээ орон нутгаар ярьж, иргэдийн тархийг угаахаар шийдсэн бололтой юм. Иргэд харин хүлээж авах эсэх нь эргэлзээтэй. Тиймээс өндөг шидэхээс болгоомжилж толгойгоо хамгаалдаг юм шүү.
С.Пуужин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.