Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 14
・ 4
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компанийн хэргийг АТГ-аас дахин сэргээн шалгаж эхэлжээ. Тодруулбал, тус компанийг “Хөгжлийн банк”-наас Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэлд 30 гаруй тэрбум төгрөг авсан, тэгсэн хэдий ч нэг ч км зам тавиагүй байсан нь “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтаар илэрсэн гэх мэдээлэл цацагдаж байсан юм.
Энэ тухай АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат “Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийтдээ 38 орчим хувьтай байхад уг газарт шинээр зам тавихаар Засгийн газарт тогтоол оруулж батлуулсан. Ингээд нэмээд нийтдээ 46.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” гэх компанид шууд шилжүүлэн өгсөн байгаа юм” гэж тайлбарлаж байлаа.
Тэгвэл түдгэлзүүлээд байсан “Монроуд” компанийн хэргийг АТГ-аас сэргээн шалгаж эхэлсэн байна. Шалгаж буй гол шалтгаан нь тус компани нь Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км замыг барихаар 2012 онд тендерт шалгарсан. Улмаар 37.2 тэрбум төгрөгийг 46.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Мөн тус замаа 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулсан хэрэгт буруутган шалгаж эхэлжээ. Тиймээс тус компанийн удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. “Монроуд” компанийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар үүсгэн байгуулсан гэдэг ч тэрбээр бусдад зарсан, худалдсан гэх мэдээллийг өгч өөрөөсөө асуудлыг бултуулаад байгаа юм.
Ямартай ч УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компанийг 46.3 тэрбумын хэрэгт шалгаж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.