Архангай аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал "хэргээ нуун дарахаар улайрч байна"

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 16 ・ 1

Архангай аймгаас сонгогдсон Сангийн шинэхэн сайд Б.Болорын томилсон Архангай аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал мэргэжилтнээ зодон танхайрчээ. Эл хэргийн талаар тодруулбал, ЗДТГ-ынхан Их тамир сумын Тайхар чулууны ойролцоох нэгэн амралтын газар амарцгаасан байна. Засаг даргын орлогч дарга М.Батжаргал, Төрийн сангийн хэлтсийн дарга Гүрсүрэн нар нь архидан согтуурсан үедээ аймгийнхаа Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Л-ыг зоджээ.

Энэ талаар манай редакцид хохирогчийн ар гэрээс холбогдлоо. Тэрбээр өөрийн нэрээ нууцлахыг хүссэн юм.

-Манай редакцид хандах болсны учир?

-Манай дүү Архангай аймгийн тамгын газар мэргэжилтэн хийдэг юм. Ажлынхантайгаа зугаалгаар явж байгаад архи уусан үедээ Засаг даргын орлогч, Хэлтсийн дарга хоёр нь нийлж манай дүүг зодсон. Энэ хэрэг явлдыг Архангай аймгийн тамгын газрынхан нуух оролдлого хийж байгаа учраас бид хэвлэлийнхэнд хандаж байна.

-Хэрэг хэзээ болсон юм?

-Манай дүүг энэ хэрэг болохоос өмнө Засаг даргын орлогч, Тамгын дарга н.Лхагвасүрэн нар нь өөр намын хүмүүстэй найзлалаа гэж хэд хэдэн удаа өрөөндөө дуудаж уулзсан байдаг.

Гэтэл өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ажлаараа амралтанд явах үеэрээ Тамгын дарга нь "Нөхөр минь чи өөр намын өөр хүмүүстэй нийлээд байна. Ер нь манайхаас зайлаарай гэж" загнасан. Тэгээд дүү маань "Би найзалдаг. Тэрнээс би улс төрийн ажил хийдэггүй, улс төр мэдэхгүй" гээд тайлбар хийхэд Засаг даргын орлогч М.Батжаргал, хэлтсийн дарга н.Гүрсүрэн нар нь дуудаж гаргаж ирээд нийлж зодсон байгаа юм.

Дүү маань одоо бие нь тааруу Архангай аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Энэ мэдээг Архангай аймгийн мэдээгээр олон нийтэд хүргэсэн.

-Дүүг нь зодсон хүмүүс ар гэрийнхэнтэй нь уулзсан уу?

-Уулзаагүй ээ. Одоо энэ өргөдлөө татаж авчих гээд хэрэг болсны дараах нь гуйсан. Тэгэхээр нь дүү "Би биеэ эмчлүүлснийхээ дараа наад асуудлыг чинь шийдье" гэж хэлж. Гэтэл уржигдраас эхэлж зугаалганд хамт явсан гэрч болох хүмүүсээ Засаг даргын орлогч нь бүгдийн нэг нэгээр нь өрөөндөө дуудаж уулзсан байна. Ингээд хэргийг мөрдөж байгаа байцаагч нь тэднээс мэдүүлэг авч байхдаа тухайн өдөр юу болсон талаар асууж байснаа өчигдөр "зодолдоогүй юм биш үү өөрөө архи уучихаад гэмтэл авчихсан юм биш үү" гэж ээжид нь хэлсэн гэнэ. Үүнээс болоод энэ хэргийг үнэн мөнөөр шийдэгдэхэд байцаагч, Засаг даргын орлогч нь ихээхэн нөлөөлж байна гэж үзэж байна. Энэ хэргийг нуун дарж, эсвэл дүүгийн минь буруу болгох гээд байгаад нь гомдолтой байна.

-Байцаагчийг яагаад хэрэгт нөлөөлнө гэж үзэж байгаа юм?

-Засаг дарга, хэлтсийн дарга нь бүгд нэг намын хүмүүс. Тэднийг төр барьж байгаа. Дээр нь байцаагчийг байцаалт авч байгаа нь өөрчлөгдөж байгааг хараад цаад талд ажиллаж эхлэх нь гэж хардаж байгаа юм.

-Дүү нь аль нэг намд харьяалагддаг юм уу. Төрийн албанд ороод хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Дүү маань нэг ч удаа улс төр гэж гүйж үзээгүй. Сонгуулийн ажилд ч явж байгаагүй. Архангай аймгийн тамгын газрын Байгаль, орчны мэргэжилтэн л хийдэг. Төрийн албанд мэргэжилтнээр ороод 7 жил гаруй болж байгаа.

-Дүүгийнх нь бие ямар байгаа вэ. Эмч нар юу гэж байна?

-Эмч нар нуруу нугасны болон зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. Нэг дэхь өдөр эмнэлэгт хэвтсэн. Өнөөдөр /өчигдөр/шинжээч эмч нь үзсэн гэсэн.

 

Энэ үйл явдал хэт намжирхсан байдлаас үүдэн гарчээ. Архангай аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал нь Сангийн сайд С.Болорын бие төлөөлөгч юм. Нутгийн ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэхийн оронд зодоон хийж , танхайрч явах нь удирдагч хүний хийх үйлдэл мөн үү. Намжирхсан байдлаас болоод төрийн албаны ажил урагшилдаггүй ч гэдэг ортой бололтой. Өөр намын нөхдүүдтэй найзын харилцаа ч үүсгэж болох цаг иржээ. Эс бөгөөс амиа алдах аюул нүүрлэснийг дээрх хэргээс харж болно. Мөрөөрөө ажлаа хийж явсан хүнийг хүнд бэртээчихээд хийсэн хэрэгтээ гэмшихийн оронд албан тушаалаа урвуулан ашиглаж хэргээ нуух гэж улайрч байгаа нь юуны учир вэ М.Батжаргал дарга аа.

 

Х.Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 10 сар 16/

    Төрийн албанд ийм дарамт их байдаг болсон шүү дээ.

    Хариулах