Сонгуулийн салхи МАН руу эргэжээ

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2015 10 сар 19 ・ 2

 

 

МАН-ынхан дандаа хаан, заан мэт эрх мэдэл, хүч чадалтай явах юм шиг эндүүрч явсан үе бий. Тиймээс дарга нар албан тасалгааны цонхоор ардын амьдралыг тольддог гэж хэсэгтээ хатуухан шүүмжлүүлсэн.  Хотын А зэрэглэлийн бүсээс иргэдийнхээ амьдралтай танилцана ч гэж юу байх билээ. Хэсэгтээ чимээгүй суусан иргэд УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнгээр МАН-ынханд дүнгээ тавьсан. Нийслэл болон орон нутгийн төвшинд АН-ынхан өмнө байгаагүй тийм том ялалт байгуулж, төрийн албанаас эхлээд "цэнхэртэж" эхлэх нь тэр. Олон жил сөрөг хүчний байр сууринд байсан АН-ынхан эрх баригчийн эгнээнд шилжингүүтээ л амаа авсан морь шиг дураараа аашилж эхлэв.  Иргэд уг нь АН-ынхнаас их зүйл хүлээж байсан ч талаар өнгөрөх нь Н.Алтанхуягийн Засгийн газрын эхэн үеэс тодорхой боллоо. Бондын мөнгөөр зам тавьж, энэ тэндгүй тууз хайчилсан нөхдүүд хагас, бүтэн сайнгүй зурагтаар гарах болов. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг "Амьдрал сайхан байна", "Өндөг бол тансаг хэрэглээ" гэхмэтчилэн номлож, шантардаггүй Ерөнхий сайд гэдэг өргөмжлөл ч хүртэл авав. Даанч иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож, худалдан авах чадвар муудаж байлаа. Шинэчлэлийн Засгийн газрын үед орон нутагт засаглалын хямрал өндрөө авч дээд цэгтээ хүрэв.  Иргэдийн итгэл, хүлээлт тэр чигтээ навс унах нь тэр. Тиймээс орон нутагт болсон нөхөн болон захирагчийн сонгуульд иргэд МАН-ыг сонгох болов. Тодруулбал, Говьсүмбэр аймагт өнгөрсөн дөрөвдүгээр сард 1,2,3,6 багт ИТХ-ын нөхөн сонгууль болсон. Санал хураалтад 3435 хүн  оролцож, 12 нэр дэвшигчид санал өгснөөс МАН-аас нэр дэвшсэн Д.Батцэцэг 59.7, Д.Гансүх 56, Г.Батзам 64 , Б.Аюушжав 64 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулж, АН-ын нэр дэвшигчдийг ардаа хол хаяв. Тэгвэл өнгөрсөн ням гаригт Багануурын сонгууль болж, ИТХ-д МАН-аас Багануурын иргэдийг төлөөлөн сууж байсан Н.Тавинбэх 57.72 хувийн саналаар ялалт байгуулав. Бусад нэр дэвшигчдийн тухайд Ш.Отгонбаяр 28.88 хувь, Р.Ганбаатар 9.79, Ц.Цогтбаяр 2.79 хувийн санал авчээ. Үүнээс харахад иргэдийн сонголт МАН руу эргэсэн нь тодорхой байна. Багануур, Говьсүмбэрийн сонгуулийг УИХ-ын сонгуулийн өнгө төрх гэж харах хүн ч цөөнгүй байна. Ардын намын дарга нар ч албан тасалгааны цонхоор иргэдийн амьдралыг шинжихээ больж, "Бид хамтдаа" аян өрнүүлж, хөдөө орон нутгийн зүг хүлгийн жолоо залаад удлаа. Үүнийх нь үр ашиг уу,  АН-д хулхидуулсан иргэдийн гомдол уу юутай ч сүүлийн хэдэн сонгуулийн дүн МАН-ын талд гарлаа.

 

С.Пуужин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: