Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 20
・ 1
|
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
-Төсвийг алдагдалгүй батлахын чухлыг хэн хүнгүй ярьж байна. Харин үүний үндсэн хөшүүрэг нь Онцгой албан татварыг бууруулах цаашлаад тэглэх гэдэг асуудлыг танай бүлгийнхний зүгээс хүчтэй тавьж байна л даа. Гэтэл эрх баригчид татвар нэмж, төсөвт орлого төвлөрүүлэх нь чухал гээд байгаа шүү дээ?
-Шатахуун бол Монгол Улсад эргэлдэж буй бүхий л барааны өртгийг тодорхойлж байна. Худалдаа үйлчилгээнээс авахуулаад гурван сая хүний өдөр тутмын амьд ралыг хөдөлгөж, хүрч, нөлөөлж байгаа зүйл нь шатахуун. Нэг үгээр бол, шатахуунд суурилсан өртөг бий болж байна гэсэн үг. Нүүрс олборлох, худалдаа үйлчилгээ явуулахад шатахуун л хэрэгтэй. Ганцхан жишээ татахад уулын бая жуулах Эрдэнэт үйлдвэр өнөөдөр алдагдалд орж эхэлсэн. Гэтэл энэ нь шата- хуунтай л холбоотой. Цаашлаад Тавантолгойн нүүрс өрсөлдөж чадахгүй байгаа гийн шалтгаан бас л шатахуун. Өнөөдөр хилийн цаадах ОХУ- аас хоёр дахин их үнэтэй шатахууныг монголчууд хэрэглэж байна. Гэтэл бид, манай хувийн хэвшлийнхэн бусадтай яаж өрсөлдөх вэ. Үнэндээ шатахууны үнийг өндөр байлгахыг Засгийн газар зориудаар зохиомлоор бий болгоод байгаа юм.
-Ирэх оны төсвийн тодотголд онцгой албан татварыг нэмэх санал оруулж ирсэн. Энэ нэмэгдэлд хэчнээн төгрөг тусгасан бэ?
-700 гаруй тэрбум төгрөгийн онцгой албан татварыг нэмж авахаар оруулж ирсэн. Гэтэл шатахуунд Засгийн газраас ногдуулж байгаа онцгой албан татварыг тэглэж чадвал өнөөдрийн цахилгаан, дулаан, нүүрснээс авахуулаад уул уурхайн өрсөлдөх чадвар, газар тариалангийн салбар гээд бүгдийнх нь суурь зардал буурна. Одоогийн байдлаар Монгол Улсад гурилын үнэ 1000 төгрөг байна. Гэтэл хилийн цаана 500-600 төгрөгийн үнэтэй гурил байна шүү дээ. Монголын ард түмэн яагаад ийм үнэтэй зүйл хэрэглэх ёстой юм. Ийм байж бид уул уурхайг хөгжүүлнэ гээд байдаг. Бид асар өндөр өртөгтэй амьдарч байж Оросын нүүрсний уурхайнуудтай Монгол Тавантолгойг яаж өрсөлдүүлэх гээд байгаа юм. Хоёр дахин илүү үнээр нүүрс олборлож байна. Хоёр дахин үнэтэй шатахууны зардлаар “Эрдэнэт” үйлдвэр ажиллаж байна. Яаж өрсөлдөх юм. Энгийн төвшиндөө ярихад хэрвээ шатахууны онцгой албан татварыг чөлөөлж чадвал такси, автобусны үнэ хоёр дахин багасна. Ерөөсөө Монгол Улсын гурван сая иргэнд дэм болох зүйл нь шатахуун юм шүү дээ. Гэтэл үүнийг зохицуулах Засгийн газар нь татвар нэмээд байгаад л асуудлын гол байгаа юм. Харин үүнийхээ шалтгааныг хямрал хүндрэл гээд байна.
-Шатахууны онцгой албан татварыг нэмснээр цалин, тэтгэврээ нэмнэ гээд байгаа шүү дээ?
-Үгүй. Нөхцөл байдал ингэтлээ хүндэрсэн үед гурван сая иргэнээ бодох уу эсвэл цөөнхийг бодох юм уу. Цөөн хэдэн хүнийг ажилтай болгохын тулд нийт олныг золиосолно гэдэг чинь энэ санаа шүү дээ. Дэлхийн зах зээлд өнөөдөр шатахууны үнэ бараг гурав дахин хямдарчихаад байгаа энэ алтан үеийг Монгол Улс ашиглах ёстой. Шатахууны үнэ ийм үед бид үнээ чөлөөлөөд Монгол Улс зах зээлийн зарчимдаа бүрэн шилжиж орж чадвал таатай үе энэ л байна. Үнэ өндөр байхад зах зээлийн зарчимд шилжихэд хэцүү байдаг. Харин ийм бага болчихсон үед шилжвэл бүх өртөг унахаар байгаа юм. Тухайлбал, цахилгаан, дулаан, ус, талх, гурил будаа хямдарна. Эрдэнэт, МИАТ ашигтай ажиллана. Тавантолгойн нүүрс өрсөлдөхүйц хэмжээнд хүрнэ. Гэтэл цөөн хэдэн хүнийг шулуухан хэлэхэд энэ данхар төрийг ажил, цалинтай байлгахын тулд онцгой албан татварыг олон түмнээс аваад цөөнхөд хуваарилж байна шүү дээ. Онцгой албан татварын хэмжээг маш өндөр байхаар оруулж ирсэн. Тухайлбал, нэг тонн шатахууны онц гой албан татвар 200 мянга байхаар оруулж ирсэн. Гэхдээ энэ өмнө нь авч байсан татвар дээрээ нэмж оруулж ирж байгаа өртөг шүү. Дизель түлшний тонн тутамд 300 мянган төгрөг нэмж байна. Таван хувь байсан нэмүү өртгийн албан татварыг 10 хувь болгох гэж байна. Дэлхий ертөнцөөрөө хямралаас хохирол багатай гарахыг оролдож байхад бид илүү өндөр ачааллыг ард түмнийхээ нуруун дээр нэмж байна. Шалтгааныг нь хямрал гээд байдаг. Энэ бол буруу бодлого.
-Тэгэхээр зөв бодлогын эхний алхмыг та онцгой албан татварыг тэглэх гэж хэлээд байна уу?
-Үнэхээр олон түмнээ бодож байгаа бол, хямралыг хохирол багатай даван туулъя гэж байгаа бол онцгой албан татварыг тэглээд өгчих. Тэгвэл аж ахуйн нэгж чинь засаг, төрөөс цалин, тэтгэвэр нэхэхгүй. Ямар нэгэн халамж нэхэх гүйгээр жамаараа явах бололцоотойг л хэлээд байгаа юм.
-Шатахууны зардлын зөрүүгээр төсвийн цоорхойг нөхөж байгааг салбарын сайд хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. Улсын төсвийн орлого төвлөрөхгүй байгаа энэ үед өөр гарцгүй ч юм шиг харагдаад байна л даа?
-Төсөв юу юм, өнөөх л цөөн хэдэн хүнээ ажилтай болгох буруу бодлого л энэ байхгүй юу. Есөн яамтай байж болно гэсэн мөртлөө яагаад дараагийн Засгийн газрын бүрэн эрхэд халдаад байгаа юм. Үнэхээр л төсвийнхөө орлогыг бүрдүүлье гэж байгаа бол ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлчих л дээ. 15-16 яамыг ярьснаараа цаг алдалгүй цөөлчих. Яагаад заавал ирэх оны наймдугаар сарын 1 гэж хойш тавиад байгаа юм. Илүү шаардлагагүй зардлуудаа багасгачих л даа. Онцгой албан татвар авахаа болиод үүнийгээ олон түмэндээ өгчихвөл нийт иргэд төдийгүй аж ахуйн нэгж гээд ерөнхийдөө гурван сая иргэний амьдралд бодитоор нэмэр болох юм шүү дээ. Өнөөдөр үнэндээ шатахуунаар дамжсан өндөр өртөг бий болоод байна шүү дээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.