Төр өршөө биш, төрийг өршөө

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 23

 

Өршөөлийн хууль яагаад Монголын улс төрийн зангилаа асуудал болж хувирав аа. Яахаараа 3000 хүнд төрийн өршөөл үзүүлэх энгийн нэгэн акц Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хувь заяатай холбоотой эмзэг сэдэв болж орхив.

Энэ хуулийг ээлжит бус чуулганаар баталсан, Ерөнхийлөгч хориг тавьсан, хоригийг хүлээж авсан, гэвч өөрчлөлт оруулах дээр гацаа үүссэн зэрэг бүх үйл явдал туйлын ач холбогдолтойгоор өрнөж байна. Өршөөлийн хууль баталж байсан өмнөх таван тохиолдолд ингэж байсан удаагүй. Тэгвэл энэ удаагийн Өршөөлийн хууль юугаараа тийм онцгой вэ. Хууль хэрхэн хэрэгжихээс хамаарч, Монголын ирээдүйн улс төрийн тоглолт, улстөрчдийн тавилан шалтгаалж байна гэхэд хилсдүүлсэн болохооргүй байдалтай байна. Үүнд ноцтой тайлбар хэрэгтэй.

 

Тэгвэл Өршөөлийн хууль хэрэгжсэнээр юу өөрчлөгдөх гээд байгааг олж мэдвэл чухам аль нь тийм ноцтой үр дагавар агуулж байгааг тааж болмоор санагдав.

Юун түрүүнд шоронд хоригдож буй 7000 гаруй хоригдлын 3000 орчим нь өршөөлд хамрагдана. Заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзсэн хүмүүжигчдийг суллаж, заримынх нь ялыг хөнгөлнө. Энд тийм айхтар улс төрийг хямруулах шалтгаан, үр дагавар харагдахгүй байна. Улстөрчид засрахгүй олон хоригдлыг нийгэмд суллаж тавихаас хэт болгоомжилсондоо ингэж сүр бадруулж, шийдвэр гаргаж чадахгүй дүлэгнэлдээгүй байх. Учир нь, 2006 онд Өршөөлийн хуулиар суллагдсан иргэдийн 90 гаруй хувь нь дахин ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй гэсэн эерэг судалгаа байна.

 

Тэгвэл хоригдлуудыг сулласнаар төсөв хэмнэнэ. Хууль санаачлагчид нь 100 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж үзэж буй. Монгол Улсын төсвөөс жилд 12 тэрбум төгрөгийг хоригдлуудын зардалд өгдөг. Нэг ялтанд өдрийн 10650 төгрөгийн зардлыг төрөөс гаргадаг. Мөн жилд нэг ялтанд 200 мянган төгрөгийн хувцас тараадаг гэх. Энэ мэт төсвийн зардлыг хэмнэх, эс хэмнэхээс үүдэлтэй сэдвээр Монголын улстөрчид зун, намар дамнан хэрэлдлээ гэвэл ёстой худлаа.

 

Өршөөлийн хуулиар насанд хүрээгүй хүүхэд, анх удаагаа алдсан болон өндөр настан, эмэгтэйчүүд өршөөгдөнө. Энд ч улстөржөөд байхаар зүйл алга. Тэгээд өөр чухам ямар ноцтой зүйл хаана нь нуугдаж байгаа хэрэг вэ.

Өршөөлийн хууль батлагдсан даруйд ноён Н.Энхбаяр Монголд ирж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яаран хориг тавьсан нь чухам учгийг олны өмнө ил тод болгосон. Улмаар цаана нь ямар эрх ашиг нуугдаж, ямар улс төрийн наймаа, тохиролцоо, хонжоо явж байгаа нь хөшиг нээх шиг олны өмнө дэлгэгдэж эхэллээ.

 

Өршөөлийн хуулийн улс төрийн гол зорилго нь цагаан захтнууд буюу авлигачид, төрөөс төрсөн тэрбумтан, санаатайгаар иргэдийг залилсан хүмүүсийг шийтгэлээс хэлтрүүлэхэд чиглэсэн байсан нь илэрхий болж байна. Үүнийгээ харин хэрхэн хэрэгжүүлэх учраа шийдвэр гаргагчид мэдэхээ байлаа. Тиймдээ ч өнөөдрийн холион бантанг зуурч байгаа хэрэг юм. 

 

Холион бантан 1: Улстөрчдийн хоёр нүүр 

 

Ц.Элбэгдоржийн тавьсан хоригийг УИХ хүлээн авсан атлаа энэ шийдвэртээ маш дурамжхан байна. “Авлигачдыг өршөөсөн энэ хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй” гэсэн Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжихгүй бол авлигыг өөгшүүлдэг, өөрөө гар бие оролцдог нэгэн болж хувирах гээд байсан учраас аргагүйн эрхэнд хүлээн авч буй мэт дүр эсгэцгээлээ. Түүгээр ч зогсохгүй, энэ хуулийг батлах үед хэн хэн дэмжиж, хэн татгалзсаныг нээлттэй зарла гэж УИХ-ын дарга З.Энхболдоос шаардаж ч байх шиг. Дэмжсэнүүд нь авлигыг өөгшүүлэгчид гэж харагдуулах гэсэн сонирхол.

 

Гэхдээ энэ бол камерын өмнө үзүүлдэг тоглолт нь юм. Харин камераас далд, хөшигний цаана өөр тоглолт өрнөж байгаа бололтой. Хээл хахууль, авлига, албан тушаалтнуудтай холбоотой хэргийг өршөөлд хамруулахгүй гэдэг хориглогдсон заалтыг зүс хувиргаад, агуулгыг нь хэвээр хадгалан өөрчлөлт оруулах хувилбарыг УИХ хаалттай хуралдаанаар баталж магадгүй байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Телевизийн камерын өмнө гарахаараа шударга үнэний туйл болоод явдаг нөхдүүд “Хээл хахууль, хууль бусаар хөрөнгөжихтэй холбоотой гэмт хэргийг өршөөхгүй” гэж ярьж орж ирээд түүнийхээ эсрэг санал өгдөг шүү дээ” гэж тун тодорхой хэлсэн. Тухайлбал, тэрээр “Ардын намынхан бүгд дуугүй дэмжсэн” гэж үзэж байгаа.

 

МАН-ынхан уг шийдвэрийг гаргахад оролцоогүй гэдгээрээ нэр цэвэр үлдэж хоцрохыг хичээсэн авч шийдвэрт эсрэг саналтайгаар оролцох боломжоо эдлээгүй нь дэмжлэгийн нэг хэлбэр байсан ч гэгдээд буй. Үүнийг улс төрд “шонхордох арга” гэж нэрлэдэг болсон. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах санал хураалтад АН-ын “Шонхор” фракцынхан оролцоогүйгээрээ огцруулах саналыг цаагуураа дэмжсэнээс хойш бий болсон нэршил. Өршөөлийн хууль батлах үед МАН уг аргыг хэрэглэсэн гэх. Өршөөлийн хуулийг хэвээр нь зүтгүүлэх хамгийн их сонирхолтой байгаа хүн гэгдээд буй Р.Гончигдорж гишүүн “Өршөөлийн хуулийг Ерөнхийлөгчийн хоригийн дагуу хэлэлцсэн, эцэслэн шийдвэрлэсэн. Хориг хүлээж авсантай холбогдуулаад оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудал үүгээр дууссан. Тиймээс энэ хуулийг хэрэглэхэд боломж хязгаарлагдмал асуудлууд байвал хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж болно гэсэн үг.

 

Байнгын хорооны хуралдаан дээр ийм асуудлыг шийдвэрлэх гэж оролдсон ч ирц бүрдээгүй. Ирц бүрдээгүйг гишүүдийн залхуу, хойрго байдлаас болоогүй гэж би үзэж байгаа. Яагаад гэвэл гишүүдийг энэ асуудалд ямар нэгэн саналтайгаар ороход нөлөөлөх, улс төрийн дарамтыг бий болгочихлоо. Үүнийгээ дэмжээд явъя гэсэн нэг хэсэг нь авлигыг дэмжигчид болж байгаа бол эсэргүүцсэн хэсэг нь авлигатай тэмцэгч мэт харагдана. Ухаандаа М.Энхболд авлигатай цогтой тэмцэгч болж, би авлигачдыг өөгшүүлэгч болж таарч байна” гэж ярьжээ. Энд хоёр том дүгнэлт бий. Нэг нь улстөрчид хоёр нүүр гаргаж байна гэсэн санаа. Нөгөө нь, улстөрчид ямар нэгэн дарамтанд орж буй тухай.

 

Холион бантан 2: Улс төрийн намуудын сонирхлын зөрчил 

 

Улс төрийн намуудад Өршөөлийн хуулийг Ерөнхийлөгчийн хориггүйгээр хэрэгжүүлээд явчих сонирхол асар их байсан. Уг хуулийг удаасан, гацаасан гол буруутан нь Ерөнхийлөгч болон МАН. Ардын нам энэ хуулийг батлахад оролцоогүй. Авлигатай эвлэрдэг биш, тэмцдэг нам гэсэн нэр нүүрийг олон нийтээс хүртэхийн тулд эсэргүүцэж байгаа гэж хэлж болно. Тэд эрх баригчид гурван жил бужигнуулчихаад дөрөв дэх жилийнхээ босгон дээр Өршөөлийн хууль баталж, гэм буруутай бүхнээ булзааруулах гэлээ хэмээн хардаж буй.  “Чингис” бонд, “Самурай” бондын хөрөнгө зарцуулалттай холбоотойгоор АН-ыг хардаж сэрддэг, идсэн уусан, завшсан, шамшигдуулсан гэж ил цагаан шүүмжилдэг. Үүнээс нь болж авлига, албан тушаалтны хэргүүдэд өршөөл үзүүлэхийг эрс эсэргүүцэх бэлээхэн шалтгаан тэдэнд бий.

 

Гэвч тэдэнд сонирхлын зөрчил бас байгаа. 2010 оноос хойш эрх баригч АН сөрөг хүчин болох МАН-ын олон боловсон хүчнийг улс төрийн зорилготойгоор хэлмэгдүүлсэн гэж үздэг нам. Өрсөлдөгчөө намнах зорилготойгоор Ардын намын харьяалалтай Засаг дарга нарыг үндэслэлтэй, үндэслэлгүй барьж хорьж байсан гэж буруутгадаг. Тиймээс тэдэнд өөрийн хүмүүсээ өмгөөлөх, өршөөлгөх сонирхол бусад нам хүчнээс илүү ч байж болно. Учир нь тус хуулиар өршөөгдөх олон хэрэгтний дотор МАН-ын сэтэртэй хүн олонхи нь. УИХ-ын гишүүн асан Д.Дондог, Улаанбаатарыг даргалж байсан Ц.Батбаяр, Ашигт малтмалын газрын Д.Батхуяг нарыг дурдаж болно. Шүүхээр нотлогдоогүй ч цагаан захтны хэрэгт энэ намынхнаас хэдэн арваараа холбогдсон. Гэхдээ далд сонирхол их байсан ч түүнийгээ ил гаргаагүй л бол тийм сонирхол байхгүй гэж ойлгогдоно. Далд сонирхлоо ил илэрхийлээгүй гэдгээ нотлохын тулд тэд Өршөөлийн хуулийг баталсан санал хураалтад хэн хэн нь тус заалтыг ил болгохыг шаардсан. Гэвч хаалттай хуралдааны саналыг ил болгох боломжгүйг тэднээс илүү хамгийн сайн мэдэх хэн байхсан билээ. 

 

АН-ын тухайд байр суурь нь мэдээж нэгдмэл бус. Р.Гончигдорж тэргүүтэй гишүүд хуулийг шахаж, тулгаж, сурталчилж байхад Х.Тэмүүжин тэргүүтэй гишүүд шоолж, шүүмжилж, няцааж байна. Намын дотоодод өрнөж буй мэдээллээр бол хуулийг эхний хувилбараар нь хэрэгжүүлэх сонирхол мэдээж байсан, гэвч хэт их үнэ төлөх болсон учраас зарим буултыг хийсэн гэх. Авлигатай тэмцэнэ гэж гарч ирсэн нам авлигыг дэмжигч гэсэн нэр зүүхийг мэдээж хүсээгүй. Тэд аль нэгийг нь сонгохоос өөр нөхцөлгүй хоёр шийдвэрийн дунд гацчихаад байгаа. Аль алинаас нь л хохирол хүлээнэ. Ерөнхийлөгчийн хоригийг бүтэн хүлээж авсан хэлбэрээр хуулийг хэрэгжүүлбэл АН хамгийн гол түншээ алдах аюулд орохын зэрэгцээ дотоод дахь эрх ашгуудын зөрчилд бариулах болно гэж олон хүн дүгнэж байна. Эсрэгээрээ хориг тавигдсан хоёр заалтын хэлбэрийг өөрчлөөд, агуулгыг хэвээр хадгалах байдлаар хэрэгжүүллээ гэж үзэхэд нэр хүндээ эрсдэлд оруулна.

 

Тэгвэл “Шударга ёс” эвслийн байр суурь мөн л дотоод зөрчилдөөнтэй. МАН-тай адил байдалд орсон. Гэхдээ ялгаатай нь, эсэргүүцлээ тас нууж, дэмжлэгээ ил дэлгэж буй. Анх энэ хуульд авлига, албан тушаалын хэргүүдийг өршөөх саналыг тус эвслээс оруулж ирсэн. Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ тэргүүтэй гишүүд гаргасан саналаа хэвээр хадгалах гэж  улайрч байхад Л.Цог, Г.Уянга зэрэг зарим гишүүн эсрэг талд санал дарах маягтай.

 

Холион бантан 3Н.Энхбаярын сонгогдох эрх 

 

Өршөөлийн хууль уг нь 3000 хүний хувь заяатай холбоотой асуудал атал ганц Н.Энхбаяр гэдэг хүний асуудал болж хувирав. Ц.Элбэгдорж тус хуульд хориг тавихдаа зөвхөн түүнд зориулж үг хэлснээс энэ бүхэн үүдэлтэй. Улмаар энэ хууль зөвхөн Н.Энхбаяр гэж хүнийг өршөөх зорилготой батлагдаж, мөн зөвхөн түүнийг үл өршөөх зорилготой хориг тавигдсан мэт уншигдсаар өдий хүрлээ.

Ц.Элбэгдорж уг нь аль хэдийн Н.Энхбаярт уучлал үзүүлчихсэн. Тэгсэн хэрнээ өршөөл үзүүлэх болохоор яагаад ийн хүчтэй эсэргүүцээд унав. Мэдээж, авлига, хээл хахууль, албан тушаалтны хэргийг өршөөхгүй гэсэн өөрийнх нь зарчим бий байх. Гэхдээ л гол шалтгааныг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн хэлчих шиг санагдсан. Тэрээр “Уучлал өршөөл хоёрын ялгааг би сайн ойлгохгүй л байгаа юм. Уучилна гэдэг нь үүд хавьцаа байлгахын нэр, өршөөнө гэдэг нь хойморт гаргаж суулгахын нэр юм болов уу даа гэж тааж байна” хэмээсэн. Тийм ээ, гол ялгаа энэ юм. Н.Энхбаярыг уучилсан ч тэр одоогоор шүүхээс ял шийтгэл хүртсэн, Ц.Элбэгдоржийн хэлдгээр гэмт хэрэгтэн. Тиймд түүнд 2016, 2017 онуудад сонгуульд оролцох эрх үүсэхгүй. Эрх зүйн хувьд боломжгүй. Хуулиараа бол Ерөнхийлөгч түүний гэмт хэргийг нь уучлаагүй, гэмт хэрэгт оноосон ялыг биеэр хоригдож эдлэхээс л чөлөөлсөн гэсэн үг. Харин өршөөгдчих аваас байдал өөр болно. Өршөөл бол тэнсэн харгалзах ялтай нь тэнсэнгүй болж, “ялгүйд тооцох хугацаа”-тай бол тэр хугацаа нь дуусдаг.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх