75 дугаар тогтоолыг боомилох сонирхол хэнийх вэ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 30

УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсгийнхэн энэ амралтын өдрүүдэд Дорнод аймгийн Халх гол суманд ажиллахаар Улаанбаатар хотоос хөдөлжээ. Гэсэн ч нутгийн оршин суугчид тэднийг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдэж, “75-р тогтоолыг хүчингүй болго” гэсэн уриа бүхий тайван жагсаал хийсний улмаас салбарын сайд 30 орчим минут машиндаа сууж, Халх голд чөлөөт бүс байгуулах төрийн бодлогын тухай үнэн бодит мэдээллийг иргэдэд хүргэж чадалгүй  эргэн ирсэн аж. 

Төр бодлогоо гаргасан. Тэрнээс биш Р.Бурмаа биш. Төрийн гаргасан бодлого хэн нэгэнд үйлчлэх зорилго агуулсан байсан бол өнөөдөр сөрөг хүчнийхэн эсэргүүцээд батлуулахгүй л байх байсан. Тиймдээ ч иргэдийн энэхүү зохион байгуулалттай үйлдлийн цаана хэн нуугдав гэдэг нь сонирхол татах сэдэв болж байгаа юм. Халх гол суманд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох сонирхол хэнд байна вэ. Ашигт малтмалын лиценз олгоно гээд зарлачихсан Халхголын бүс нутаг орчимд хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг байгуулснаар тухайн бүсэд ашигт малтмалын олборлолт явуулах боломжгүй болох юм. Үүнийг ард иргэд эсэргүүцэх  учиргүй байлтай.Өсч өндийсөн нутгийг нь сэндийчлэх бус харин газар дээр нь баялаг бүтээхийг эсэргүүцдэг харалган хүмүүс Дорнодод олон биш. Харин газар нь буцаагдчихсан ч, асар их хөрөнгөөр буюу нийт 20 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хайгуул хийж, таамаг нөөцөө 62 сая тонн гээд тогтоочихсон “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн олборлолт явуулахаар төлөвлөчихсөн нутаг нь чөлөөт бүстэй давхцаж буй нь санамсаргүй давхцал биш гэдэг нь лавтай. 

Монгол Улсад газрын тос олборлодог хоёр компани байдаг. Тэрний нэг нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компани. “Петрочайна Дачин тамсаг” компани Буйр 22 гэдэг талбайд үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд энэ талбай нь 780 мянга га газрыг эзэлж байгаа юм. Тэгэхээр энэ  нь чөлөөт бүстэй давхцаж байгаа учир 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох сонирхол Петро Чайна компанийнх байж магадгүй гэж хардаж болох нь. Хэнд ч хардах эрх бий. Түүнчлэн, Р.Бурмаа сайдыг Халх гол суманд ажиллахаар очиход иргэдийн жагсаалд “Петро Чайна” компанийн ажилтнууд оролцсон төдийгүй сумын иргэд өндөр үнэтэй хэвлэмэл материалыг барьж жагссан нь зүгээр нэг тохиолдол гэж үү. Тайван жагсаал хийж буй алслагдсан сумын иргэд  өндөр үнэтэй хэвлэмэл уриа лоозон, өнгөтөөр хэвлэсэн материалыг барьж, Улаанбаатар хотын дугаартай машинууд эгнэн зогссон жагсаалын зургийг харахад л эргэлзээ төрүүлэх зүйлс олон байна.  Мөн нэг сонирхол татах зүйл энд бий. 
 

Сумын удирдлагууд газар олгодог гэнэ үү 


Дорнод аймгийн Халх гол сумын газрын даамал Б.Нэмэхбаяр 2015 оны долдугаар сарын 6-ны өдөр сумын 51120 га газрыг  нийт 16 аж ахуй нэгж газар тариалангийн зориулалтаар ашигладаг гэх мэдээллийг өгч байв. Харин тэжээлийн ургамал тариалалтын зориулалтаар 36 мянган га-г өгсөн байдаг. Ингэснээр нийт  87 мянган га талбайг тэжээлийн ургамал тариалалт  болон газар тариалангийн зориулалтаар ашигладаг байх нь. ТэгвэлГазрын харилцаа геодези зурагзүйн газрын мэдээллээр Халхгол сумын 49 мянган га талбайд тариалалт хийжээ. Харин Байгаль орчин аялал жуулчлалын яамны Цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн сансрын хиймэл дагуулын зурагнаас тус сумын 58182 га газрыг хагалсан байх юм. Энэ тоонуудыг өнгөц харахад л асар их зөрүү ажиглагдаж байгаа. 

Гэтэл 2010 оны Засгийн газрын 97 дугаар тогтоолоор  Газар тариалангийн зориулалтаар иргэд аж ахуй нэгжийн эзэмшиж буй  Дорнод аймгийн Халхгол сумын атаршсан 30 мянган га талбайг зориулалтын дагуу үйлдвэрлэлийн эргэлтэд оруулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах үүргийг өгсөн байгаа юм.  Тиймээс 2010 оны энэ тогтоол гарахаас өмнө ашиглагдаж байсан ойролцоогоор 10 мянган га талбай  бий гэж үзвэл нэмээд 30 мянган га талбайг ашиглах зөвшөөрлийг олгожээ. Ингэхээр 40 мянган га талбай эргэлтэд орсон гэсэн үг.Нэгэнт асар их тооны зөрүүтэй талбайг 16 аж ахуй нэг эзэмшиж байгаа юм бол тэдэнд хэн газар ашиглах эрхийг өгч, хэн ашиглаж байгааг сонирхоод үзье. 

Улсын архивын газрын Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн лавлагаанаас харахад, тухайлбал, “Соёмбо буудай” ХХК  гэх компани нь 1600 га газарт тариалан эрхэлж байна. Гэтэл энэ компанийг өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 15-нд “Irlian Deyu Organic Agriculture Imp&Exp” гэх Бүгд найрамдах Хятад ард улсын 95 хувийн хөрөнгө оруулалттай компанид шилжүүлсэн байх юм. Харин захирал нь Zhang Hui, Jiyuan зэрэг хятад хүмүүс байх аж. Өөрөөр хэлбэл, Монгол компанийн нэр дээр газар нь олгогдсон атлаа улсын бүртгэлийн лавлагаанаас тодруулахад  Хятад компани болж таарч байна. Ингэхээр Хятад компанид газар өгөгдсөн байна гэсэн үг. 

Дахин нэг жишээ дурьдая. “Хансолмо” ХХК  гэх Солонгосын компани тэнд газар ашиглаж байгаа. Энэ компанид 2009 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Халх гол сумын ИТХ-ын 17 дугаар тогтоолоор 30 мянган га газрыг фермерийн аж ахуй ашиглах, тэжээлийн ургамал тариалах зорилгоор ашиглуулах шийдвэрийг гаргаж, газрын гэрчилгээ олгох ажлыг сумын Засаг дарга Ц.Сүхбаатарт үүрэг болгожээ. Тухайн үед ИТХ-ын даргаар Ц.Насанхүү ажиллаж байсан аж. Фермерийн аж ахуй эрхлэнэ үү,  тэжээлийн ургамал тарина уу газар ашиглах эрхийг Засгийн газар л шийддэг.  Гэтэл 2009 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр ИТХ нь шийдвэр гаргаж, мөн тэр өдөр нь сумын Засаг дарга нь Сумын засаг даргын 31 дүгээр тоот захирамж  гаргаж, 30 мянган га газрыг таван жилийн хугацаатайгаар олгосон байгаа юм. Жирийн иргэн газар ашиглах гэрчилгээг авахын тулд жил хөөцөлдөх тохиолдол байдаг бол гадны нэг компанид нэг өдрийн дотор л “том толгойтой, хэт мэдэлтэй” сумын удирдлагууд газрын гэрчилгээг нь олгожээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх