Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 02
Б.ЭНХЗАЯА
Төрийн банкыг хувьчлах асуудал хүчтэй яригдаж эхэллээ. Угаас төр өөрийн мэдэлдээ банктай байхыг эдийн засагчид эсэргүүцсээр ирсэн. Тэгвэл удахгүй ажил хэрэг болох Төрийн банкны хувьчлал өөр нэгэн хэргийг “сэдрээх” бололтой.
Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2009 оны арваннэгдүгээр сарын 29-нд “Зоос” банкыг Монголбанкны ерөнхийлөгчийн 659 тоот тушаалаар татан буулгаж, Засгийн газрын тогтоолоор Төрийн банкыг байгуулсан түүхтэй. Гэвч энэ ажиллагаа хууль ёсных байсан уу, дампууруулсан хэргийн эзэд ямар хариуцлага хүлээсэн, хувьцаа эзэмшигчдийн хохирлыг хэрхэн барагдуулах, Төрийн банк байгуулагдахад оруулсан Засгийн газрын 100 орчим тэрбум төгрөгийн бондын эргэн төлөлт зэрэг асуудал одоог хүртэл нэгмөр болоогүй байна. Эхний асуудал шийдэлд хүрээгүй байхад дараагийн алхам хийж буух эзэн буцах хаяггүй болох вий гэдгийг УИХ-ын төвшинд зарим гишүүн ярьж, сануулж эхэллээ.
“ЗООС” БАНКНЫ ДАМПУУРЛЫН ЭХЛЭЛ ИЙМ
Эдүгээ Төрийн банкны хуучин суурь болсон “Зоос” банкны дампуурал ингэж эхэлжээ. Хятадын хөрөнгө оруулалттай “Huvia Mongolia” компани “Зоос” банкинд таван сая ам.долларыг хадгаламж нээлгээд хадгалуулсан гэдэг. Гэтэл 2009 онд тус банк санхүүгийн хямралд орж Хятадын компани хадгалуулсан мөнгөнөөс хүү авах гэрээ байгуулжээ. Банк эхний үед хадгаламжийн хүүг өгч байснаа сүүлдээ хүүний төлбөрийг нь өгөхөө больсонд “Huvia Mongolia” компани шүүхэд гомдол гаргажээ. Гомдлын мөрөөр компанийн харилцагч “Зоос” банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, гадаад төлбөр тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Ж.Алтанцаг, П.Сэлэнгэ нарыг дутуу хүүтэй зээл олгож, “Huvia Mongolia” компанийн хадгалуулсан таван сая ам.долларыг хувьдаа эргэлдүүлсэн гэж буруутгасан ч шүүхийн шатанд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн 2012 онд цагаатгажээ. Уг хэрэгт тухайн үеийн банкны захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн яамны Төрийн сангийн захирал Х.Пүрэвсүрэн нар холбогдон шалгуулж байв. Гэвч Ш.Чуданжийгийн хэргийг тусгаарлаж, бусад нь цагаадсан шүүхийн тогтоолтой ажээ.
“Зоос” банкны захирал асан Ш.Чуданжийг банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн 1.6 тэрбум төгрөгийг үрэгдүүлсэн болохыг шүүхийн шинжээчид тогтоож, 2012 оны хоёрдугаар сард анхан шатны шүүхээс түүнд зургаан жилийн ял оноож байв. Тухайн үед түүний бага насны хүүхэдтэйг шүүхээс харгалзаж Өршөөлийн хуульд хамруулан ялыг нь хэдэн сараар хойшлуулж, хохирлын 1.6 тэрбум төгрөгийг барагдуулах шийдвэр гаргаж байжээ. Гэвч одоог хүртэл тэрээр ялаа эдэлж, хохирлоо нөхөн төлсөн эсэх нь шүүх, хуулийн байгууллагын шатанд тодорхойгүй байна. Ш.Чуданжий нарын хэрэг “Зоос” банкыг дампууруулах эхлэл болсон гэж тухайн үед хэвлэлүүд мэдээлж байлаа.
Г.Уянга: ЗАСГИЙН ГАЗАР АЛДАА ГАРГАСАН
Тиймээс ч уг хэрэг мандахтай зэрэгцэн “Зоос” банкыг албадан татан буулгасан байдаг ажээ. Монголбанкны ерөнхийлөгчийн татан буулгах тушаалд “....Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг, тэдгээрийн анхны шаардлагыг гарган өгч чадахгүйд хүрч өөрийн хөрөнгө алдагдаж, төлбөрийн чадваргүй болсон..” гэдгийг үндэс болгожээ. Харин Засгийн газрын тогтоолд иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламж, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг эрсдлээс хамгаалахаар “...“Зоос” банкны бүтцийн өөрчлөлтөд зориулж 95.1 тэрбум төгрөгийн бонд гаргаж, Төрийн банкыг байгуулах...” тухай дурдсаныг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан саяхан УИХ-ын гишүүн Г.Уянгын асуулгын хариуд онцлов.
УИХ-ын гишүүн Г.Уянга Төрийн банкны хувьчлалтай зэрэгцэн “Зоос” банкны асуудал хөндөгдөх ёстойг мэдэгдэж буй. Тус банкны дампуурлаас хохирч үлдсэн 600 гаруй жижиг хувьцаа эзэмшигч түүнд хандаад буй. “Анх жижиг хувьцаа эзэмшигчид надад хандсан. Иргэдийн тавьсан хүсэлт, цуглуулсан баримтуудыг үзэхэд “Зоос” банкны асуудлыг эргэж ярих гарцаагүй нөхцөл үүссэн байсан. Юуны түрүүнд “Зоос” банк дампуурч татан буугдсан гэж ойлгож байгаа ч суурин дээр нь Төрийн банк байгуулагдсан гэдэг нь баримтуудаар тодорхой боллоо. Төрийн банкны хувьчлалтай зэрэгцээд “Зоос” банкны хувьцаа эзэмшигчдийн асуудал давхар хөндөгдөх ёстой. УИХ-ын тогтоол ч ингэж гарсан байна. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхдээ Засгийн газар алдаа гаргасан” гэж тэрээр манай сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.