“Тоглоом дууслаа”, тарцгаая

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 03
“Тоглоом дууслаа”, тарцгаая
Аравдугаар сарын 29-ний пүрэв гаригт Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлалаа. Ингэснээр наймдугаар сарын 11-нд Их Хурлаас батлаж байсан хууль бараг гурван сарын хойно арайхийж хэрэгжих боломжтой болж байгаа нь энэ. Хууль хэрэгжээд өршөөлд хамрагдах ёстой хүмүүс суллагдах чөлөөлөгдөх үйл явц өрнөж байгааг албаны хүмүүс мэдэгдэж байв. 
Өршөөлийн хууль батлагдахтай зэрэгцээд “Гишүүд авлигачдад NO гэж хэллээ” гэдэг пиар ч бас хүчтэй өрнөлөө. Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр албан тушаалын хэрэг, залилангийн хэрэг өршөөлд хамрагдахгүй болж байгаа гэж баярлан пиардаж байгаа нь энэ. Хэрвээ энэ нэмэлт өөрчлөлтийг оруулахгүй бол Н.Энхбаяр гэдэг авлигач өршөөгдөх гээд байна гэдэг суртал ч өмнө нь хангалттай их явсан болохоор чухал хэнд NO гэж хэлээд байна вэ гэдгийг тааж ядах юмгүй байлаа. 
Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тавьсан хоригийг дэмжсэн өөрчлөлтийг хуульд оруулан батласан нь улс төр цаашдаа бужигнах нөхцөл байдлыг үүсгэлээ гэдгийг улс төрийн намуудын төлөөлөл өөрсдөө ч хүлээн зөвшөөрч байна. Тэгэхдээ ил харагдах шалтгаан нь Өршөөлийн хууль хүссэнээр нь батлагдаагүйд бухимдсан Н.Энхбаяраас болж төр, засаг бужигнаж байгаа юм шиг харагдаж байгаа боловч, цаанаа эрх барьж байгаа АН-ын дотоодын зөрчил, хямрал төрийн хямрал болчихоод байгаатай холбоотой гэдгийг онцолж байна. 
Чухамхүү өөрсдөө л АН-ынхан Засгийн газраа унагаж байсан 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийг эргэн саная. “З.Энхболд ингэж их шунаж төрөө самрах хэрэг байсан юм уу, эвлүүлэх хэцүү дээ”. Энэ үгийг Ардчилсан хувьсгалын партизануудын нэг Лосолын Бямбажаргал өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулсны дараа хэлж байлаа. Н.Алтанхуягийг огцруулах тогтоолыг төслийг МАН санаачилсан боловч, яг огцруулах товчийг шууд болон шууд бус утгаараа АН-ынхан өөрсдөө дарсан. Тэгэхдээ бүр УИХ-ын дарга З.Энхболдын гэгддэг “Шонхор” фракц чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. С.Эрдэнэ, Д.Ганхуяг нар нэгэн танхимд хамтран ажиллаж байсан Ерөнхий сайдынхаа бус, харин “Шонхор” фракцын босс З.Энхболдынхоо харцаар хөдөлж, чуулганы танхимыг орхин гарлаа гэдгийг хэвлэлүүд тухайн үед шуугин бичиж байлаа. 
Ингэж Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь огцруулчихаад дараагийн алхам нь түүнээс намын даргын тамгыг нь салгаж авах байсан. Н.Алтанхуяг намын даргаасаа огцрох өргөдлөө өгсөн нь улс төрийн хүнд шахаанд ороод хийсэн алхам байсан биз ээ. Н.Алтанхуяг АН-ын дарга хийх хугацаандаа гурав дараалсан сонгуульд ялалтын тугийг авчирсан гавьяатай нэгэн. Гэтэл дараагийн сонгуульд Н.Алтанхуягтай оролцвол түүнийг дийлэхээ болино гэдэг айдас, 17 оны сонгууль гэх мэтчилэн албан тушаал эрх мэдлийн төлөөх тэмцэл Н.Алтанхуягийг зайлуулах сэдэл шалтгаан болов. 
Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулаад улсын эдийн засаг сайжирсан уу, Н.Алтанхуягаас АН-ын тамгыг булааж авснаар тус намын дотоод дахь асуудал намжсан уу гэдэг олон асуултын хариуг өнөөдөр Н.Энхболдоос нэхэх учиртай. З.Энхболд намын дарга болонгуутаа “Ардчилсан нам Фракцгүй болно” хэмээн мэдэгдсэн. Гэтэл бодит байдал дээр тус нам дахь бүлэглэл фракцуудын зөрчил улам гаарч байгаа нь дэд сайд нарын томилгоон дээрээс харагдаж байсан билээ. З.Энхболд АН-ын дарга болоод намаа эмхэлж чадахгүй байгаагийн хамгийн том бөгөөд тод жишээ бол Ардчилсан нам өнөөг хүртэл Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж чадахгүй байгаа явдал. Намын жирийн гишүүд нь ҮЗХ-гоор намын даргыг баталгаажуулах ёстой гэдэг боловч энэ шаардлагыг биелүүлэх зориг З.Энхболдод алга байна. Учир нь ҮЗХ-ны олонхи нь түүний эсрэг санал өгөх магадлал тун өндөр. Сайн ч, муу ч сүүлийн гурван сонгуульд намаа авч орсон Н.Алтанхуягт Үндэсний зөвлөлдөх хороонд, орон нутгийн АН-д түшиг тулгуур сайн байгаа. 
Нөгөө талаар Н.Алтанхуягийн “Алтан гадас” фракц тарж бутарлаа гэхэд зөвхөн албан тушаал эрх мэдлийн хүрээнд бүрэлдсэн зургаан гишүүнтэй “Шонхор”-оос илүүтэй үзэл бодол, итгэл үнэмшлийг төвлөрүүлж чадсан гэдгийг мартаж болохгүй. Одоогоор З.Энхболдын түшиж ажиллаж байгаа бүлэглэл нь “Женко” Баттулга байгаа гэнэ. З.Энхболд, Х.Баттулга нарыг нэгтгэж байгаа ашиг сонирхол нь Тавантолгойн гэрээ байсан. Тавантолгойн гэрээ одоо л урагшлах нь уу УИХ-аар заавал хэлэлцэх ёстой гэдэг асуудлыг ярьсан хүн нь З.Энхболд. Тэгээд УИХ-аас ажлын хэсэг томилж даргаар нь Л.Эрдэнэчимэгийг томилсон. Л.Эрдэнэчимэг нь Х.Баттулгын фракцынх. 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх