Улстөр
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2015 11 сар 04
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хятадын Энхтайван хөгжлийн сан, “Хангарьд UB” клуб байгууллагын хооронд байгуулсан гурвалсан гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд энэ оны дөрөвдүгээр 17-нд “Хүүхдийн амбулатори” барихаар шав тавьсан билээ. Тэгвэл өнөөдөр Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотод хүртээмж муутай байгаа “Хүүхдийн амбулатори” шинээр баригдаж, нэгээр нэмэгдэж байна.
Нээлтийн арга хэмжээнд МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд оролцсон бөгөөд тэрбээр “Хятад Улсын Засгийн газрын Энхтайван хөгжлийн сан, тэр дундаа Ерөнхий нарийн бичгийн дарга болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдад юуны өмнө талархаж байгаагаа илэрхийлье. Монгол Улс, нийслэл Улаанбаатар хотод нэн шаардлагатай байгаа хүүхдийн амбулаторийн ажил бол дөнгөж эхлэл нь юм. Бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлж, олон зүйл дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Мөн энэхүү ажлыг эхнээс нь дуустал нь хүчин чармайлт гарган зүтгэсэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, “Хангарьд UB” клубын Гүйцэтгэх захирал, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэсэн юм.
Өчигдөр үүд хаалгаа нээсэн энэхүү “Хүүхдийн амбулатори”-ийг БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар барьж байгуулсан нь хоёр орны олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг илэрхийлэхийн сацуу монголчуудын ирээдүй болсон мянга мянган хүүхдийн эрүүл мэндэд оруулсан томоохон хөрөнгө оруулалт юм. Эл “Хүүхдийн амбулатори”-д 250 мянган ам.долларын үнэ бүхий хүүхдэд зориулагдсан рентген аппарат, 4D эхо зэрэг хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүд суурилуулагдсан нь орчин цагийн амбулаторийн шаардлагыг бүрэн хангаж байгааг “Хангарьд UB” клубын Гүйцэтгэх захирал, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр онцолсон юм.
С.Пуужин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.