Тэнгэрлэг үнэнч хайрын түүх маргааш амилна

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 11

Тэнгэрлэг үнэнч хай­рын билгэ тэмдэг болон мөн­хөрсөн дурлалын түүх болох Уильям Шекспирийн “Ромео Жульетта” жүжгээр УДЭТ 85 дахь үзвэрийн жилийн нээлтээ маргааш нээнэ.

Монголын театрын тайзнаа гурав дахь удаагаа Төрийн соёрхолт найруулагч Н.Наран­баатарын цоо шинэ дэг тавилтаар амилах гэж буй энэхүү жүжгийн нээлт сонгодог урлагт шимтэгсэд төдийгүй эмгэнэлт хайрын түүхийг мэддэг хүн бүрийн сонирхлыг татаж, хүлээлтийг аль хэдийнээ үүсгэсэн. Нээлтийн өдрийн үзвэрийн тасалбар дуусчээ.

Монголд анх удаа 1966 онд “Ромео Жульетта” жүжиг С.Гэндэн найруулагчийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрт тавигдаж, Ромеогийн дүрд жүжигчин У.Готов агсан, Жульеттагийн дүрд жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байсан удаатай. Үүний дараагаар 30 жилийн дараа буюу 1996 онд найруулагч Ч.Найдандорж мөн Ч.Чимид гуайн орчуулгаар, яг зохиолын дагуу сонгодог хэлбэрээр нь тавьж гол дүрд жүжигчин О.Гэрэлсүх, Г.Алтанбагана, И.Одончимэг, Г.Урнаа нар тоглож үзэгчдийн хүртээл болгосон.

Тэгвэл энэ жил Х.Мэргэний орчуулгаар тавьж буйгаас гадна Уильям Шекспирийн зохиолыг бага зэрэг “эвдэж”, зөвхөн агуу хайрын түүхийг бус өнөөгийн нийгмийн гажуудал, хүмүүсийн зан байдал, шунал хүсэл, үнэт зүйлийн хэмжүүрийг харуулахыг зорьсон хэмээн уран бүтээлчид онцоллоо.

Найруулагч Н.Наранбаатар "Ромео, Жульетта хоёр бидний хүүхдүүд. Өсвөр насыг хүн бүхэн дайрч өнгөрдөг. Анхны харц, анхны дурлал, анхны үнсэлт, анхны хайр... Энэ бүхэнтэй өсвөр насны хүүхдүүд учирдаг. Тэд агуу их хайртай учрах юмсан гэсэн хүсэл мөрөөдлөөр дүүрэн байдаг.

Яг ийм үед нь эцэг эхийн анхаарал халамж, хандлага нь маш зөв байх ёстой. Тэднийг “хөлөөрөө толгой хийнэ үү үгүй юу хамаагүй” гээд хаячихвал их асуудалтай. Тэд амьдралын мөн чанарыг таньж мэдээгүй байгаа учраас алдаа гаргах их эрсдэлтэй. Төлөвшиж, ухаан бүрэн суугаагүй байдаг учраас хайр дурлалын төлөөх тэмүүлэл нь дүрэлзэж байдаг.

Нөгөөтэйгүүр хүн ямар ч орчинд өссөн бай хоёр биедээ хайр сэтгэлтэй л бол гэр бүл болох ёстой. Гэтэл өнөөдөр угсаа харж гэрлэх, баян айлын хүүхэд баянтайгаа суух ёстой гэсэн мессеж явж байна. Нийгэмд баян хоосны ялгаа хайр дурлалыг хүртэл ялгаж байна шүү дээ. Ийм муухай гажуудал байж болохгүй. Ингэвэл амьдралын үнэ цэнэ үгүй болно.

Хайр сэтгэл аливааг ялгаж үздэггүй биз дээ. Хүний таван мэдрэхүй, оюун сэтгэлгээ хэнийг таалмаар байна? Энэ чухал зүйлийг ялгаж байгаа цаг үед “Ромео, Жульетта” жүжиг ухаарал, хүмүүжил гээд маш олон ойлголт өгнө" хэмээн нийгэмд өгөх гэсэн санаагаа хуваалцсан юм.

Дашрамд дуулгахад, жүжгийн нээлт маргааш 17.00 цагт УДЭТ-ын гадна талбайд эхэлнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх