Улстөр
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2015 11 сар 13
・ 4
Төр улсыг минь түвшин амгалан, түмэн олныг минь тэнгэр жаргалтай амьдруулах санал санаачилга, бодол сэдэл өнөөдрийн эрх баригчдад байхгүй бололтой. Ялангуяа наймдугаар сараас хойш бужигнасан улс төрийн амьдрал өдрөөс өдөрт “үзүүштэй” болж байна. Авлигалтай тэмцэх газар гэнэт ухаан орсон мэт хоёр ч баривчилгааг ойр ойрхон гардан гүйцэтгэв. Үүний хажуугаар “чоно борооноор” гэгчээр “Фортуна” Н.Батбаярын ахалсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг УИХ-ын даргад Үндсэн хуулийн төсөл өргөн барьсан нь УИХ-ын гишүүд, улстөрчид, хуульчид, ард түмнийг хэдэн хэсэг хувааж орхилоо. Угтаа Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон уу гэвэл болсон. Гэвч лав л өнөөдөр биш гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Itoim.mn цахим хуудаст өгсөн ярилцлагадаа тун тодорхой дурдсан байх юм. Цаашлаад өнөөдрийн УИХ-ын байгаа дүр төрх, УИХ-ын даргын гаргаж байгаа зан авир, нийгмийн бухимдал зэрэг нь Үндсэн хуулийг өөрчлөх цаг үе биш гэдгийг бэлхнээ харуулж өгнө.
Монгол Улс түүхэндээ дөрвөн ч удаа Үндсэн хуулиа баталж байсан ард түмэн. 1924, 1940, 1960 онуудад буюу БНМАУ-ын үед Үндсэн хуулиа баталж байв. Харин одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-нд БНМАУ-ын АИХ-аар баталж тухайн оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Улмаар 22 жилийн турш хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд ганцхан удаа нэмэлт өөрчлөлт оруулсан нь 2000 оны арванхоёрдугаар сард тохиосныг бид мэднэ. Тэрхүү өөрчлөлтийг “Дордохын долоон өөрчлөлт” хэмээн ярьдаг.
Тэгвэл “Фортуна” Н.Батбаяр тэргүүтэй ажлын хэсгийн өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд “УИХ-ын гишүүдийн тоо 99 байна” гэж заасан нь Монголын ард түмэнд үнэндээ л таалагдахгүй байна. “Одоо байгаа 76-гаагаа яая гэж байж, юун 99 бэ” хэмээн бухимдах хүн ч цөөнгүй. Өнөөдөр УИХ-д сууж буй 76-гийн нэг жилийн зарлага нь 7.6 тэрбум төгрөг /нэг гишүүний зардлыг 100 сая төгрөг гэж тооцвол/. Тэгвэл 23 гишүүн нэмгэдчихвэл дор хаяж 2.3 тэрбум төгрөг нэмэгдэнэ гэсэн үг. 23 гишүүн нэмж 2.3 тэрбум төгрөг зарж байхаар энэ их мөнгийг цалин тэтгэвэрээ нэмэхэд зарцуулбал өнөөдрийн эрх баригчид ард түмнээс нэмэх оноо авна.
Уг нь бол өнөөдрийн улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлыг харвал нэн шаардлагатай өөрчлөлт оруулах хуулийн тэргүүн эгнээнд Сонгуулийн тухай хууль яалт ч үгүй байх ёстой. Гэтэл эрх баригчид Сонгуулийн тухай хууль биш Үндсэн хуулиар оролдож суугаа нь далдуураа “дотор хүний” санаа агуулж байж мэдэх юм. Хэрэв АН, МАН хоёр ханцуйндаа наймаалцаж Үндсэн хуулийг өөрчлөх аваас “мод” болно. Харин сөрөг хүчин буюу МАН-ынхан өөрчлөхгүй гээд гэдийгээд суучихвал “од” болох дүр зураг харагдаж байна. Мөн ард нийтийн санал асуулга явуулна гээд байгаа. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульдаа засвар оруулаад хүчээр явуулахыг эрх баригчид улайран зүтгэж буй. Үнэн хэрэгтээ долоохон хоногийн дотор Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөө ард түмэнд таниулж амжих уу гэдэг нь тун ч эргэлзээтэй. Ямар ч байсан өнөөдрийн ёс зүйгүй, чадамжгүй УИХ-ын үед л Үндсэн хуулиа өөрчилж, улс орноороо тоглуулахгүй юм шүү.
С.БУЯН
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.