Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 10 сар 24
・ 4
УИХ-ын гишүүдийн дийлэнх нь “Мобиком” корпорацийн үнэнч хэрэглэгчид. Тэгвэл зарим УИХ-ын гишүүдийн хувьд Мобикомд хулхидуулж, уур бухимдлаа барсан аймшигт өдөр хоногууд болж байна.
Өөрөөр хэлбэл Монголын хамгийн үнэтэй үйлчилгээтэй, байнга шахам бизнес смс-ийг хажуу хавиргын хүн хэн бэ гэж хардтал явуулж хөлжсөн байгууллага хэрэглэгчийн аюулгүй байдал, нэр төрийг хамгаалахдаа харин “Мобиком” корпораци 00 зааж унасан нэр хүндээ шавартай нь хутгаад хаячих шиг боллоо.
УИХ-ын гишүүдийн дугаараас хичнээн хэрэглэгч рүү 1.Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2.Хятад банкаар барьцаалуулж, 3. гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү..." гэх смс очсонг тодорхойлох боломжгүй байна.
Мобикомын хэрэглэгчээ үл хүндэтгэсэн энэ байдал нь:
- Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт иргэний халдашгүй байх эрх,
- Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуулиар хамгаалагдсан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал
- Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт “Гишүүний харилцуур утас болон бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгсэл төрийн хамгаалалтад байх бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон шуудан, захидал харилцааны болон мэдээллийн нууцыг задруулахыг хориглоно”,
- Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан “Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж байгаа юм.
Энэ байдал нь Монгол улсад эмх замбараагүй байдал үүсэхэд сөргөөр нөлөөлж байгааг гадаадын хөрөнгө оруулалттай тус корпораци огт бодсонгүй бололтой. Уг смс-ийн асуудлаар "Мобиком" корпорацийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэт, дэд захирал М.Энхсайхан нар мэдээлэл хийхдээ “Румын улсын "Водафон" үүрэн операторын сүлжээнээс, мөн "Мальта" улсаас ирсэн нь тогтоогдсон. Дугаараа нууцлан, мессеж илгээх олон үйлчилгээ байдгийг Монгол Улсад хэн нэгэн зориудаар ашиглаж байна. Одоогийн байдлаар Монгол Улсын 20 хэрэглэгчийн дугаарыг ашиглан, мессеж илгээснийг тогтоогоод байгаа ч хэдэн хүнд уг мессеж хүрснийг тодруулаагүй байна” хэмээн өөрсдөө хариуцлагаас мултрах агуулга бүхий зүйл ярьсан.
Тэгтэл үнэ дагаж чанар гэдэг үгийг эднийх бодохын дээдээр бодох ёстой. Учир нь хамгийн өндөр үнэтэй үйлчилгээ үзүүлдэг байдаг хэрнээ тэр хэмжээгээрээ хэрэглэгчдийнхээ нэр хүнд, аюулгүй байдал, гадны энэ мэтийн “халдлагаас” хамгаалах арга хэмжээг алхам тутамдаа анхаарч ажиллах нь зүйн хэрэг. Харин тус байгууллагын хариуцлагагүй үйлдлээс болж Үндэсний аюулгүй байдал хүртэл өнөөдөр яригдаж байна.
Гадаад улсаас ийм смс явуулж байгааг зогсоож чадахгүй байна гэхээр гар утас ашигладаг та бидний хувийн харьцааг гадаадаас хянаж байх магадлал өндөр болж байгаа юм. Өнөөдөр Румын маргааш Орос, Хятадаас энэ төрлийн халдлага орж ирсэн тохиолдолд бид айх, гайхах зэрэгцэн төсөөлөхийн аргагүй аймшигт байдалд орох нь тодорхой боллоо.
Өнөөдөр Мобикомын энэ байдлаас үүдэн олон онигоо цахим ертөнцөөр аялж байх юм.
- Тэр нэгэн мисс бүсгүй гэнэт намайг хүсдэг гэж мсж бичиж , эхнэр үзээд аянга буулгав . . . Гэмгүй би мобикомоос болж хэлмэгдчихлээ .
- "Би чамд хайртай " гэсээ мсж ирлээ , үнэн байвал мөн гоё оо . . .даан ч 9911, , , , тай дугаар юм
- Анд минь гараад ир боулинг тоглий ! гээд мсж бичсэн чинь урдаас динэг МОБИ гэж хариу ирдэг байна шд
- Тэр сайхан бүсгүйгээс маш гоё үгтэй мсжүүд гэнэт өнөөдөр аадар бороо мэт ирлээ . . . Мобиком надаас уучлалт гуйх ёстой болж дээ гэх мэтээр олон онигоо цахим ертөнцөөр аялж байна.
- Захирал руугаа өөрийнхөө утаснаас "та бол хогийн новш" гэсэн смс савчихлаа.Одоо ажил дээрээ "энэ Мобиком нээрээ алах юмаа " гэсээр очихоос
Хэрэглэгчээ үл хүндэтгэсэн үйлдлийг өнөөдөр 01 цагийн орчим Мобикомын зүгээс дахин гаргав. Шөнө дунд нэг мессежийг хоёр явуулж байгаа юм. Өөрсдөөс нь юм асуух гэхээр ажлын цаг дууссан гэж дургүй хүргэдэг байж, бусдад төвөг саад учруулахда шөнө орой, ажлын цагийг юман чинээ боддоггүй бололтой юм.
Мобикомын 2500, 5000-ын картаар байр, машин хожчих юмсан гэж утсаа цэцэглэсэн хэрэглэгчдийг Мобикомынхон хуурсаар ирсэн. Монголын үүрэн телефоны анхдагч оператор Мобикомын сугалааны үйл явц шууд луйврын шинжтэй болсныг нотолж ШӨХТГ-аас арван сая төгрөгөөр торгох болсон түүх бий.
Лавлагаа авахад уддаг, хэдэн үйлчилгээний ажилтан нь ямбаганадаг гэх мэтчилэнгээр олон асуудал гаргадаг энэ “Мобиком” корпораци.
Ер нь хэрэглэгчээ үл хүндэтгэсэн, өндөр үнэ бүхий үйлчилгээ үзүүлдэг ч үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид анхаардаггүй энэ байгууллагад одоо л хариуцлага тооцуулмаар байна.
А.Баярмаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.