Бохирдуулах тактик

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 23

Дөрвөн жилийн мөчлөгтэй УИХ-ын сонгуулийн сурталчилгаа сонгууль болохоос нэг жилийн өмнө, эсвэл хэдэн сарын өмнө эхэлдэг байсан бол сүүлийн үед энэ хугацаа илүү уртассан. Иргэд нэр дэвшигчийн тараасан мөнгө, тойрогтоо очиж толилуулдаг шоу концертод хууртахаа больсон. Өөрийнхөө нэрийг бичсэн шаазан аягаар сонгогчдоо хуурдаг байсан тэр цаг үе өнгөрсөн учраас тойргийн сонгогчдоо улстөрчид нэр дэвшиж ялалт байгуулсан өдрөөсөө эхлэн л байнга тойглох болжээ. Ядахдаа л хоёр жилийн өмнөөс эхлэн нэр дэвших аймаг, сум, дүүрэг рүүгээ гүйдэлтэй болж, эсрэг намынхаа нэр дэвшигчээс илүү гарах бүхнийг хийдэг болсон. Тэр ч ёсоор 2012 оноос хойш улстөрчид маань ёстой л шидийг үзүүллээ. Зурагт болгоноор дуулж бүжиглэж, эмнэлэг угааж, цас цэвэрлэж, ноос ноолуур самнаж гүйлээ. Автобусанд сууж сэльфидэж, аргаа барсан зарим нь өдөр болгон хэвлэлийн хурал хүртэл хийж олны анхаарлыг татах гэж оролдов. Босч үг хэлнэ ээ гэсэн бардам амандаа хүрэхийн тулд дөрвөн жил босоо зогсч өөрийгөө зовоов. Гэвч энэ бүхэн нь гэгээхэн хиргүй байдаг нь сайхан. 



 

Хэдийгээр өөрийгөө тэнэг байдалд оруулж, өрөөл бусдаар шоглуулдаг ч хүн л юм хойно ард түмэндээ сайхан харагдахыг хүсэлгүй л яахав. Би ингээд хэлчихвэл, эсвэл дуулчихвал энгийн харагдах болов уу гэсэн бодлын үүднээс хийсэн үйлдэл нь өөрт нь ч өрөөл бусдад ч гэм хоргүй нь сайхан. Харин улс төрийн сөрөг пиар идэвхжээд ирэхээрээ л бишдэж эхэлдэг. Өрсөлдөгчөө намнах гэсэн сөрөг муухай мэдээллийг цацаж, өөрийгөө дөвийлгөх гэж улайрч эхлэхээрээ л улс төр биш болдог бичигдээгүй хуультай. Гурван жил “гэнэн” сурталчилгаа хийж, бие биетэйгээ өрсөлдөж байсан улстөрчид маань сүүлийн үед нэгнийхээ араас “хутгалах”, өрсөлдөгчөө намнах ид шидээ үзүүлж эхэллээ. Одоо л сонгууль жинхэнэ утгаараа эхэлж байгаа нь энэ. 

Монголын улс төрд өрсөлдөгчөө намнах тун муухай арга хэрэгсэл дэлгэрчихлээ. Үүндээ хууль хүчний байгууллагыг ашигладаг, гэмгүй байсан ч гэмтэн болгож харагдуулах зохион байгуулалттай ажил хийдэг болов. Нэг үгээр хэлбэл, сонгогчид шаазан аяга, шоу концертод хууртахаа больсон учраас өөрийгөө энхийн цагаан тагтаа, өрсөлдөгчөө элээ, хэрээ болгож харагдуулах бохирдуулах тактикийг тэд энэ дөрвөн жилд олж сэджээ. Энэ бүхэн эхлээд Н.Энхбаяраас эхэлсэн.Н.Энхбаярыг эхэлж баривчилж, араас нь ах дүү амраг садан туслахыг нь хүртэл шалгасан. Хэрэг нь эцэслэгдэлгүй бараг л таван жилийг үзлээ. Дуртай цагт нь хил гаргаад явуулчихдаг атлаа эргээд ирэхэд дахиад л шинэ төрлийн хэрэг үүсгэчихсэн байдаг нь нууц биш. 

Сонгууль болгоны үеэр л Н.Энхбаяр ба түүний нөхдийг эрэн сурвалжлах ажил эхэлдэг. Энэ аргыг дараа нь Х.Тэмүүжинд хэрэглэж мөн л сайдын суудлаас нь буулгаж, “сайн ах” гэсэн  муу нэрийг түүнд зохион байгуулалттайгаар өгч улс төрөөс арчихыг оролдсон. Одоо ч гэсэн Х.Тэмүүжинг чиглэсэн элдэв янзын улс төр явсаар л байгаа. Мөн л энэ аргаа Ерөнхий сайд байхад нь Н.Алтанхуягт хэрэгжүүлсэн. Хууль хүчний байгууллагын тусламжтайгаар Г.Дэнзэн түүний гэргий Г.Уянга, ахлах зөвлөхөөр нь ажиллаж байсан Л.Гансүх гэх мэтээр Н.Алтанхуягийн ойр тойрны хүмүүсийг намнах ажил эхэлж байлаа. Улс төрийн зорилгоо ч биелүүлж Н.Алтанхуяг хамгийн муу муухай болж харагдан Засгийн газрыг нь унагаж дөнгөсөн. Л.Гансүхэд үүсгэсэн хэргийн шүүх хурал дөрвөн өдөр нээлттэй явсны дараа иргэд яаж хүнд зохиомол хэрэг үүсгэж, хэрхэн намнаж хэн ч биш болгож чаддаг вэ гэдгийг харсан юм даг. 

УИХ-ын талаар ширүүхэн шүүмжлэл хэлж, улстөрчдийн алдаа мадгийг хатуу шүүмжилсэн М.Батчимэг гишүүний УИХ-ын гишүүнээс татгалз хэмээн шаардаж, улмаар “Тайваний тагнуул” мэтээр харагдуулах гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа явсныг эрхэм гишүүн өөрөө хүртэл ярьсан. 2012 оны сонгуулийн өмнөхөн “Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазарт мөн л эрүүгийн хэрэг үүсгэж байлаа. Харин сонгууль дууссаны дараа өнөөх л гэмгүй болоод суллагдаж байсан. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх