Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 27
・ 5
Цагтаа МАН-ын гишүүний гал улаан батлахаар гоёж байсан, өдгөө АН-ын УИХ дахь нэгэн гишүүн болоод буй хатагтай Д.Арвин тэнгэртэйгээ харьцдаг нэгэн юм. Хэдэн жилийн өмнө эмэгтэй хүн гарч болдоггүй нэгэн хайрхан дээр “Би эмэгтэй хүн биш. Би бол төрийн хүн” хэмээн даналзаад хүн амьтны хориг саадыг үл тоомсорлон гарч олныг гайхшруулж бас алмайруулж байсан энэ эмэгтэй Хэнтий нутгийн уугуул нэгэн билээ. Нутгийнхаа зон олны дэмжлэгээр УИХ-д хэдэнтээ суугаад амжсан энэ бүсгүй нэрээ өөрчилсөн МАН түүнд квот олгоогүйн улмаас АН руу урваж, 2012 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт хүч үзээд сонгогдож чадсан сүйхээтэй нэгэн.
Үүний цаад нарийн учиг саяхан тайлагдах шиг боллоо. УИХ-ын гишүүн Д.Арвин энэ сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга суманд очиж галын тахилга хийжээ. Энд Монголын сүүлчийн Хатан хаан Ц.Дондогдулам төрж, өссөн бөгөөд нутгийн зон олон эрт дээр үеэс намрын адаг сарыг үдэж, өвлийн эхэн сард галаа тахидаг уламжлалтай байсан аж. Ингэснээр өвлийг өнтэй давж, онд мэнд орно гэж үздэг байлаа. Энэхүү зан үйл тасраад байсныг дөрвөн жилийн өмнө Д.Арвин гишүүн дахин сэргээхээр шийджээ. Мөн тэрбээр нутгийн ард иргэдийн хүсэлтээр тус суманд Монголын Их хатдын хүндэтгэлийн өргөөг байгуулж, жил бүр тэнд гал тахих болсон аж.
Дээл хувцсаа бүслэж өмсөхөө больсон Д.Арвин авхайг гал тахих үед галын дөлд хүүхдээ тэвэрсэн хатны дүрс тодорсон нь олныг бишрүүлсэн гэнэ. Д.Арвин гишүүнийг гал тахих тоолонд хатны дүрс тодордог юм гэдгийг тахилгад оролцогчид хоорондоо шивэр авир хийжээ. Энэ намар цас огт ороогүй тус суманд галын тахилгын дараа гэнэт цас орж эхэлсэн нь тэнд байгсдыг сөгдөхөд хүргэсэн аж.
Урьд орой нь Д.Арвин гишүүн сумын Соёлын төвд урлагийн арга хэмжээ зохион байгуулж, тив тэнгэрээ баясган дуу дуулж, улмаар Долоон бурхандаа сүү өргөх ёслолыг үйлджээ. Тэр үеэр сэтгэл нь ихэд хөдлөсөн Д.Арвин авхай сумын Соёлын төвд даралтад хөгжим бэлэглэсэн гэнэ шүү.
Эх сурвалж www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.