Энэ цагийн “Түгжил”-үүд (Фельетон)

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 28

Түгжил гэдэг нэр үгийг бидний үеийнхэн андахгүй байх. Алдарт зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романы нэгэн баатар.Гэхдээ бидэнд зааснаар эсрэг талын баатар байгаа юм. Энэ цагийн зарим “Эрхэм”-ийг бодохоор тэрхүү Түгжил санаанд үе үе буудаг билээ. Үүнийг тодотгохын тулд мөнөөх Түгжилийн үүх түүхээс товчхон дурдахаас аргагүй болно. Түгжил уг нь бие хаа сайтай халхын сайхан эр л дээ. Хар багаасаа л халхын “сайн эр” болохыг мөрөөддөг байж. Тэгээд хээрээр гэр, хэцээр дэр хийж эхэлжээ. Угаасаа бэлчээр багатай амьтан уул ус, аймаг хошуу дамнан адуу мал хөөж чадсангүй.

 

Гэвч “Баас хатавч өмхийгөө тавьдаггүй”-н үлгэрээр ойр зуур “Хазаар гүйлгэх”-ээр шийдсэн аж. Ингэхийн тулд биеэ хамгаалах хэрэг бас гарна биз дээ. Тэгээд нэгэн залуу морь хөтлөн тухайн үеийн хүрээний нэгэн зартай зодоончийнд очсон байдаг. Гаансны иш, ташуурын бариулаар хүний улаан суга руу чичин унагах арга заалгасан байдаг. Мэдээж, хөтөлж гарсан залуу морь хахууль нь юм. Арга сурсан Түгжил аймаг, хошуунаасаа ард, феодал ялгалгүй хонь ямаа, тугал бяруу “суйлдаг” болсон байна. Томхон юм шүүрэх тэнхэлгүй түүнд өнчин ишиг ч олз болох нь мэдээж. Бага ч гэсэн олзтой байна гэдэг бас ч гэж ашигтай нь ойлгомжтой.

Ямартай ч мөнгөн эмээл, хазаартай морь унаж, мөнгөн иш, хуйтай хутга зүүн, мөнгөн товчтой торгон дээл, минж, булган малгай өмсөх болжээ. Угийн шуналтай тэр томхон юманд тачааж эхлэв. Нэгэн баяны шар, үхрээс ганц хоёрыг боловч туун орос худалдаачдад өгөхөөр цагийн тохироо бүрдүүлэхээр ойд ортол хэдэн сайхан морь холбосон эр цай чанаж суудаг билээ. Түүний морьдод шүлэнгэтэн булаахаар дайран нөгөө эрд хүлүүлдэггүй юу. Түүгээр тохуу хийн суусан эрийн алдрыг асуухад Засагт хааны “цахиур” Төмөр гэж дуулаагүй юу гэдэг дээ. “Еэ. Халх даяар алдартай эрийг таньсангүй. Номхон морины чинь ногт, догшин морины чинь чөдөр болж явъя” гээд амь гуйдаг. Энэ мөч түүнд жинхэнэ сайн эр болох аз авчирсан билээ. Түүнийг түшин аймаг дамжин адуу хөөгөөд сурчихсан бол уг нь аштай юу. Төрөлхийн хомхой түүнд тэгэх ухаан даанч байсангүй. Атгаг санаа л өвөртөлж, яг энэ цагийн манай улс төрчид, бизнесмэнүүд шиг. Тэр нэг хэсэг түүнийг дагасан. Хаа холын Дарьгангаас адуу хөөн Засагт хааны нутаг хүргэх завшаан ч тохиосон. Тэр замдаа ёстой хуншгүй зан гарган Төмөрийн араас хутга шаан адууг нь хөөн одсон бөлгөө. Өдгөөгийн улс төрчид, бизнесийнхний амны уншлага болсон “Араас нь хутга шаах” гэдэг үг ч түүнээс улбаатай нь мэдээж. Тэгэхээр тэдэнд “Түгжилтэй адил” гэсэн санаа цухалзаад байгааг надаар хэлүүлэлтгүй байх аа. Түгжлийг товч тодорхойлцгооё. Тэр бол худалч, хулгайч, хомхой, урвагч, хутга шаагч нэгэн мөн.

Одоо өнөөгийн “Түгжил”-үүдийг дээрх томьёоллоор тус бүрт нь “амьд” жишээгээр авч үзье.

Худалчид: 
Үүний сүлд дуулал болохоор нэгэн бол “Ногоон нам”-ын гэдгээр олонд танигдсан Д.Энхбат билээ. Телевизийн нэгэн нэвтрүүлэгч асан тэрбээр гэнэт НН-ын хүн болов. Амнаас нь “Ногоон хувьсгал” гэдэг үг салахаа байсан даа. Эхлээд БГД-ийг ногоон болгох гэнэ. Улмаар Улаанбаатарыг… Тэгээд улс Монголыг бүхэлд нь ногооруулна хэмээн чалчиж асаныг санах нэг нь санах байх. Түүний амнаас гарсан “Эхлээд Баянгол дүүргийг” гэсэнд учир их байж. Сонгуулийн жил ч эхлэв. БГД-т хаана л баяр наадам, уралдаан тэмцээн, урлагийн тоглолт, уулзалт хөөрөлдөөн, хурал цуглаан гээд олон нийтийн арга хэмжээ болно, тэнд мөнөөх НН-ын Д.Энхбат ногоон малгай, цамцтай байх. Тэгээд л улиг болсон “ногоон”-оо ярина даа.

Бүр сүүлдээ байрны гаднах хүүхдийн тоглоомын талбайн нээлтэд оролцдог болсон гээч. Хачин бас хоржоонтой байгаа биз. Заримдаа НН-ын зохиож буй ажил уу, СӨХ-ны хурал уу гэдэг нь ялгагдахаа байсан билээ. Төдөлгүй сонгуулийн сурталчилгаа эхлэв. Тэгтэл тэрбээр “ИЗ-НН” эвслээс нэр дэвшээд гараад ирдэг байгаа. Дээр өгүүлсэн болгон улам гаарав. “Улс орон барилга барьж, зам тавьснаар хөгждөггүй юм. Мод тарьж ногооруулбал л хөгжинө” гэх уриатай болжээ. Сонгуулиар УИХ-ын гишүүн болов. Тэр мөчөөс амнаас нь байнга гардаг нөгөө “ногоон” гэдэг үг нь алга болчихсон доо. Дараагийн сонгууль хүртэл тэрбээр БГД-ийн нутаг дэвсгэрт ганц ч бут тариагүй билээ. Тэр чигтээ талийсан даа, хөөрхий. Зартай далан  худалч Д.Энхбатын эмгэнэлт амьдралаар ийм л сонинтой байх шив дээ. УИХ-ын гишүүн болох л хэрэгтэй байсан юм билээ.

Хулгайчид: 
Манай томчууд бараг цөмөөрөө энэ бүлэгт хамрагдана. Хамгийн том нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Монгол Улсын түүхэнд баригдаж хоригдон, шоронд орсон анхны Ерөнхийлөгч. Яагаав, манай тусгайгийнхан хаалгыг нь эвдэн дайрч ороод диван дээрээс нь шүүрэн, хөлийг нь сарвалзуулан авч яваагүй юу. Тэр нэгэн өчүүхэн гавьяатыг өгүүлэх нь зөв байх. Монгол Улсын шүүх, цагдаагийнхан шорон, хорих газрууд ямар байдгийг биеэр үзэж, бусдад таниулсан билээ. Тэр “Мундаг амьтан”-ыг тэгж чадаж байгаа юм чинь эгэл мань мэтийг яах бол? Ёстой ч өчиггүйгээр Бурханы оронд илгээдэг байх даа, тэгдэг л болж таарлаа. Сургууль биш шорон барина гэдэг үг “том”-чуудын амнаас зүгээр ч нэг гараагүй биз. Хулгай, луйврын санаанд багтамгүй олон хэрэг түүнд тохсон доо. Эхэндээ  итгэж, олноороо жигшсэн. Сүүлдээ, манийгаа ч ингэдэг юм биш биз хэмээн хардаж, хотлоороо айв. Үнэндээ ч манай хүчнийхэн, шүүх, прокурорынхон хэлмэгдүүлэхдээ гаргуун л даа. Ганцхан ширхэг гар утас “хэлэлгүй” авчихсан хүүхэнд долоон жилийн ял өгснийг бүгд мэднэ. Ганц хурга шүүрсэн хүүг “олон хонь” болгон шоронгийн хадаас болгосон жишээ ч бий. Хулгайчдын хамгийн том жишээ энэ л дээ.

Хомхойчид: 
Шуналын улаан туламнууд гэсэн ч болно. Өөрөөр хэлбэл, аливааг шунал тачаалын нүдээр хардаг болгон үүнд хамаатай. Энэ өнцгөөс харвал Монгол Улсын насанд хүрсэн иргэд цөмөөрөө орчихно. Төрийн гэх алба хаагчид тод жишээ нь болох учир жишээг хажуугаасаа хайсан ч хангалттай. Эрүүл мэндийн гэх нэг яам байдаг даа. Түүний Төрийн нарийн бичгийн дарга нь “Тендер” Н.Түмэндэмбэрэл гэж нөхөр байв. “Тендер” болтлоо алдаршихыг бодоход том нөхөр өө. Хамгийн олон тендер зарладаг газар энэ яам мөн. Эмнэлгийн барилга, техник хэрэгсэл, эм тан гээд явж өгнө. Бэлгэвчинд хүртэл тендер зарладаг гэхээр сонин байна уу? “Тендер” Түмээгийн хамсаатан, “Нийслэл өргөө” компанийн Ерөнхий захирал Г.Ганзориг гэж нөхөр бий. Эмнэлгийн барилгын тендерүүдийг энэ хоёр завхруулсан гэдэг билээ. Үнэн ч биз. Тэгээгүй бол юу боллоо гэж хоёулаа шоронгийн хаалга татаж байхав. Г.Ганзориг бол хомхой бизнесмэнүүдийн ганцхан төлөөлөл. Манай бизнесийнхний 90-ээс дээш хувь нь ийм гэхэд нэг их хэтэрсэн болохгүй дээ. Луйварчдаар дүүрсэн улс яаж ч хөгжих билээ.

Урвагчид: 
Хааяагүй байдаг нөхөд. Хоёр найзын нэг нь урвагч байдаг гэхээр ойлгомжгүй л доо. Хамгийн хангалттай бас гайхамшигтай жишээ нь УИХ-ын гишүүн Д.Арвин гэдэг хатагтай. МАХН-аас МАН салахад дагасан хүн. Уг нь Хэнтийдээ байтугай Монголдоо нэртэй бизнесмэнүүдийн нэг гэдэг юм билээ. Уг нь МАН-аас УИХ-д байнга сонгогддог “дархан” нөхдийн нэг л дээ. Юманд ээлж байдаг болохоор тэгсхийгээд карьер нь ч дуусах дөхөөд ирсэн дээ. “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдэг үг бий ш дээ. Мань хүн тэр үгийг мэддэг ч эм хүний ухаанаар хүлээн зөвшөөрөөгүй юм. Тэгээд янз бүрийн арга сүвэгчлээд нэгийг сонгосон нь урвах байв. “Эр хүний цээжинд эмээлтэй, хазаартай морь багтдаг бол эм хүний цээжинд эмээл, хазаартай морь эзэнтэйгээ багтдаг” гэсэн хэлц үгийн үнэнийг нотолсон эмэгтэй гэж ч болох. Урвах шиг амархан юм түүнд байсангүй. Энхрий хайрт МАН-аа элдвээр муулаад очиход ч эвлэрэшгүй дайсан АН нь тосоод л авч байгаа юм даа. Урвах үзэгдэл манай бүх намд бугшсаныг долоон намын үнэмлэхтэй нэг “товариш” нотолдог юм. “Ноёд урваач, нохой шарваач” гэдэг үг тэдэнд бүгдэд нь тохирно доо.

Хутга шаагчид: 
Эгэл хүний ч, эрхэм түшээдийн ч эцсийн арга энэ л дээ. “Хамгийн муу санаатай хөдөөгийн хүн хамгийн сайн санаатай хотын хүнээс дээр” гэж би бодном. Түгжил бол хэдийгээр араас нь ч гэлээ ил цагаан хутгалагч юм. Манай улс төр, бизнесийнхэн араас нь “далдуур” хутгалагчид бөлгөө. Хувь хүн дотор гэхээсээ нам дотор ихэд тархсан үзэгдэл дээ. Тэр дундаа Засгийн газар байгуулсан намынхан журмын нөхдөө ийнхүү хөнөөдөг түүхтэй. Бүх намын удирдлагууд дотор бүр ч өргөн тархжээ. АН-ынхан дотор ил, МАН-ынхан дотор далд ч гэсэн ч болно. Тэр нь байгуулсан засаг, төрөө өөрсдөө унагаадгаар илэрдэг билээ. Монгол Улсын түүхэнд эл үзэгдлийг “ах” хоёр нам, тэр дундаа АН тэргүүлдгийг ард түмэн мэднэ. Засгаа унагасан тоо нь мартагдсанаас үзсэн ч тэр. Заавал нэр устай төлөөлөгч хэрэгтэй бол Ерөнхий сайд асан М.Энхсайхан бүлгээ. Түүний хор найруулдаг, хутгалдгийг нөхөд нь ч гайхдаг. Орчин үеийн “Түгжил”-үүдээр иймэрхүү л байна даа.

Эх сурвалж www.wikimon.mn

Г.Мөнх

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх