"Хан ресурс"-ийн дараачийн алхам "битүүмжлэх", бид хэрхэх бэ?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 01

Канадын “Хан ресурс” компани  өнгөрсөн гуравдугаар сард  олон улсын арбитрийн шүүхээр ялалт байгуулж, манай улсаас 100 сая ам.долларын нөхөн олговрыг авахаар болсон.

Анх 2009 онд урт нэртэй хууль батлагдсантай холбогдуулан Монголын төрд тус компанийн Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж байсан ураны хайгуулын ордыг “төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн” гэх нэрийн дор эзэмшлийнх нь 58 хувийг 22 хувиар бууруулж, эзэмшлийн лицензийг нь шилжүүлснээс үүдэн маргаан дэгдсээр арбитрын шүүхээр хоёр жил орчим дуншсаны дараа ийнхүү “Хан ресурс”-ийн талд асуудал шийдэгдсэн юм.

Уг мөнгөний хүү өдөрт 6.485 ам.доллароор үржигдэн өсөж байгаа хэдий ч манай засгийн газраас өнгөрсөн есдүгээр сард Францын Парис хотын шүүхэд арбитрийн шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргаад буй.  Үүнээс өмнө авах хүний гар алд дэлэм сунахын үлгэрээр  “Хан ресурс”   олон улсын Арбитрын шүүхээр тогтоосон нөхөн төлбөрийн шаардлагыг баталгаажуулах хүсэлтээ  АНУ-ын Колумб мужийн шүүхэд гаргаснаа албан ёсоор мэдэгдсэн байдаг. 

Мэдэгдэлдээ “Нөхөн төлбөр хууль ёсны бөгөөд одоо төлөгдөх цаг нь болсон. Бид нөхөн төлбөрөө авах “нөхөрсөг” аргуудыг ашигласаар байх болно” хэмээн онцолж, хүүгийн тоолуур гүйсээр 4 сая ам.долларт хүрснийг мөн дуулгаад амжсан нь бий. Ингэснээр манай улс  “Хан ресурс”-д  ойрын хугацаанд 104 сая орчим ам.долларыг төлөх шаардлага үүсэж буй юм.

Ийнхүү он дамжин замарч буй уг асуудал төсвөө арайхийж баталсан, эдийн засгийн хувьд улам ч хязгаарлагдмал болж буй энэ саруудад дахин сөхөгдөх нь ээ. Тодруулбал, "Хан ресурс" компанийн зүгээс Нью-Йоркийн конвенцид нэгдсэн улсын эрхийнхээ дагуу шүүхийн шийдвэрийг яаралтай гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан байна.  Арбитрийн шийдвэрийг хэрэгжүүлэх, нөхөн төлбөрийг барагдуулах арга хэмжээний хүрээнд манай улсын гадаад дахь хөрөнгийг битүүмжлэх хүсэлтэй байгаагаа маш тодорхой илэрхийлжээ

Асуудал цаашид ямар байдлаар өрнөхийг таамаглах аргагүй ч засгийн газар уг асуудалд  албан ёсоор хариулт өгөх хэрэгтэй болох нь. Эцэст нь хэлэхэд, арбитрийн шийдвэр бол арбитрийн л шийдвэр. Бид энэ мөнгийг төлж байж л асуудал шийдэгдэнэ гэдгийг уг нь холбогдох албаныхан ухаж баймаар. 

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх