Сүүлийн үед монголын улстөр, хууль, хүчнийхэн нэг л хошин шогийн өнгө аястай болчихоод байгаа. “Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй” гэгчээр хууль хяналтын байгууллагад өндөр алба хашиж явсан нөхөд гудамжны зодоончид шиг хоорондоо үзэж, тарж, үсэрч наалдсан юм байх.
Тэд бол ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга асан “шанага” М.Ганболд нар. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэднийг бизнес болон мөнгөний маргаанаас болж зодолдоод зогсохгүй М.Ганболд нь Д.Гэрэлийг “дэлбэртэл” нь нүдсэн гэх мэдээллийг өгсөн юм. Бид энэ талаар холбогдох хуулийн байгууллагаас асууж тодруулсан боловч үгүйсгээгүй хэрнээ “мэдэхгүй” гэх хариултыг өгсөн юм. Ямартай ч энэ хоёр эрхмийн зодооны талаарх мэдээллийг хүчнийхэн ихэд нууцалж байгаа бололтой. Тэдний энэхүү зодооны талаар нэг ч үг үсэг гадагшаа гаргаж болохгүй гэсэн үүргийг ч алба хаагчид нь аваад байгаа аж.
Тэд юунаас болж нэгнийгээ “дэлбэртэл” нь зодов гэх асуудал нууцлагдмал байна. Тэгвэл Д.Гэрэл, М.Ганболд нар гэж хэн бэ. ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн тухайд гэвэл түүнийг 2013 онд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг албан тушаалаас нь чөлөөлж Б.Ариунсанг томилж байсан юм. Түүнийг ажлаас чөлөөлөх болсон шалтгаанаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэлэхдээ “ТЕГ-ын дарга бол Монгол Улсын нүд чих болж зөв шийдвэр гаргахад мэдээллээр хангах байгууллага. Гэтэл үүргээ биелүүлж ажиллахгүй байсан. Тухайлбал, Якунины захидал надад ирэхээс өмнө сонин дээр гарсан.
Яагаад тэгэв. Захидлыг задалсан хүнийг олоод ир гэхэд ТЕГ-ын дарга Д.Гэрэл биелүүлээгүй. Солонгосоос шатахуун оруулж ирье гэхэд хэдэн авлигач нь нийлж байгаад Солонгосын компаниас 30 мянган ам.доллар идчихсэн байсан.
Мөнгө хүлээж авсан хүнийх нь гарын үсэгтэй баримтыг олж өгөөд энэ хэргийг тодруул гэхэд тэгээгүй. “Роснефть” дээр очоод шатахууны үнээ битгий буулга. Нэмээд бай гэж хэлсэн хүн бий. Тэр хүнийг мөн олоод ир гэсэн ирээгүй. Ийм байхад нь даргыг нь өөрчлөхгүй яах юм бэ” хэмээн хэлж байсан. Ямартай ч түүнийг шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг үүргээ хангалттай биелүүлээгүй гэж ажлаас нь чөлөөлж байсан.
Тэгвэл ЦЕГ-ын дарга асан хошууч генерал “шанага” хочит М.Ганболдын тухайд гэвэл түүнийг одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаярын гарын хүн гэгддэг юм билээ.
Тиймээс Н.Энхбаяр төр барьж байх үедээ түүнийг ЦЕГ-ын дарга болгож "Долоодугаар сарын 1"-ний хэрэг гарахын өмнө албан тушаалаас нь буулгаж БНАСАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилж байсан гэдэг. Мөн түүнийг ЦЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Монголын цагдаа болон хүчний байгууллагад олон шинэчлэл хийж байсан хэмээн салбарынх нь үнэлдэг юм билээ. Бид энэ талаарх мэдээллийг эргэн мэдээллэх болно.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: "Өглөөний сонин"