М.Энхболд: Манай улс нийгмийг ардчилах үзлээсээ ухарлаа

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2015 12 сар 16 ・ 2

 

        МАН-ын дарга М.Энхболд Бага хурлынхаа улс төрийн илтгэлдээ нийгмийг ардчилах үзэл санааны асуудлыг онцгойлон тусгалаа. Угаасаа МАН-ын үнэт зүйл нийгмийн ардчилалын үзэл санаанд тулгуурлаж ирсэн л дээ. Хэдхэн хоногийн өмнө болсон Бага хурлаараа АН эрх баригч болсноос бүлэг фракцийнх нь эрх ашиг давамгайлж, монголын эрх ашигт хохирол учруулж эхэлсэн, ардчиллын үнэт зүйл бүдгэрэн доройтсон зэрэг дүгнэлтүүдийг хийсэн байна. Тухайлбал "Манай улс нийгмийг ардчилах үйл хэргээсээ олон талаар ухарч, дүр эсгэсэн ардчилал тогтлоо. Ялангуяа Ардчилсан нам эрх барьж буй үед ардчиллыг гажуудуулж байгаа явдал нь ардчилалд итгэж, дэмждэг олон хүмүүсийн итгэлийг алдрахад хүргэлээ. Ардчилсан нам дотроо фракц, бүлэглэлд хуваагдан сөргөлдөж, залуу үеийнхэн нь 25 жилийн өмнө дэвшүүлж байсан ардчилсан зарчмаасаа өнөөгийн намын удирдлага ухарч буйг шүүмжилж байгаа бөгөөд ийм байдал нь улс үндэсний нийтлэг эрх ашигт хохирол учруулах хэмжээнд хүрээд байна" гэх мэтээр МАН-ын дарга ярилаа. Үнэхээр ч АН засгийн эрх барьсан үед ардчиллын үнэт зүйлс гажуудаж, дэмжиж байсан хүмүүсийнх нь итгэл алдараад удлаа. Үүнийг МАН-ын дарга М.Энхболд "Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс 109.8 байснаас сүүлийн 6 улирал дараалан буурсаар энэ оны 3 дугаар улиралд 46.6-д хүрээд байна" гэсэн итгэлийн индексээр нотолжээ. Өөрөөр хэлбэл ард түмний итгэлийн индекс 109.8 байснаас 46.6 болж буурна гэдэг бол том асуудал л даа. Ард түмнийхээ итгэлийн бууралтыг ярьж байгаа ч хүн алга. Харин ардын намынхан энэ асуудлын уналтыг олж харчихаад илтгэлдээ онцлон олон нийтийн сэтгэл зүй ямар байгааг задлан дүгнэж байна. Ийм байдалд хүрэхэд эрх баригчдын буруу бодлого, түүнээс улбаатай эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, ядуурал гол нөлөө үзүүлсэн л дээ. МАН-ын даргын илтгэлд дурдсанаар бол "манай улсын нийт өрхийн 40 гаруй хувь нь бага орлоготой, цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Энэ онд жижиг бизнесийн өрхийн амьжиргаанд оруулах хувь нэмэр өмнөх онтой харьцуулбал 60 хувиар буураад байна. 2012 оны 2 дугаар улирлын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн 2 хүн тутмын нэг нь ажилд зуучлагдан орж байсан бол энэ оны 2 дугаар улирлын байдлаар 5 хүний нэг нь ажилд орсон нь ажлын байрны эрэлт нэмэгдэж,  олдоц улам бүр муудаж" байгаа аж. Эдгээр тооноос харвал ядуурал улам газар авч, жижиг бизнесүүд олноороо дампуурчээ. Өнгөрсөн жил нилээд хэдэн том аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж байсан. Халдвар томоосоо жижиг рүү явж байна. Айл өрхийн хаалгыг ч тогшиж эхэллээ. Одоогоос гурван жилийн өмнө элбэгшиж эхэлж байсан ажлын байр буцаад бүр мөсөн хомсдолд оржээ.

Ийм байдалд хэн хүргэв гэдгийг олуулаа мэднэ. Тиймээс шүүмжилж буруутгахаас илүү 2012 оных нь түвшинд буцааж хүргэх зорилтуудыг дэвшүүлэх чухал байна. Ирэх сонгуульд улс төрийн намууд амжиргааны түвшин дордож байгаа иргэдийн ходоодыг хэсэгхэн хугацаанд баярлуулах бодлого боловсруулснаас ажилтай, орлоготой болгож, нийгмийн шударга ёсны хүсэмжлэлийг тогтоох санаачилгууд чухал. Нийгмийн цөөнх нь асар ихээр баяжиж байхад олонх нь улам л ядуурах боллоо. Энэ нь ард түмэн ардчилсан хүчнийг сонгоод шударга ёсны хүсэмжлэл тогтоож чадсангүй. Шударга ёсны хүсэмжлэл улам алдарлаа. Харин МАН-ынхан "хүнээ эрхэмлэн дээдлэх, иргэний улс төр, эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох оролцоо, боломжийг нэмэгдүүлэх, иргэн бүрт тэгш боломж олгосон, шударга нийгэм бүтээхийн төлөө бид хамтдаа хүчин зүтгэх болно" гэдгийг дарга нь онцолсон харагдана.  

 http://www.unen.mn/content/57795.shtml


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • сонгогч / 2015 12 сар 17/

    энд дурдагдаад байгаа муу юм болгон эрх баригч 2 булэглэлийн ажлын ур дун. ийм баян орныг ингэж эрэнд баригдсан гуйлгачин болгодог бид гайхамшигтай удирдагчидтай улс шуу.

    Хариулах
  • сонгогч / 2015 12 сар 17/

    эд нарын хэлж байгаа угийг хэн уншиж цагаа барахав дээ.xудал хуурмаг зуйлээрээ ард олныг итгэл унэмшилгуй болтол нь зовоож хов живэнд хутгав. гавъяа чинь тэр 2 наманцар минь.!

    Хариулах