Оюутолгой төсөл нь гаднынхны хувьд маш өндөр ашигтай “саалийн үнээ”

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 17 ・ 1
 
Оюутолгойн далд уурхайн нэмэлт санхүүжилтийн гэрээг 2015 оны 12дугаар сарын 16-ны өдөр байгуулсантай холбогдуулан Монголын иргэд,олон нийт ба гадаадын хөрөнгө оруулагчдын анхааралд дараах мэдээллийг хүргэж байна.
 
Үүнд:
1.Монголын ард түмний үнэт өмч,баялаг Оюутолгойн гайхамшигт орд болон түүний үр өгөөжийг гаднынхны мэдэл, хяналт ба барьцаанд улам лавшруулан оруулах ноцтой хор уршигтай бөгөөд хууль зөрчсөн үйлдлийг эрх баригчид хийснийг бид эрс буруушаан эсэргүүцэж, энэхүү гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүйг мэдэгдэж байна. 
 
Эдийн засгийн хүндрэл,хямрал нь албан тушаалтнууд Үндсэн хууль хийгээд бусад хууль тогтоомжийг зөрчин эрх мэдлээ хэтрүүлэн ажиллах үндэслэл,зөвтгөл, хаацайлал болж чадахгүй юм.
 
2. “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт,санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэйгээр 2015 оны 5дугаар сарын 18-ны өдөр АНЭУ-ын Дубай хотод хийгдсэн хууль зөрчсөн тохиролцоог эрх зүйн хувьд улам баталгаажуулж буй энэхүү зээлийн гэрээ нь  мөн л хууль зөрчин байгуулагдаж буй тул анхнаасаа хууль бус, тиймээс анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болж таарч байгааг онцгойлон тэмдэглэж байна. 
 
3. Оюутолгойг тойрсон хууль зөрчсөн гэрээ,тохиролцоонууд ба тэдгээрт хүргэсэн эрх баригчдын хууль бус үйлдлүүд нь өнөөг хүртэл Монгол Улсад олон тэрбум доллараар хэмжигдэх санхүү,эдийн засгийн алдагдал,хохирлыг дагуулсан бөгөөд энэ гай,балаг цаашид улам ихээр нэмэгдэх нь нэгэнт тодорхой болоод байна.
 
 
Оюутолгой төсөл нь гаднынхны хувьд маш өндөр ашигтай “саалийн үнээ”, харин баялгийн эзэн монголчууд бидний хувьд өрийн хар ангал, зээлийн дарамт, асар их алдагдлын эх булаг төдийгүй хамгийн ноцтой нь гаднынхны эрхшээл,дарамтад  орох талбар болон хувирчихлаа. Баялгаасаа хүртэх ногдол ашгийн хугацаа,хэмжээ ч улам бүдгэрч алсран холдлоо.    
Ийм бусармаг хэрэг явдлыг хүлээн зөвшөөрөх ёсгүй хэмээн иргэд,олон нийт үзэж буй гэдэгт бид итгэн найдаж байна.    
 
4.Өнөөдрийг хүртэл монголчууд Оюутолгой төсөл дээр гаднын 2 компанитай гэрээний дагуу түншлэн ажиллаж ирсэн бол нэмэлт санхүүжилтийн гэрээг байгуулснаар эцсийн дүнд нийт 20 орчим компани,байгууллагатай цаашид учир зүйгээ ололцох шаардлагатай болж байна. Тун ноцтой зүйл нь гэвэл аж ахуйн гэрээний шинжтэй байсан эрх зүйн нөхцөл байдал монголчуудын хувьд өнөөдрөөс эхлэн хүндэрч олон улсын  гэрээний хэлбэрт шилжлээ.
 
5.Оюутолгойн ордыг улс,үндэстнийхээ хөгжил,дэвшлийн төлөө эзний ёсоор зүй зохистой ашиглах асуудлыг хууль зүйд нийцүүлэн зөв шийдэх чадамжгүй ба хүсэлгүй байгаагаа эрх баригчид өнгөрсөн олон жилийн туршид хангалттай нотлон харуулав. Тийм учраас Оюутолгойн хосгүй өмч,баялгаа үндэснийхээ мэдэл,хяналтад авах асуудлыг УИХ-ын ээлжит сонгуулиар дэвшүүлэн тавьж ард түмнээрээ шийдвэрлүүлэх нь зүйтэй хэмээн бид үзэж байна. Тийм сонголт, тийм чадвартай улс төрийн шинэ хүчийг иргэд үнэмлэхүй олонхиороо хүсэж буй гэдэгт бид эргэлзэхгүй байна.
 
Р.Эрхэмбаяр, “Ирээдүйтэй хөгжил” зөвлөл
Улаанбаатар хот, 2015 оны 12дугаар сарын 16-ны өдөр.
 
www.Sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: