Хар машинаас татгалзана, татгалзахгүй

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 19
Хар машинаас татгалзана, татгалзахгүй
Эсрэг тэсрэг байр суурь
С.Бямбацогт: Хар машины эргэлзээг тайлахыг Монголын ард түмэн ч, МАН ч хүсч байгаа
 
...МАН-ын зүгээс Сонгуулийн хуульд онцгой ач холбогдол өгч байна. Сонгуулийн хуулийг хэлэлцэх эсэхийг шийдээд арав гаруй хоног өнгөрч байна. Харамсалтай нь, цааш ахиц гарах эсэх нь тодорхойгүй байгаа. УИХ дахь МАН-ын бүлгээс Сонгуулийн хуулийн талаар хэд хэдэн санал гаргасан байна...
/УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн/


-Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахад бидэнд 20 орчим хоногийн хугацаа л үлдэж байна. Энэ хугацаанд Сонгуулийн хуульд зайлшгүй хийх ёстой өөрчлөлтийг хийж чадвал ард түмний итгэлийг хүлээж чадна. Нөгөө талд хямралаас гаргах парламентыг бүрдүүлж чадна. Иймээс МАН-ын зүгээс Сонгуулийн хуульд онцгой ач холбогдол өгч байна. Сонгуулийн хуулийг хэлэлцэх эсэхийг шийдээд арав гаруй хоног өнгөрч байна. Харамсалтай нь, цааш ахиц гарах эсэх нь тодорхойгүй байгаа.

УИХ дахь МАН-ын бүлгээс Сонгуулийн хуулийн талаар хэд хэдэн санал гаргасан байна. Үүнд, Сонгуулийн саналыг хар машинаас гадна гараар тооллогыг давхар хийж баталгаажуулах ёстой. Хар машины баталгаат байдлыг хөндлөнгийн байгууллагаар урьдчилсан байдлаар баталгаажуулах асуудлыг Сонгуулийн хуульд тусгах ёстой. Ард түмэн хар машинд итгэхгүй байгаа учраас ард түмний итгэлийг алдсан хар машиныг хэрэглэхгүй байх, хэрэглэсэн тохиолдолд гараар давхар тоолох хэрэгтэй гэдэг саналыг гаргасан. Эрх барьж байгаа АН-ынхан зөвхөн хар машинаар сонгууль явуулна гэж зүтгэж байна. Хамгийн гол нь хяналтын тооллого хийхгүй гэж байгаагийн цаана ард түмний бус хар машины сонголтоор бүрдсэн парламент дахин бүрдээд ард иргэдийн амьдралыг доройтуулах вий гэдгээс болгоомжлох ёстой.  Хар машины эргэлзээг тайлъя гэдэг асуудлыг Монголын ард түмэн, МАН хүсч байгаа. Үнэхээр шударга сонгууль явуулдаг юм бол яагаад хар машины тооллогыг гараар тоолоод тохирч байна уу, зөрж байна уу гэдгийг тайлж болдоггүй юм бэ. Нэг удаа тоолоод үзье таарч байвал дараа, дараагийн сонгууль хар машинаар тоолъё. Хэрвээ итгэл үнэмшил төрүүлэхгүй бол хар машин хэрэглэх шаардлагагүй.

Ийм учраас хар машины эргэлзээг тайлъя гэдэг асуудал бид тавьж байгаа, ингэхийн тулд хяналтын тооллого хийх ёстой гэдэг шаардлага тавьж байна. Харамсалтай нь, хяналтын тооллого хийхгүй, хар машинд яагаад эргэлзээд байна вэ гэдэг асуудлыг эргүүлээд тавьдаг. Энэ нь өөрөө хардлагыг улам дагуулж байгаа. Кодын асуудал хөндөж байна. Төрийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна уу гэдгийг сонгууль шийддэг. Гэтэл сонгуулийн дүнг гаргадаг хар машины код, программ нь хэний мэдэлд байна вэ, хэний өмч вэ гэдэг эргэлзээтэй.

Программ код нь гадны улсын өмч байдаг. Төрийн эрх барих үйл ажиллагаагаа гадны улсын өмчөөр шийдүүлж байгаа нь үнэн бол ямар асуудал болж хувирах вэ, ойлгохын аргагүй байгаа биз дээ. Тийм учраас энэ эргэлзээг тайлах ёстой.  Бүх хэсэг дээр гараар хяналтын тооллого хийдэг байх ёстой. 1700 орчим машин байдаг, тэрийг нэг удаа гараар тоолж үзээд эргэлзээгээ тайлъя гэдэг үүднээс бүх машин дээр хяналтын тооллого хийхийг шаардаж байгаа юм. Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийг хамтад нь зохион байгуулах шаардлагагүй гэж үзэж байна. УИХ-ын 76 мандат дээр 700 гаруй хүн нэр дэвшдэг.

Сум, аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын 7800 орчим мандат дээр 25 мянга орчим хүн нэр дэвшдэг. Дээрээс нь саналын хуудас ямар болох вэ. Нэлээн урт саналын хуудсан дээр олон хүнийг дугуйлах болно. Зөв саналаа өгөх бололцоо хаагдах, нууцлал алдагдах, эргээд сонгуулийн маргаан гарвал ялагдсан хүмүүсийн маргаан улс төрийг тогтворгүй байдал руу оруулчих учраас тусад нь зохион байгуулах ёстой гэсэн байр суурийг МАН-ын бүлэг барьж байна.

 

З.Энхболд: Санал тоолох машинаар гурван удаагийн сонгуулийн саналыг тоолоход нэг ч удаа зөрчил илрээгүй
...Сонгууль явуулсан өдрийн орой нь тараачихдаг учир хэн ч түүнийг өөрчлөх боломжгүй. Нэг ширхэг саналын л зөрүү олох юм бол Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдээд шалгуулж, арга хэмжээ авахуулж болно. Би 3.6 сая орчим саналын хуудасны тухай ярьж байна...

/УИХ-ын дарга/

-Сонгуулийн санал тооллогын машинд эргэлзээд байгаа хүмүүст би ганцхан зүйл хэлж байгаа. 2012 оны УИХ болон нийслэл, орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль гээд гурван удаа бид энэ машиныг шалгасан. Эдгээр сонгуульд санал тооллогын машиныг хэрэглэхэд саналын тооны ямар нэг зөрүү гараагүй. Зөрүү гарах үндэслэл байхгүй гэдгийг хэлье. Нэг сонгуульд дунджаар 1.2-1.3 сая орчим хүн санал өгч байгаа. Нийт саналын хуудасны зургийг бүх нам, нэр дэвшигч, ажиглагчдад үнэ төлбөргүй тараасан.

Тэдгээр хүн бүрт 3.6-3.8 сая орчим зураг бий. Нөгөө  талд нь санал тоолсон 2500 орчим машины дүн гаргасан цаас нь байгаа. Энэ тараасан файл, тоолсон тооллогын дүн хоёрын дундаас зөрүү гарах юм бол Сонгуулийн ерөнхий хороо авч үзнэ. Энэ нь сонгуулийн санал тоолох машинаар луйвар хийж болохгүйн хамгийн том баталгаа. Та нар хэрэв хардаж байгаа бол шалгах боломжтой. Бүх файл хүмүүсийн гар дээр бий. Сонгууль явуулсан өдрийн орой нь тараачихдаг учир хэн ч түүнийг өөрчлөх боломжгүй. Нэг ширхэг саналын л зөрүү олох юм бол Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдээд шалгуулж, арга хэмжээ авахуулж болно. Би 3.6 сая орчим саналын хуудасны тухай ярьж байна.

Тэр бүх файл нийт нэр дэвшигч, намууд, ажиглагчдын гар дээр бэлэн байгаа. Ийм л учраас дэлхийн бусад аль ч оронд байхгүй нэг зүйл хэргээр нэмж өгсөн. Монголчууд их хардамтгай учраас бүх зүйлийг ил болгосон, энэ сонгуульд нуух зүйл ерөөсөө байхгүй. Ирэх оны сонгуулийг энэ санал тооллогын машинаар явуулна. Санал тооллогын машины талаар өнөөдөр УИХ-д суудалтай намууд бүлгийн хурал дээрээ танилцаад, суудалгүй намууд үдээс хойш Сонгуулийн ерөнхий хороон дээр танилцана гэсэн. Түрүүчийн УИХ-ын үед энэ машиныг авсан.

 Авснаасаа хойш гурван удаагийн сонгуулиар шалгачихаад байхад итгэхгүй байна гэдэг бол цэвэр улстөрийн шалтгаантай л гэж харж байна. Гараар тоолох нь ч нээлттэй байгаа. Сонгуулийн ерөнхий хороо энэ машиндаа итгэлтэй байгаа нь зөв. Үүнээс сайн аргыг дэлхийн улс орнууд одоогоор бодож олоогүй л байна. Цаас үлддэггүй байсан бол би ч бас эргэлзэх байлаа. Тэгтэл энэ машины цаас, зураг нь үлддэг.

 

Н.Батбаяр: Хар машиныг гаднаас нь хакердах, дүнд нь нөлөөлөх ямар ч боломжгүй


/УИХ-ын гишүүн/

-Бид сонгуулийг олон удаа зохион байгуулсан. 2012 оноос эхлээд саналаа автомат машинаар тоолдог болсон. 2008 оны сонгуулийн дараа долдугаар сарын 1-нд санал хураалтын дүн будлиантай гарлаа гэдгээс үүдэж их айхтар үйл явдал болсон. Энэ хэргийг дахиж давтуулахгүйн тулд дэлхийн дэвшилтэт технологи нэвтрүүлье гээд хуулийн төсөл санаачилж, тухайн үеийн УИХ баталсан.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх