Төрийн тэргүүнд сар гаруйхны өмнөөс Аюулгүй байдал, гадаад бодлогын асуудлаар зөвлөх болсон А.Баттөрийн Батлан хамгаалахын салбарт тарьсан балаг балраагүй байна. Түүнийг Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллах болсноос эхлэн тус салбарын төсвийг яамны Төрийн нарийн бичгийн даргаас илүү эрх мэдэлтэйгээр захиран зарцуулах шийдвэр гаргахад нөлөөлөөд байдаг болсон гэхэд хилсдэхгүй. Тэрбээр бараг анги нэгтгэл бүрт наанадаж нэг тэрбум гаруй төгрөгийн зардлаар сэндвичэн спорт заал барьж “бүтээн байгуулалт” хийсэн “гавьяатай”. Харамсалтай нь сэндвичэн спорт заал барихдаа ердийн спорт заалны барилгын угсралтын зардалтай ижил зардлаар барьсан нь “но”-той гэж үздэг.
Статистикч, эдийн засагч мэргэжилтэй А.Баттөрийг Батлан хамгаалахын дэд сайдаар “залсны” учир нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай нутаг нэгтэй, ойр дотны хүн нь гэж үздэгт байсан болов уу гэхчлэн таамагладаг. Үүнийг батлах мэт тэрбээр дэд сайдын албаа хүлээлгэж өгмөгцөө Төрийн тэргүүнд Аюулгүй байдал, гадаад бодлогын асуудлаар зөвлөх болсон.
Цэргийн нисэх хүчин гэх Зэвсэгт хүчний 337 дугаар ангид уржигдархан МИ-8 нисдэг тэрэг осолдож нэг хүн амиа алдаж, арван хүн гэмтэж бэртсэн хэрэг гарсан. Ослын үед М.Батбаяр хурандаа хаана байсан бол. Хэрэв сургалтын нислэг хийж байсан нь үнэн бол экипажийн бүрэлдэхүүнд яагаад 11-үүлээ явав гэхчлэн анхаарал татсан асуудал үүссээр байна. Өнгөрсөн есдүгээр сард мөн л МИ-8 нисдэг тэрэгний эрэлд хатаж дуулиан тарих үеэр тус ангийн удирдлагууд арилжааны нислэг үйлдэж түүнийгээ сургуулилт гэж тайлбарладаг гэх яриа ч байдаг.
Дашрамд дурдахад, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын штабын дарга М.Батбаяр одоогоос сар гаруйхны өмнө Батлан хамгаалах яамны Тендрийн үнэлгээний хорооноос “ажлын шаардлага хангахгүй” гэсэн шалтгаанаар хөөгдсөн юм билээ. Гэтэл өнөөх ажлын шаардлага хангахгүй хүнээ Зэвсэгт хүчний жанжин штаб руу шилжүүлж штабын дарга болгочихсон энэ байдлыг хариуцлага тооцсон гэж үзэх үү, шагнаж байна гэж ойлгох уу.
Батлан хамгаалахын дэд сайд асан А.Баттөрийн хувьд 2000 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн сайд, 2004-2006 онд Гадаад хэргийн дэд сайд, 2008 оноос Монгол Улсаас БЕНЕЛЮКС-ийн орнууд, Европын хамтын нийгэмлэгт суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан, товчхондоо албан тушаалаар “өлсөж” үзээгүй нэгэн. Тиймээс ч Ерөнхийлөгчийн зөвлөхөөр төдөлгүй сонгогдчихлоо. Харин гишгэсэн мөрийг нь эргээд нэг харахаар цаанаа л “но”-той. Наад зах нь яамны ажилтнуудыг харсаар байхад өрөөгөө Барилга захиалагчийн алба аж ахуйн тооцоот байгууллагын хөрөнгөөр засч тохижуулахаас эхлээд Барилга захиалагчийн албаны бүтцэд зоргоороо өөрчилж, халаа сэлгээ хийх болжээ. Энэ жил л гэхэд зөвхөн гадаад томилолтын зардал гэх нэрийдлээр 80 гаруй сая төгрөгийг мөн л Барилга захиалагчийн албанаас гаргуулж авсан нь Дотоод хяналтын шалгалтаар илэрсэн сурагтай.
Цэргийн нисэх хүчний энэ ангийн тухайд таагүй мэдээлэл олонтаа дуулддаг. Тухайлбал өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хууль, хяналтын байгууллагаас тус ангийн санхүүгийн бичиг баримтыг битүүмжилж байсан. Үүнийг тус ангийн мэдэлд байсан цэрэг, стратегийн ач холбогдолтой төмөр замыг 26 сая төгрөгөөр зарсан, хулгайн анчдад хямд үнээр нисдэг тэргээр үйлчилдэг, шатахуунаа худалддаг, нисэх буудлынхаа засварын мөнгөнөөс завшсан гэхчлэн чих халууцуулдаг мэдээллүүдтэй холбоотой байх гэсэн хардлага дагуулж байв.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.