Энэ оны Төсвийн хуульд зааснаар нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэд хэдэн байгууллагыг нэгтгэн, ажиллуулахаар болсон. Тэдгээрийн нэг нь Гаалийн болон Татварын ерөнхий газар. Уг нь дээрх байгууллагуудыг нэгтгэснээр тус тусынх нь үндсэн чиглэл, үйл ажиллагаанд өөрчлөлт оруулахгүй. Харин байр ашиглалт, төсөв зэргийг нэгтгэх замаар 1.7 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэх тооцоог Сангийн яамнаас гаргаад байсан билээ. Төсөв хэлэлцэх үеэр Сангийн сайд Б.Болор “Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газрын байранд шилжүүлж, цөөн тооны ажилтныг цомхотгох, хоёр байгууллагын даргыг нэгтгэснээр давхардсан орон тоонууд багасч, цалин, хангамж буурна гэдгийг тодотгож байсан билээ.
Гэсэн ч хоёр байгууллагыг нийлүүлж, дарга нар нь солигдож байгаа учраас албан хаагчдынх нь хувьд халаа, сэлгээ хийгдэх байх гэсэн айдастай байсан. Түүнчлэн үйл ажиллагааг нь хэрхэх бол гэдэг асуудал ч ундарсаар байв. Ядахад яр гэгчээр дарга нар нь оны өмнөхөн өөрсдийн хүсэлтээр ажлаа өгч, эзэнгүй шахам болоод байсан.
Мөн Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нэгтгэх үйл явц ч олны эсэргүүцэлтэй тулгараад байсан. Тэр ч байтугай эдгээр газруудыг нэгтгэснээр хэчнээн хүн ажилгүй болох нь одоогоор тодорхойгүй байна, нийлүүлсэн ч С.Мэндсайханыг л даргаар томилж өг гэх хүсэлтийг шинэ оноос өмнө статистикчид УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт албан бичгээр шаардсан. Тэд хэрвээ шаардлагыг нь үл тоомсорловол тэмцэнэ гэдгээ ч мэдэгдээд байсан билээ.
Ийн даргын суудал нь эзэнгүйдэж, албан тушаалтнуудын “шүлсийг гоожуулж”, албан хаагчдын айдсыг төрүүлээд байсан үйл явц азаар дуусгавар болж, өчигдөр Засгийн газрын хуралдаанаар зарим байгууллагын дарга нарыг томиллоо. Гэхдээ шинэ дарга нар албаа хүлээж аваад айхтар халаа, сэлгээ хийхгүй байх тал дээр хатуухан анхааруулгатай байгаа гэнэ. Юутай ч Засгийн газрын хуралдаанаар Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Үндэсний статистикийн хороог нэгтгэж, Бүртгэл, статистикийн газар болгон өөрчилж, даргаар
нь С.Мэндсайханыг томилжээ. Харин орлогч даргаар нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдоржийг томилсон байна. Өөрөөр хэлбэл статистикчдийн шаардлага ёсоор даргыг нь буцаан томилсон аж.
Мөн Ц.Пүрэвдоржийн хувьд Улсын бүртгэлийн ерөнхий газрыг тэргүүлж байсан учраас дээрх дарга нарын хувьд асуудал үүсгэхгүйгээр ажлаа хийгээд явах боломжтой гэж үзсэн хэрэг. Харин Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрыг нэгтгэн, тус газрын дарга буюу Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчөөр С.Пүрэвийг томилжээ. Тэрбээр Сангийн сайдын ахлах зөвлөхийн албыг хашиж байсан нэгэн. Мэдээж байгууллагуудыг нэгтгэн үйл ажиллагаа нь өргөжиж байгаа учраас гурван орлогч даргатай байх юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.