Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 06
・ 8
Г.ЖАМЬЯН
Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн
Өнөө жилийн сонгуулийн өмнөх хамгийн том дуулиан нь, 17 жилийн өмнөх С.Зоригийн аллагын хэргийг “шалгаж байгаа”, “хэрэг илэрлээ” гэсэн мэдээллүүд цахим ертөнц, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байгаа явдал. Би, энэ аймшигт аллагыг эхнээс нь сурвалжилж захиалагч, алуурчдыг нь эрэн хайлцаж, харамсан хардаж, бичиж, төнхөж явсан хүний хувьд өнөөдөр дуугүй өнгөрч болохгүй байна.
“Ноцтой мэдээ” сонинд хэвлэгдсэн “17 жил таг дарагдсан С.Зоригийн аллага илэрлээ” гэсэн гарчигтай “Ц.Элбэгдорж: Би ямар хүнд улсын баатар цол өгчихөв өө гээд дороо дэвхцэн хашгирчээ” гэсэн дэд гарчигтай том өгүүлэл, мөн “Б.Булганы бие муу байгаа нь С.Зоригийн аллагын хэрэгт холбогдогчдод завшаан болж магадгүй” өгүүлэл, “Өдрийн сонин”-д хэвлэгдсэн “С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлэл хийжээ” өгүүлэл, “УИХ-ын гишүүн О.Содбилэгийн жиргээ юу хэлэв” гэсэн мэдээ, “Хөх толбо” сонинд нийтлэгдсэн “С.Зоригийг “хэлэлцсэн” 1998.10.03-ны Засгийн газрын ээлжит бус хуралдааны протоколоос”, С.Зориг, И.Жавхлант хоёрын үхэл” гэхчилэн хэвлэлийн материал, цахим ертөнц дэх олон тооны мэдээлэлд тулгуурлан үүнийг бичив.
С.Зориг бол миний хайртай дүү, Монголын ард түмний хайртай хүү байсан. Түүнд цөөн тооны атаархагчид байсан уу гэхээс, монгол даяараа хайрлаж хүндэлж байсан. Түүнийг Ерөнхий сайд болж хамгаалалтад орохоос нь өрсөж хөнөөсөн. Улстөрийн аллага гэдгийг нь олон нийт хүлээн зөвшөөрөөд 17 жил болж байна.
Өнөөдрийн шуугиан тарьж байгаа мэдээллүүдийг манай сэтгүүлчид нэлээн тоймтой эх сурвалжаас авсан байж таарна. Харин жинхэнэ эх сурвалж нь ямар зорилгоор цацагдаж байгаа нь учир битүүлэг байна. “Ноцтой мэдээ” сонинд нийтлэгдсэн шинэ баримтаас бүрэн эхээр нь авч үзвэл: “Энэ шөнө чухам юу болсон талаар аллагын цорын ганц гэрч гэгддэг Б.Булган 17 жилийн дараа юу гэж ярьсан бэ? С.Зоригийн гэрт аллага болохоос өмнөхөн Э.Бат-Үүл тэднийд ирчихсэн, өмнө нь амраглаж явсан Булгантайгаа уулзаад сууж байжээ. С.Зориг эхнэр лүүгээ “Төрийн ордон дотор шатар тоглож байна” хэмээн утсаар ярьсан байсан учраас тэр хоёр тайван сууж байжээ. (Э.Бат-Үүлийн цагаан малгай С.Зоригийн орон доороос гараад шалгагдаж байсныг нэг саначихаарай. Г.Ж) Тэгтэл гаднаас С.Зориг ороод ирсэн байна. Тэрээр нэлээн халамцуу байсан бөгөөд төдөлгүй тэдний хооронд гурвалжин дөрвөлжин хэрүүл болсон байна. Өмнө нь Бат-Үүл, Булган хоёрыг зүгээргүй байсныг мэдэх С.Зориг эхнэрээ хардаж таараа. Энэ гурвыг ийнхүү хэрэлдээд байж байх үед гай газар доороос гэгчээр Ш.Отгонбилэгийн явуулсан нөгөө хоёр хамгаалагч залуу гаднаас ороод иржээ. Энэ хоёр бас халамцуу байсан байна. Ингээд бөөн халамцуу улсын хооронд хэрүүл хараал, зодоон нүдээн болж, улмаар энэхүү зөрчил тэмцлийн эцэст С.Зориг агсан амиа алдаж, тэгээд гэнэтийн халдлага болсон мэтээр талийгаачийг олон дахин хутгалжээ. Үүний дараа Ш.Отгонбилэгийн бие хамгаалагч хоёр эр, Э.Бат-Үүлд хандаж: “ Амаа хамхиж яваарай. Хэрвээ амаа хамхиж чадахгүй бол дараачийнх нь чи шүү “ гэж сүрдүүлсэн байна. Тиймээс Бат-Үүл айж сандран гарч гүйхдээ С.Зориг агсны гэрт саарал өнгийн (цайвар ) малгайгаа орхижээ” гэсэн байгаа. Эндээс харвал тохиолдлоор ч юмуу, зориуд зохион байгуулсан ч юмуу таван хүн эднийд цуглажээ. (Ийм тохиолдол байна гэхэд, би л хувьдаа итгэхгүй байгаа. Г.Ж) Ш.Отгонбилэгийн хоёр хамгаалагч С.Зоригийг 18 хутгалж алах хооронд Э.Бат-Үүл, Б.Булган хоёр дэргэд нь байжээ дээ. Нэг нь нөхрийгөө, нөгөө нь хамтран зүтгэгч найзыгаа 18 хутгалаад хөнөөж байхад зүгээр л хараад сууж байсан уу? Өмөөрч хамгаалсан уу? Эсвэл хамжаад нухчихсан уу? Энэ сонин байгаа биз. Ийм аймшигтай аллага үйлдсэн хоёр залуу, С.Зоригийн эхнэрийг хуруугаар нь хүлсэн болоод ариун цэврийн өрөөнд орхиж, Бат-Үүлийг сүрдүүлээд явуулчихдаг юм уу? !
Амьд гэрч Б.Булган бие нь муудаад, одоо үхэхээсээ өмнө үнэнээ хэлэхээс аргагүй боллоо хэмээн ярьж байгаа нь энэ шүү дээ.
Бас нэгэн ноцтой мэдээллээс иш татъя. Ш.Отгонбилэг агсны хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг цахим хуудсандаа: “Надад та бүхний дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна. Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж (Их хурлын гишүүнийг дуудахаар бодоход том албаны хүн байж таарнаа даа. Г.Ж) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин ба тогоочоороо С.Зориг агсныг захиалгаар алуулсан гэсэн улстөрийн зорилготой зохиол бичигдэж, аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн. Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ!” хэмээн жиргэсэн байгаа.
Ямартай ч С.Зориг агсны амийг хөнөөсөн аймшигт аллагын хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн сонгуулийн өмнө нэлээн хүчтэй хөдөлж, энэ явдлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлсэн нь үнэн юм байна. Тэр битгий хэл Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж энэ мэдээллийг сонсоод “Би ямар хүнд улсын баатар цол өгчихөв өө!” гээд дороо дэвхцэн хашгирч байсан тухай ч бичигдсэн байна билээ.
Хэргийг нууцын маш өндөр зэрэглэлтэйгээр шалгаад 65 хувийн илрүүлэлттэй яваа гэнэ. Уг нь олон улсын хууль эрх зүйн практикт аймшигт хэрэг явдлыг илрүүлэх хэдэн арга байдаг юм билээ. Нууцын өндөр зэрэглэлд шалгаж барагдуулах. Мөн ахмад туршлагатай хуульчид, найдвартай хүмүүсийг ажлын хэсэгт оруулж шалгах, бүр нээлттэй шалгах гэхчлэн олон хувилбар бий л дээ. Манай ажлын хэсгийнхэн болохоор маш нууцын зэрэглэлийг сонгож, өмгөөлөгчдөд нь хүртэл хориг саад тавьж байгаа сураг байна. Өмгөөлөгчид хуульд заасан эрх үүргээ эдлэх ёстой. Нууцалсан бүхэн хардлага дагуулдаг. Ард түмэн ч хардах эрхтэй. Би ч хардаж байгаа.
НЭГДҮГЭЭРТ: Манай нэр хүндтэй хуульчдын хэлдэг хоёр л зүйл бий. С.Зоригийг хөнөөсөн шөнө тэдний гэрт 70-80 хүн орж хэргийн ул мөрийг балласан байдаг. Тэр зөвшөөрлийг олгож, хэргийн ул мөрийг зориудаар баллуулсан эзнийг олох хэрэгтэй гэдэг юм. Хоёрдугаарт, аллагын цорын ганц амьд гэрч Б.Булганыг хэний зөвшөөрлөөр суллуулж, 17 жил дур зоргоор нь явуулсан бэ? Тэр хүн л жинхэнэ захиалагч байж таарна. Энэ хоёрыг үнэн зөвөөр тогтоогоогүй цагт хэрэг илрэхгүй гэдэг юм. Тэгсэн чинь өнөөдөр, захиалагч, алуурчин нь нас барсан, ганц амьд гэрч нь мэдрэл муудаж, “хэрэг хүлээх чадваргүй” болсон “эмгэнэлт жүжиг” гэмээр юм босч ирдэг байгаа. Эмгэнэлт жүжгийг, захиалагч нь маш муу найруулжээ хэмээн бодож сууна.
ХОЁРДУГААРТ: 2016 оны сонгуулийн өмнө энэ дуулиант хэрэг босч ирсэн нь хэт нэг талыг барьсан улстөржүүлсэн аяс ажиглагдана. Тухайн үеийн МАХН-ын удирдлагуудыг бараг тэр чигт нь хамарсан хэрнээ Ардчилсан намынхныг дурдалгүй “гавьяатан” болгоод орхисон байх юм. С.Зоригийн хэрэгт Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр гэхчлэн олон хүнийг хамруулж нэр дурдаад, МАН-аас УИХ-д сууж байсан Ш.Отгонбилэгийг аллагын захиалагчаар авсан байна. Гэтэл тухайн үед төр, засгийн эрхийг барьж байсан, өнөөдөр эргээд тэр багаараа эрх барьж байгаа Ардчилсан намын нөхдөд өчүүхэн ч хир халдаасангүй. Энэ хэргийг яригдах болгонд нэр нь гарч байдаг, цагаан малгайны эзэн Э.Бат-Үүлийг л аргагүй эрхэнд “нуун дарагдуулсан” гэж оруулсан бололтой. Аймшигт аллагыг үйлдэх үед, үйлдсэний нь дараа Ардчилсан намын өнөөгийн удирдлагууд л эрх барьж байгаа биз дээ. Тэд өчүүхэн ч буруугүй, харин ч “гавьяатан” болж тодорч байгаа нь үнэхээр итгэл үнэмшил алдагдуулж байна. Би, энэ аллагаас хойш сонгогдсон Ерөнхийлөгч нарт бүгдэд нь хандан “Энэ хэргийг илрүүлээч. Нууцалж даралгүй ард түмэнд мэдээлээч” хэмээн гуйж, шаардаж “буруутан” болсон л доо. Ноднин хавар хэвлэгдсэн “Барууны тэжээврүүд” номондоо энэ тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан таван хүсэлт тавьж, хариу нэхсэн. Түүнээ сийрүүлье.
1. Та С.Зоригийг алагдсан цаг мөчид шарилынх нь дэргэд байсан хүн. Хэргийн газрын ул мөрийг баллуулахгүйн тулд ямар арга хэмжээ авдагийг та хэнээс ч илүү мэднэ. Гэтэл яагаад тийм олон хүн оруулж ул мөрийг балласан юм бэ?
2. Амьд гэрч Б.Булганыг тэр дор нь саатуулж шалгахыг хэн хориглосон бэ? Хүмүүсийн жиг жуг яриагаар бол таныг сулла гэж үүрэг өгсний дагуу тавьж явуулсан гэдэг. Энэ үнэн үү?
3. С.Зориг алагдаад 17 жил өнгөрлөө. Гол хэрэгтнийг илрүүлье, үнэн мөнийг олъё гэсэн бодол санаа, үйл хөдлөл таны зүгээс огт ажиглагдсангүй. Энэ ямар учиртай юм бэ?
4. Аймшигт аллага болсноос хойш арван хэдэн жилийн дараа та тэр үед байсан баг бүрэлдэхүүнээрээ төр, засгийн бүрэн эрхийг гартаа авлаа. Ерөнхий сайд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байсан Ц.Элбэгдорж Та Ерөнхийлөгч болоод байна. УИХ-ын дарга байсан Р.Гончигдорж УИХ-ын дэд дарга болчихлоо. Сайд байсан Н.Алтанхуяг Ерөнхий сайд болоод байснаа огцорчихлоо. Таны баруун зүүн гарын хоёр найз, Барууныг хамт зорьж байсан Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт засгийн бүх эрх мэдэл төвлөрлөө. Таны үнэнч найз Д.Дорлигжав чинь Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайдын өндөр сэнтийнүүдийг сэлгэж дамжаад явж байгаа. С.Зоригийг алагдах үед нэр нь тодорч байсан Э.Бат-Үүлийгээ Хотын дарга болгож, Улсын баатарын алтан таван хошуу медалиар энгэрийг нь мялаалаа. Д.Энхбаатартаа хамгийн эхлээд генерал цол хайрлалаа. Зоригийг алагдах үед “Зоригийг М.Энхсайхан алсан” гээд хашгирч байсан “хайрт” Д.Билэгтийгээ Цагдаагийн ерөнхий газрын дарга болгож нэг үзээд ШШГЕГ-ын дарга болгочихлоо. Тагнуулын Ерөнхий газрын ажилтан, Баруунд сургууль хийлгэсэн Б.Хурцыгаа Англи, Германы шорон дамжаад хүн хулгайлсан хэргийн учир хоригдож байхад нь та хөтөлж ирээд одоо ТЕГ-ын дарга болгочихлоо. Энэ мэтээр бүх эрх мэдэл таны гарт байхад “хамтран зүтгэгч” Зоригийнхоо хэргийг илрүүлчихье гэж яагаад ганц үг ганхийхгүй байна вэ? Энэ чинь нэг юм хэлээд байгаа юм биш үү?!
5. С.Зоригийг алсан аймшигт аллагын дараа энэ хэргийн гэрч болох, тодруулж магадгүй гэсэн 15 хүн алагдсан, учир битүүлгээр нас барсан гэж нэгэн номонд бичигдсэн байгаа. Тэр бүхнийг шалгасан уу? Гэр бүл, үр хүүхдүүдээс нь эдгээр хүний амийг нэхэхэд хүрвэл, хэнээс нэхэх вэ? Энэ таван асуултын хариуг ард түмэндээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгөхийг Танаас хичээнгүйлэн гуйж байна” гэсэн. Одоо болтол хариу өгөөгүй .
ГУРАВДУГААРТ: Сүүлийн үеийн мэдээллүүдийг харахад С.Зоригийн аллагын жинхэнэ захиалагч өнөөдөр амьд байгаа юм шиг. Логикийн авцалдаагүй “эмгэнэлт жүжиг” найруулаад сууж байна хэмээн хардахад хүргэж байна. Аллагыг захиалагч нь тухайн үеийн МАХН-аас УИХ-д сонгогдсон Ш.Отгонбилэг агсан, буруутнууд нь МАХН, МАН-ын удирдлагууд мэтээр олон түмэнд ойлгогдож байгаа. Энэ хоёр намын нэр хүндийг сонгуулийн өмнө зориуд унагаах, Эрдэнэтэд рейтинг өндөр яваа Отгонбилэгийн хүү Содбилэгийг “Алуурчны хүү” хэмээн харлуулж, ялагдуулах гэсэн санаа ч шиг. Гадуур ингэж л шуугиж байгаа. Гэтэл тухайн үеийн МАХН-ын болон одоогийн МАН-ын удирдлагын зүгээс таг дуугүй. Хүлээн зөвшөөрч ч байгаа юм шиг.
Өнөөдөр энэ бүхэнд хамгийн түрүүнд дуугарах хүн бол С.Зоригийг алагдах үед Цагдаагийн ерөнхий газрын дарга байсан, одоо МАН-ын даргын хуулийн зөвлөх, гавъяат хуульч Д.Мөрөн, мөн тэр үед Мөрдөн байцаах газрын дарга байсан одоо хувийн дээд сургуулийн захирал байгаа хурандаа Д.Алтангэрэл нар юм. Энэ хоёр хүнээс ярилцлага авах гэж би олон удаа хандсан. “Одоо өгөх боломжгүй. Цаг нь ирэхээр бүх зүйлийг ярина” гэдэг байсан. Одоо л дуугарах цаг нь болчихсон шүү дээ. Үнэхээр МАН-ын удирдлагууд дээгүүрээ хуйвалдаад УИХ-ын гишүүн нь С. Зоригийг захиалж алуулсан юм бол энэ нам сонгуульд оролцох битгий хэл, байх шаардлага байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Худал гүтгүүлж байгаа бол сонгуулийн өмнө нэрээ яаралтай цэвэрлэж авмаар байна шүү дээ. Д.Мөрөн, Д.Алтангэрэл нар тухайн үед, шалгах ажиллагаа хумигдсаар бараг илрэх гэж байгаа юм шиг бидэнд ойлгуулдаг байсан. Тэр хавтаст хэрэг, бичиг баримт одоо бүрэн бүтэн байна уу, алга болж уу гэдгийг нягтлан үзээд өөрсдийнхөө шалгаж, мухарлаж байсан зүйлийг ард түмэндээ үнэн зөвөөр хэлж өгмөөр байна. Өнөөдөр парламентад суудалтай намуудын удирдлага дахь хэдэн хүн АНУ-ын хар машинаар луйвар хийж, нэрсийн жагсаалт гэгч “хар дансаар” УИХ-д орж ирэхийн төлөө улайран зүтгэж, ард түмнийхээ эрх ашгаас урвасан сонгуулийн “харгис хар хууль” баталж санаа нь амарцгаалаа. Парламентын гаднах жижиг намууд, шинээр улстөрд орж ирж байгаа бэл бэнчингүй шударга залуучуудыг хашиж боох, хэвлэлийн эрх чөлөөг боомилсноор ньэнэ хуулийг би Монголын түүхэн дэх хамгийн “харгис хар хууль” гэж нэрлэж байгаа юм. Тэр дунд МАН-ын удирдлага, тухайлбал, Миеэгомбын Энхболд гол дүрд нь тоглож яваа. Та, дахин УИХ-д суухынхаа төлөө ингэж эрээ цээргүй загнаж явахаар бүх мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа “намаа харлуулж алуурчны нам” болгочихоод байгааг зөвшөөрсөн, зөвшөөрөөгүйгээ хэлмээр байна. Манай намын гишүүд бол таныг “зөвшөөрөөд” дуугарч чадахгүй байна гэж үзэхэд хүрч байгаа шүү.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.