Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 07
・ 4
ШӨХТГ нь хуулиараа өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай “тулж ажилладаг”. Ингэж ажиллахын тулд залуу хүний эрч хүч, зоримог зан чанар шаардлагатай гэж үзэн улс төрийн намууд намынхаа шинэчлэл, шударга ёсны төлөө зоригтой дуугардаг, намдаа хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг залуусыг тус агентлагийн даргаар томилдог жишиг нэгэнт тогтжээ.
2012 онд ШӨХТГ-ын даргаар ардчилал, шударга ёсны төлөө тэмцэж Иргэний хөдөлгөөний зохицуулагчаар ажиллаж байгаад хожим нь АН-д элссэн О.Магнайг томилсон байдаг. О.Магнай ШӨХТГ-ын даргаар 2012 оны 9 сараас 2014 оны 12 сар хүртэл ажиллах хугацаандаа хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, өрсөлдөөний хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлд мэдэгдэхүйц олон ажлыг санаачлан хэрэгжүүлснээр энэ газрын талаарх мэдээллийг иргэд олон нийт сайн мэддэг болсон.
Дараа нь 2015 оны 1 сард МАН дах дотоод ардчилал, шударга ёс, намын шинэчлэлийн талаар нам дотроо зоригтой дуугарч, намын удирдлагуудын үйл ажиллагаанд шүүмжлэлттэй хандаж ирсэн МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар ажиллаж байсан Т.Аюурсайханыг ШӨХТГ-ын даргаар томилсон байдаг. Т.Аюурсайхан дарга жил орчим ажиллах хугацаандаа Нийслэлийн Засаг даргын “Автомашин зөөж шилжүүлэх” шийдвэрийг хэрэгжүүлж байгаа нэрийдлээр хэтэрхий ашгийн төлөө ажиллаж байсан хувийн компаниудын үйл ажиллагааг таслан зогсоож, зөвхөн замын цагдаагийн байцаагчийн шийдвэр, түүний хяналтанд орж автомашиныг ачиж зөөвөрлөж байх гэх зэрэг 30 орчим ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна.
Тэгвэл энэ удаад ШӨТХГ-ын даргаар МАХН-ын залуу боловсон хүчний нэг Д.Мөнхтөрийг томилжээ. Д.Мөнхтөрийн хувьд хүүхэд ахуй цагаасаа удирдан манлайлах чиглэлд уриалан оролцож, сурагч ахуй цагтаа Монгол улсын Шилдэг сурагчаар шалгарч Ерөнхий сайдын өргөмжлөлийг хүртэж байсан төдийгүй, оюутан байхдаа Үндэсний хэмжээний мэтгэлцээн, илтгэлийн тэмцээнд амжилттай оролцон “Үндэсний шилдэг илтгэгч” өргөмжлөлтөй 1980-иад оны дунд үеийн залуусын төлөөлөл бөгөөд тэрбээр эрхзүйч, сэтгүүлч гэсэн хос мэргэжил эзэмшсэн нэгэн ажээ.
МАХН-ыг Н.Энхбаяр дарга шинэчлэн байгуулсан 2010 оноос эхлэн өдийг хүртэл Д.Мөнхтөр намдаа тууштай ажиллаж байгаа, намынхаа залуусыг удирдан олон акци арга хэмжээг санаачлан гардан зохион байгуулж бас хэрэгжүүлж байсан нэгэн ажээ. Түүний хувьд зарчимч байдал, шударга ёсыг МАХН дотроо болон намын залуусын байгууллагадаа хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж, намынхаа доторх шударга бус үйлдлийн эсрэг нэг бус удаа дуугарч байсан залуу боловсон хүчин юм билээ.
2016 оныг Монгол улсын засгийн газраас “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан ШӨХТГ-аас энэ жил хэрэглэгчид рүү чиглэсэн олон ажлыг ШӨХТГ залуу эрч хүчтэй шинэ даргатайгаар эхлүүлэхээр зэхээд байгаа ажээ.
ШӨХТГ-ын шинэ дарга ажлаа хэрхэн амжилттай хэрэгжүүлэх, өмнөх дарга нараасаа сул эсвэл илүү сайн ажиллаж чадах эсэхийг л бид харах үлдлээ.
Ц.Мөнх
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.