М.Энхболд:Үндсэн хууль батлалцсан депутатуудын хувь нэмрийг үнэлж баршгүй юм

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2016 01 сар 13

Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсны 24 жилийн ой өнөөдөр тохиож байна. Хуульч, улс төрчид нийгмийн зүтгэлтнүүдийн мэргэн оюуны хүч оролцоотойгоор Үндсэн хуулийн төслийн талаар ард түмнээсээ гурван сарын хугацаанд санал авч, Ардын Их хурлын 430 депутат 76 хоногийн турш эрдэм мэдлэгээ уралдуулж, идэвхи зүтгэл гаргасны хүчинд анхны ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байсан түүхтэй. Тухайн үеийн Ардын Их хурлын 430 депутатын 343 нь тухайн үеийн Монгол Ардын намын гишүүн байжээ. Өөрөөр хэлбэл шинэ Үндсэн хуулийг эх барихад Монгол Ардын намын гишүүдийн үүрэг оролцоо их байлаа.

Ардчилсан Үндсэн хууль баталсны 24 жилийн ойн ач холбогдлын талаар Монгол Ардын намын дарга М.Энхболд хэлэхдээ "Монгол Ардын намын Улс төрийн товчоо сайн дураараа огцорч,  төр засгийн үйл ажиллагааг нэг намын тогтолцоо, нэг удирдлага жолооддог Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Ардын Их хурлын депутат сонгох сонгуулийг олон намын оролцоотойгоор зохион байгуулж, 430 депутатыг сонгож байсан түүхтэй. Энэ үйл явдал тухайн үед засаг төрийг барьж байсан Монгол Ардын намын хүлээцтэй, тэвчээртэй улс орны өмнө тулгамдсан улс төрийн нөхцөл байдалд бодитой үнэлэлт, дүгнэлт хийж, гаргасан шийдвэрүүдийн үр дүн юм.Тиймээс ч энэ сонгуулиас сонгогдсон Ардын Их хурлын 430 депутатын 343 нь тухайн үеийн Монгол Ардын намын гишүүд байсан. Тухайн үеийн Их хурал, Улсын Бага хурлыг байгуулж, Монгол Ардын нам 80 орчим  хувийг бүрдүүлсэн  Их хурлаас байгуулсан Улсын Бага хуралдаа 60 хувийн оролцоог бий болгосон. Ардын Их хурлын депутатын сонгуулийг явуулахад тухайн үеийн Монголын улс төрийн бүх намуудад сонгуульд оролцох санхүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг тухайн үеийн сайд нарын зөвлөл гаргаж байсан.

Шинээр төрөн гарч буй улс төрийн намуудыг дэмжсэн, ажиллах нөхцөл боломжийг нь дэмжсэн ухаалаг шийдвэрийг гаргаж байсан. Түүгээр ч зогсохгүй цөөнхийн төлөөллийг Улсын Бага хурлын даргаар сонгож байсан.  Үндсэн хууль баталсан хүмүүсийн өнөөгийн улс төрд оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй юм" гэлээ.

Үндсэн хуулийг батлахад гар бие оролцсон депутатуудаас тухайн үеийнх нь сэтгэгдлийг сонссон юм.

Д.Лүндээжанцан: -Монголын тусгаар тогтносон бүрэн эрх, үндэсний язгуур эрх ашиг, эв нэгдэл гэсэн нэгэн тугийн дор Монголын ард түмэн түүний бүрэн эрхт төлөөлөгчид болох Ардын Их хурлын депутатууд нэгдэж чадсаны хүчинд Үндсэн хуулиа бид баталж чадсан. Ардын Их хурлын  12 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхт хугацаа таван жил байсан ч гурван жилийн өмнө Үндсэн хуулиа баталж, шинээр байгуулагдах Улсын Их хуралд эрхээ шилжүүлсэн. Ийм л  эх орон, улс үндсээ гэсэн элгэн халуун сэтгэлтэй хувийн ашиг сонирхолд хөтлөгдөөгүй хүмүүс байсан.

Үндсэн хуулийг боловсруулахаас эхлээд ард нийтээр хэлэлцүүлэх, Улсын Бага хурал, Ардын Их хурлаар хэлэлцүүлэн батлуулах бүхий л шатанд тухайн үеийн Монгол Ардын хувьсгалт нам буюу Монгол Ардын нам ачааны  хүндийг үүрч ажлын голыг нугалсан гэж хэлэх бүрэн үндэстэй. Учир нь Ардын Их хурал, Улсын Бага хурлын бүрэлдэхүүний олонхийг Монгол Ардын намын гишүүд бүрдүүлж байсан. 1991 оны арваннэгдүгээр сард депатутын хороо байгуулах тогтоол гарахад тус хорооны 21 гишүүний 15 нь  Ардын намын гишүүд байлаа. Үндсэн хуулийн эхийг баригчаар Б.Чимэд багш болон намайг сонгосон юм. Би дөнгөж 30 гарч явахдаа намын итгэл найдвар, олон түмний сонголтоор  Ардын Их хурлын депутатаар сонгогдож байсан сайхан дурсамж бий.

Р.Барс: -Үндсэн хууль баталсан өдрийг жил бүр ёслол төгөлдөр тэмдэглэж  байх зүйтэй. Ардчилсан Үндсэн хууль өнөөгийн Монголын хөгжлийн гол суурь дэвсгэр болж өгсөн.1990 оны эхээр олон улс оронд өөрчлөлт орсон. Тиймээс богино хугацаанд  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага урган гарсан. Бидний батлалцсан Үндсэн хууль хүнээ дэмжсэн, хөгжлөө тодорхойлсон хууль болсон.

Ц.Ням: -Би Дорнод аймгаас 174 дүгээр тойрогт сонгогдож байсан. Одоо бодоход дурсах зүйл их байна. Ардчилсан Үндсэн хуулийг батлахад бүх ард түмний төлөөлөл оролцсон. Тэгэхээр нэлээд ул суурьтай, нягт нямбай хууль болсон.  Манайд нэлээн олон Гантөмөр гэж депутатууд байлаа. Сонин хэвлэлд хооронд нь андуурч бичээд хөгтэй явдал их болдог байж билээ. Яруу найрагч Ш.Сүрэнжав гуай гэхэд төрийн сүлдийг батлах хуралдаан дээр муужирч унатлаа үзэл бодлынхоо төлөө үнэнч байлаа.

Ц.Адъяасүрэн: -Архангай аймгийн 55 тойргийн депутат Ц.Адъяасүрэн гэдэг хүн байна. Үндсэн хуулийг боловсруулах ажилд би анхнаас нь оролцож байсан. 1990 онд Ардын Их хурлын депатутаар сонгогдоод Монголын Социал демократ намаас нэр дэвшиж, Ардын их хурлын орлогч даргаар сонгогдсон. Үндсэн хуулийн боловсруулалтын ажилд идэвхитэй оролцож байлаа. Монголын анхны чөлөөт ардчилсан сонгууль явуулахын өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Тэр ажлын хэсэгт би орж ажилласан. Монголын шилжилтийн үеийн парламентыг хоёр танхимтай байх Үндсэн хуулийн нэмэлтэд орж байсан. Хүний эрхийг дээдэлсэн Үндсэн хуулийг баталсан энэ өдөр бол Монголын ард түмний баярын өдөр юм.

Ц.Оюунтунгалаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх