Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 14
・ 7
Монгол Улсын зүүн хязгаар нутаг Дорнод аймагт сүүлийн хэдэн жил улс төрийн намуудын чадварлагаар найруулж, өөрсдөө гол дүрд нь тоглосон эмгэнэлт хийгээд хошин жүжиг тоглогдож байгаа аж.
Хоёр том намынх нь нөхдүүд хоорондоо ширээ сандал, тамга тэмдгээ булаалдсаар нэлээдгүй жилийг үдсэн байна. Тиймдээ ч Ц.Шинэбаяр, Х.Болорчулуун зэрэг тулхтай улс төрчид нь сэтгэцийн өвчтэй байж болзошгүй хүмүүсээс айсандаа намаасаа гарч, тус тусын улс төрийн амьдралыг шинээр эхлүүлэн явж байгааг бид мэднэ.
Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар тус аймагт МАН-аас Н.Номтойбаяр, бие даагч Х.Болорчулуун нар сонгогчдын олонхийн саналыг авч гишүүний батлахаа өвөртөлж авсан билээ. Н.Номтойбаяр олон тэрбум төгрөг зарцуулж, маш олон хүнийг өөрийн талд ажиллуулсны хүчинд л гарч чадсан гэж ард олон ярилцдаг. Түүний гар, хөл бологсод тэр цагаас эхлэн МАН-ын нэр хүндийг дэндүү ихээр гутааж, амьтны элэг доог болсоор байгаа юм. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд 2015 оны 12 дугаар сарын сүүлээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Зоригтбаатарыг эзгүй байх үеэр намынх нь бүлэг сөрөг хүчинтэйгээ хамт өрөөнийх нь хаалгыг эвдэн орж, зарим нэг эд зүйл, бичиг баримтуудыг хулгай хийсэн байна. Тэд хурлын даргын тамгыг хайж, өрөөг нь нэлээдгүй онгичсоны эцэст бие засах өрөөний хогийн саван дотор тамгаа нуусан байхыг нь олжээ. Энэ бол инээдтэй зүйл биш. Төрийн тамга тэмдгийг хогийн саванд хийх нь битгий хэл хадганд ороон хүндтэй газар залдаг уламжлалтай гэдгийг наад захын хүн ойлгодог.
Тэгвэл Дорнод аймгийн МАН-ынхан тамга тэмдэг, бичиг баримтаа хэн хүний сэтгээд байхааргүй газар найдвартай хэмээн хадгалдаг бололтой. 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаанаар сайн эрчүүл Р.Зоригтбаатарыгаа огцруулж, оронд нь олноо “Уулаа” хэмээн алдаршсан П.Мөнхтөрийг томилжээ. Энэ хүн өнөө хаалга цоож эвдэж явдаг сайн эрчүүлийн нэг нь аж. Мань хүн аймгийн ТАЗГ-ын даргаар ажиллаж байхдаа 18 сая төгрөг завшсан хэргээр АТГ-т шалгагдаж байжээ. Тэрбээр даргаар нь ажиллаж байсан байгууллагынхаа 25 сая төгрөгийн өртөг бүхий автомашин худалдан авах тендерт өөрийн танил талын гурван компанийг оруулж өрсөлдүүлэн эхнэрийнхээ компанийг ялуулсан асуудал өнөөдрийг хүртэл ээдрээтэй яваа юм. П.Мөнхтөр гэгч нь 2014 оны зунаас өнөөг хүртэл Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчаар ажиллажээ. Тэрбээр сумынхаа өрх бүрийг хүүхдэдээ өдөр бүр нэг ширхэг бөднө шувууны өндөг идүүлэх захирамжийг гаргаж байсан марзан эр гэнэ. Зургаахан сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болох билээ.
МАН-ын удирдлагууд намын нэр хүндийг унагаж, ичгэвтэр байдалд оруулж буй энэ мэт нөхдүүддээ хариуцлага тооцож, арга хэмжээ авахгүй бол Дорнодын ард түмэн тэднээр дахиж удирдуулахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл юм.
Эх сурвалж www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.