Монголыг “Үнэгүйдүүлэх” АНцавуудын төлөвлөгөө

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2016 01 сар 20 ・ 2

Өргөн уудам нутагтай, хүн ам цөөтэй Монгол Улсын хувь заяа өнөөдрийн эрх баригчдын үед улам л бүдгэрсээр байна. Тэд орон нутгийн мандатыг хасч Улаанбаатар хотын мандатыг нэмэх тухай яриад эхэллээ. Товчхондоо орон нутгийн иргэдийг хөсөр хаяж, нийслэлийн иргэдийг нэг их өргөмжилнө л гэсэн үг. Бүр цаашилбал, хөдөөнийхөн хүн биш нийслэлийнхэн хүн гэсэн хямдхан логик гарч ирнэ. УИХ-ын 76 гишүүний 50 гаруй нь нийслэл хотыг төлөөлж УИХ-д сууна. Үндсэндээ орон нутгийн хөгжлийн бодлого зогсож, төвлөрлийг саармагжуулах биш ихэсгэх бодлого болно гэдгийг сөрөг хүчнийхэн хэлээд байгаа. Мөн орон нутгийн төсөв багасч малчид руу чиглэсэн бодлого байхгүй болно. Угтаа монголын ард түмэн хэдэн малынхаа буянд ямар ч хүнд хэцүү цаг үед өлсөж үзээгүй хүмүүс. Харин одоо уламжлалаа гээж орчин цагийн хэлбэр шүтсэн хэдэн нөхрийн “ачаар” мал аж ахуйгаа, малчдаа ад үзсэн төрийн бодлогын уршгаар монголчууд өлсөж үзэх нь шиг байна. Улаанбаатар хотын мандатыг нэмээд “Хүн шиг амьдарч, хот шиг хөгждөг” бол хамаа алга. Харамсалтай нь өнөөдрийн улс төрийн зураглалаар бол орон нутгийн мандатыг хасч хотынхыг нэмээд ч олигтой өөрчлөлт гарахгүй гэдгийг эрх баригчид сайн мэдэж байгаа.

Хотын дарга Э.Бат-Үүлийн ярьснаар бол УИХ дахь хотын мандат дутсанаас Улаанбаатар хотын утаа буурахгүй байгаа гэнэ. Хотын утааг буулгахдаа хүрвэл УИХ-ын гишүүнтэй, гишүүнгүй буулгачихна. Даан ч аль ч намын засаглалын үед сэтгэл, зүтгэл дутаад байгааг ард түмэн мэдэж байгаа. Хэрэгтэй, хэрэггүй баахан утаагүй зуухны тендер хэрэгжүүлсэн болж хэдэн төгрөг “халааслах”-ыг бодохоос биш ард түмнийхээ уушгийг бодсон хотын даргыг хайгаад лав олохгүй. Иймэрхүү шалтаг, шалтгаанаар орон нутгийн мандатыг “булааж” хотод өгөх гэж байгаа нь эрх баригчдын түмэн буруу. Тэд сандал ширээнийхээ өнцөгөөс зууралдаад салж, хагацаж чадахгүй болохоороо л ийм арчаагүй арга хэрэглэж суугаа биз. Орон нутгийн мандатыг хасч, Монгол Улсыг үнэгүйдүүлэх нь хэнд ашигтай вэ. Ард түмэнд лав ашиггүй. Эсрэгээрээ сонгууль дөхөөд ирэхээр ард түмэндээ учиргүй хайртай болчихдог улстөрчдөд ашигтай юу. Лав л АН-ын хийж байгаа өнөөдрийн улс төрийн шоу байгаа оносонгүй. Угаасаа орон нутагт рейтинг нь өсдөггүй “хотын нам”-ынхны явуургүй улс төр нь эцэстээ Монгол Улсыг хоёр хувааж орхив, хөдөөнийхөн, хотынхон гэж... Энэ нь даамжраад нийслэл нь дотроо хоёр хуваагдах янзтай. Амьдрал “горьдож” ирсэн орон нутгийнхан, нийслэлийн төрөлх иргэн /хотын дарга шиг/ гэж... Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд дээд, дунд, доод давхарга бүртээ хуваагдаад байвал Монгол Улс яаж хөгжих вэ?

Эцэст нь өнөөдрийн эрх баригчдын “ачаар” ард түмнээ ялгаварлан гадуурхдаг болов. Муугаар бодоход өнөөдрийн эдийн засгийн хямрал хэдэн жил дамнан үргэлжилбэл явж явж хэдэн малчид чинь л Монгол Улсыг авч гарна шүү. Тэр үед хэт их төвлөрлийг дөвийлгөн дэмжсэн өнөөдрийн эрх баригчид амаа барих вий дээ. Орон нутгийн мандатыг цөөлбөл Монгол Улс үнэгүйднэ, малчдын өмнөөс дуугарах, монгол ахуй ярьдаг хүн байхгүй болно гэсэн үг. Иймэрхүү төлөвлөгөө боловсруулж сандал ширээтэйгээ үлдэнэ гэж найдаж байгаа бол АН-ынхан том эндүүрч байна даа. Яг нарийндаа найдлага тавьж байгаа нийслэлийн иргэд ч тэдэнд итгэл алдарсан. Орон нутгийн мандатыг “булааж” нийслэлд өгөөд ч тэдэнд ялалт тун чиг хол харагдаж байна даа...

 

С.НЭМЭХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 01 сар 21/

    Нутгийн 0,03 хувьд төвлөрч буй Нийслэлд дарга, төлөөлөгч дэндүү их байна.АН-ынхан нийслэлд илүү санал авна гэж бас нэг луйврийн төлөвлөгөө сэджээ. Энэ нь нийслэлд илүү санал авдагт биш энд луйвар хийёсэн шиг хийдэгт байгаа юм. Нэртэйгээр нь Улаанбаатар улс болгохнээ. Монголын энэ өргөн уудам нутагт

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 20/

    Тэнэгт. Саналыг хүн өгөхөөс биш, газар шороо өгөхгүй. УИХ-ын гишүүн тодорхой тооны сонгогчдыг төлөөлөх нь шударга ёсонд нийцнэ. Хөдөөний жалга бүрээс гишүүн сонгоод хөгжил нь хаана байна, хот руу л шавааралдаад байгаа биз дээ. 2 өөр асуудлыг хольж бантагнуулаад хөдөөгийнхний толгойг угааж, төр засги

    Хариулах