-Ардчилсан намын Засгийн газрын зураг төөргийг, цаашлаад сонгуулиар унах, босохыг Ардчилсан нам биш Н.Энхбаяр л шийднэ гэхэд болохоор. Түүнд юу хэрэгтэйг нь, цаашилбал юу дуртайг нь өгнө, гэвч хаа хүрч ханахыг нь мэдэхгүй. Хамгийн сүүлийн байдлаар лав л түүнд Мэргэжлийн хяналтын байгууллагыг өгчихлөө-
Улстөрийн намууд, тэрчлэн хувь улстөрчид яг өдийд зав чөлөөгүй судалгаа, ажиглалт хийж, ирэх сонгуулийн уур амьсгал, үр дүнг тооцоолон толгой гашилгаж суугаа цаг. Өөрийн болон хүний намын чансаа, сонгогчдын хүлээлт, тодорхой тойргийн онцлог гээд олон зүйлийн “гэдэс дотор”-ыг онгичин уудалж байгаа ч оношийг нь одоогоор нууцалж байна. Судалгааны байгууллагууд ч нууцыг хадгалах үүрэг хүлээжээ. Сант Марал сангийн цахим хуудаст хамгийн сүүлд 2015 оны дөрөвдүгээр сарын судалгааны дүн л нийтлэгдсэн байна. Үүнээс өөр бусад судалгааны эх сурвалжууд мөн л шинэ мэдээллийг хараахан дэлгээгүй байх аж.
Хэдийгээр эх сурвалж бүр өөрсдийн хэрэгцээ, захиалгаар ижилгүй судалгаанууд хийж байгаа ч судлагдахуун нь нэг л учраас үр дүнгийн олон үзүүлэлт нэг цэг дээр давхцаж байгааг улстөр ажиглагчид онцлон тэмдэглэж байгаа юм байна. Тэрхүү “онцлох цэг” нь ГУРАВДАГЧ хүчин гэж нэрлэж болох МАХН буюу Намбарын Энхбаяр.
Дараагийн сонгуулийн үр дүнд УИХ дахь хүчний харьцаа яг өнөөдрийн хэвээр хадгалагдах магадлал өндөр байгаа бөгөөд ялгаа нь гэвэл давуу эрх мэдэл Ардчилсан намаас МАН-д шилжиж болзошгүй дүр зураг цөөнгүй судалгааны үр дүн дээр давхцаж буй ажээ. Гэхдээ ийм шилжилт явагдах эсэхийг МАХН л шийднэ гэж тактик боловсруулагчид төсөөлж байна. Нэг үгээр хэлбэл, МАХН-тай аль эвсч чадсан нь илүү санал авна гэсэн үг юм. Тэгэхээр энэ удаагийн сонгуулийн өмнөх орчныг “Н.Энхбаяр үнэд орох цаг” гэж тодорхойлж болно.
Н.Энхбаярыг Засгийн газрын Шадар сайдад МАХН-аас санал болгож байгаагаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт албан бичгээр хүргүүлэхээс арай өмнөхөн МАН болон МАХН нэгдэж ажиллах ёстой гэдэг саналыг тус хоёр намын ахмад зүтгэлтнүүд намуудынхаа удирдлагад бичгээр хүргүүлсэн юм.
Энэ санал тун зөв зүйтэй, хоёр нам эргээд нэгдэж нийлэх талаар яриа хэлэлцээ эхлүүлье гэдэг хариуг МАН-ын дарга М.Энхболд ч тэр, МАХН-ын дарга Н.Энхбаяр ч тэр уриалгахан өгчээ. Засгийн газарт хамтарч байгаа Ардчилсан намыг айлгах, “аятайхан байхгүй бол бид МАН-тай нэгдэж бас болохюм” гэсэн дохиог өгөхийн тулд зориуд дэглэсэн арга хэмжээ гэж улстөр сонирхогчид харж байв.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.